Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно

🕔 2018/06/07 13:10

Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан саналын дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв. Ийнхүү хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулсны дараа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон гэх шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлийг бүртгэх асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзжээ.

Түүнчлэн гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсын харъяат болон тус улсад оршин суугаа харъяалалгүй хүүхдийг үрчлэн авах асуудал, үрчлэн авах журмын зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах тул тус хуулийн төслөөс хасч, хууль хоорондын уялдааг хангах нь зүйтэй хэмээн үзжээ. Иргэн овог, эцэг, эхийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна. Мөн оршин суух хаяггүй иргэний хүсэлт, хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн хэсэгт иргэний байнга, түр оршин суух зохицуулалтыг тусгах, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн хэсэгт иргэний байнга оршин суугаа газрын үл хөдлөх хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэний улсын бүртгэлийн хаягийн бүртгэлд өөрчлөлт оруулах зохицуулалтыг тусгах, төслийн дагаж мөрдөх хугацааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй 19 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

М.Энхээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!