Монголын геополитикийн хувь заяа-2

🕔 2018/03/12 09:52
 
 

Монголын геополитикийн хувь заяа-2

 

XXI зууны төлөв

Олон улсын харилцааны нэг хүчтэй туйл (хуучин СССР) задарч, мондиализмын геополитик (Pax Americana) ялсан нь шинэ шинэ асуудлыг дэвшүүлэн тавив. Дэлхий нийтээрээ даяаршлагдан неомондиализмын их орон зай руу орж явчих уу? Хэрэв тэгвэл мондиалист үзэл баримтлалд аливаа улс үндэстний төрийн тусгаар тогтнол ба улс төрийн үнэмлэхүй бүрэн эрхийг үгүйсгэдэг.


Дэлхий дахинаа Хятадыг олон талаас нь судлах явдал эрс нэмэгдсэн

Жижиг орнуудын үндэсний эрх ашиг нь их орон зайдаа хүссэн хүсээгүй захирагдах хувилбар бодитой юм. Манай Монгол шиг уудам нутаг дэвсгэртэй, түүнийгээ зөвхөн өөрийн хүчээр харж хямгадах бололцоогүй жижиг буурай орон геополитикийн өвөрмөц байршил, түүний давуу тал дээр хэрхэн зөв тоглох, олон улсын тавцанд даяаршлын шинэ эринд өөрийгөө хэр зэрэг авч явахаас хувь заяа маань шийдэгдэх болж байна.

Монгол мэтийн өмнө нь олон арван жил (70 жил) нэг их орон зайд бусад их гүрний дагуул болж явсан улсын хувьд нутаг дэвсгэрээрээ хамрагдан орох хоёр хувилбар XXI зуунд тулгарч байна. Энэ нь:

  1. Атлантистуудын удирдлагаар их орон зайн нэгдсэн интеграцид нэгдэх
  2. Эсвэл Пакс-Американаг сөрж чадахуйц өөр нэг нэгдсэн шинэ орон зай үүсгэлцэж тэнд интеграцчилагдах хувилбар.

Дэлхийн шинэ дэг журамд хөл нийцүүлэн нэгдмэл засгийн газрын дор үндэсний бүрэн эрхт байдлаа орхигдуулах уу, эсвэл түүнийг сөрсөн, одоогоор хэлж мэдэхгүй ямар нэг шинэ орон зайн эвсэлд улс орноо барьж өгөх үү гэдэг хоёрхон асуултыг энд тулгаж тавьж байна.

Энд геополитикийн бүрэн эрхт байдлын тухай яриа байж таарахгүй, тэгэх нөхцөл ч алга. Харилцан хамаарал-мэдээлэл- технологи-либерал ардчилал-зах зээлийн эрин үед (шинэ зуун ба шинэ мянганд) дэлхийн аливаа улс орны нутаг дэвсгэр нэг бол неомондиализмд захирагдах, эсвэл түүнийг сөрөн гарч ирэх ирээдүйн шинэ орон зайд захирагдах хоёрхон хувилбараас өөрийг дэлхийд дэвшүүлээгүй байна. Азид эдүгээ геополитикийн дараах хүчтэй төвүүд зэрэгцэн оршиж байна:

  1.  Евразийн буюу Оросын (манай умард хөрш)
  2.  Хятадын- (манай өмнөд хөрш)
  3.  Энэтхэгийн буюу хинду соёл иргэншлийн
  4.  Ираны буюу исламын
  5.  Туркийн буюу атлантист исламын
  6.  Арабын ертөнц гэх мэт.

Эдгээрийн дотроос манайд шууд хамаатай нь болох Орос, Хятадын геополитикийн тухайд авч үзвэл, СССР-ийн үед М.Горбачевын өөрчлөн байгуулалт, улс төрийн шинэ сэтгэлгээгээр мондиалист загвараар Евразийн шинэ эвслийн гүрэн байгуулахыг зориод нурсан. Дэлхийн нэгдмэл нэг орон зайд Орос гүрнийг зөв байршуулах гээд тийм эмгэнэлд хүрсэн түүх хуучраагүй байна.


 Мондиалист загвараар Евразийн шинэ эвсэл байгуулж чадаагүй

Дараа нь ТУХН гэгч эвслийг байгуулж, Оросыг тойруулсан "ариун цэврийн бүс” байгуулсан нь эдүгээ олон жигүүрээрээ сэтэрч байна. Москва-Бээжин-Делийн стратегийн гурвалжин, ШХАБ, Евразийн Эдийн засгийн холбоо, БРИКС гэхчлэн Оросыг тойрсон стратегийн бүрхүүл хавчуурга үүсгэх олон санаачилга нь түүхий байна. Тэгвэл Хятадын хувьд өөр юм. Саяхны түүх.

