Х.Баттулга: Самбо бөх нь монгол хүний бие бялдар, сэтгэхүйд тохирсон спорт

🕔 2018/05/12 18:34

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад гурав дахь удаагаа зохиогдож буй Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээний нээлтэд оролцож багш, дасгалжуулагч, тамирчдад амжилт хүслээ.

Х.Баттулга: Самбо бөх нь монгол хүний бие бялдар, сэтгэхүйд тохирсон спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж:

 

"Тамирчид, дасгалжуулагчид аа

Спортын зүтгэлтнүүд ээ

Анх нөхөд өө.

 

Та бүхэнд Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн мэндийг хүргэе.

 

Улаанбаатар хотод 25 дахь удаагийн Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаад самбочины хувьд, спортын зүтгэлтний хувьд би туйлаас баяртай байна.

 

Самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд 21 жилийн дараа тивийн шилдэг самбочид хүч чадал, авхаалж самбаагаа сорихоор хуран цугларсанд баяртай байна.

 

Бага наснаасаа самбо бөхөөр хичээллэж тодорхой амжилтанд хүрсэн хүний хувьд энэ спорт надад ихийг өгсөн гэж талархаж явдаг. Мөн багш нартаа талархаж, баярлаж явдаг. Спортын талбарт төдийгүй амьдрал, бизнес, улс төрд бэрхшээлийг давж гарах тэвчээр, өрсөлдөгчөө ялан дийлэх ухаан, бие бялдрын болон оюун санааны итгэлийг надад самбо бөхөөс авсан дадал зуршил, хүмүүжил өгч байсан.

 

Самбо бөх нь монгол хүний бие бялдар, сэтгэхүйд ихэд тохирсон, амжилт гаргах өргөн боломжтой спортын төрөл бөгөөд залуу үед бие бялдрын хүмүүжил, ёс суртахууны төлөвшил, өөртөө итгэх итгэл, ялалтын төлөө тэмцэх тэвчээр, зүтгэлийг олгодог спорт юм.

 

Энэ спорттой холбоотой, самбо бөхийн дэлхийн аварга, дэлхийн цомын аварга болж байсан хүний хувьд миний зүгээс самбо бөхийн спортыг хөгжүүлэх, эх орондоо олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнийг зохион байгуулахыг дэмжин ажиллаж байсан, ажиллаж байгаа, цаашид ч дэмжих болно.

 

Та бүхэнд спортын өндөр амжилт ерөөе.

Шударга өрсөлдөж, уран гоё барилдаанаар үзэгч олноо баясгаарай.

Баярлалаа та бүхэнд” гэсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээний ёслолын ажиллагаа албан ёсоор нээж байгааг мэдэгдэж харанга цохив.

 

 

Өнөөдрийг хүртэл самбо бөхийн дэлхийн аварга 37 төрсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөгөөд тэрбээр 1983 онд Украины Киев хотод болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн юм. Мөн 1986 болон 1990 онд Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ төрлөөс 37 дэлхийн аварга төрсөн нь Монгол Улсад хөгжиж байгаа спортын бүх төрлөөс хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 52 тамирчин, дасгалжуулагч энэ спортоос гавьяат цол хүртэж байжээ. Монголын самбочид 1973 оноос тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байгаа бөгөөд тив, дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнээс 57 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль авсан байдаг байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!