Энэ гүрэн өөрийгөө зөв төсөөлж тодорхойлж байгаагүй, тийм ойлголт өгч ирээгүйгээс бүх юм эхлэлтэй. Хятад улс гэж чухам ямар орон бэ гэдгийг тогтоох нь чухал гэж Дэн Сяопин 1984 онд айлдсан нь үнэний мөрөөр замная гэсэн уриа гэж үзүүштэй. Тэрээр хэлэхдээ, Хятад бол том орон боловч бас жижиг улс юм.

Хүн ам, газар нутгийнхаа хувьд том орон, харин Хятад нь хөгжиж буй орон бөгөөд бас харьцангуй ядуу учраас жижиг улс юм гэсэн түүний үг энэ гүрний геополитикийг хөгжилтэй нь хамтруулаад хятад маягаар хэлчих шиг болсон. Өөрөөр хэлбэл, тодорхой юм алга. Дэн Сяопиний онолоос ургуулан тус орны дөрвөн онцлогийг: 

  1.  Хятад нь том, бага улсын аль алины шинжийг агуулсан
  2.  Хятад нь жижиг улс боловч олон улсын тавцан дээрх байр суурь нь бас бага биш
  3.  Хятад нь хөгжиж буй орон бөгөөд энэ нь Хятад улс социализмын анхан шатанд байгаатай холбоотой
  4.  Хятадын том, жижиг улсын шинж нь хоорондоо харилцан уусч байгаа

Хятад орон хурдан хөгжиж, тэргүүний технологи, соёлтой, баян орон болох замдаа байгаа гэж тодорхойлж ч болохоор байв. Социализмын анхан шатанд байгаа, хөгжиж урагшилж байгаа гэдгээс өөрөөр энэ орны хэтийн төлөвийг урьдчилан харах боломж саяхан болтол алга байсан.

Гэхдээ ч Хятадыг оролцуулсан ирээдүйн нэг том орон зай атлантизмыг сөрөн дэлхий дээр зогсоно гэж битүүхэндээ төсөөлөгдсөн. Евразийн орон зайд улс орнуудын геополитикийн чиг баримжааг тооцвол гурав ангилж болох: 

  1.  Атлантизмын эсрэг дэглэм ба түүний геополитик
  2.  Атлантизмын тал баримтлагч дэглэм, тэдгээрийн геополитик
  3.  Геополитикийн чиг баримжаа нь тодорхой бус хэмээнэ. 

Энэ ангиллаар Азийнхны сонголтыг төсөөлж бас болно.

  1. Азид илэрхий, эсвэл харьцангуй атлантист чиглэлтэй бодлого явуулж буй орны тоонд хоёр талын харилцаагаар нь авч үзвэл: Япон, Өмнөд Солонгос, Монгол, Филиппин, Тайланд, Тайвань, Сингапур, Пакистан, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Тажикистан, Израиль, Турк Саудын Арав, Кувейт, Эмират, Катар, Оман, Бахрейн, Египет (нутаг дэвсгэр нь хамаатай) гэх мэт.
  2. Атлантизмын эсрэг илэрхий Мондиалист загвараар Евразийн шинэ эвсэл байгуулж чадаагүй Дэлхий дахинаа Хятадыг олон талаас нь судлах явдал эрс нэмэгдсэн тэмцэгч дэглэмд: Иран, БНАСАУ
  3. Тодорхойгүй геополитик явуулж буй дэглэмүүд нь: Хятад, Зүүн өмнөд Азийн зарим улс, Өмнөд Азийн зарим улс, Арабын зарим орныг тооцож болно.
  4. Ирээдүйд атлантист чиглэл рүү орох магадлалтай гэдэгт: Орос, Энэтхэг, Вьетнам, Лаос, Камбож, Индонез, Афганистан, Ирак,, Дорнод Тиморыг нэрлэж болох юм. Ийм алаг цоог, олон янз байдлаас нэгдсэн дүгнэлт гарахгүй болов уу.

Исламын ертөнцийн хүрээнд нэгдэж нягтраад атлантизмыг сөрөх магадлал бага. Үзэл суртлын айхтар өнгө аястай, мухар сүсэгтэйгээ тэр нь нийлбэл дэлхийд нөлөөлөх (үймүүлэх) хэмжээнд очиж болно. Гэхдээ л нэгдмэл нэг орон зайд бус, дотроо дараах байдлаар гурав хуваагдах нь илүү бодитой юм. Үүнд: 

  1.  Эх тивийн, исламын, хэт хувьсгалчирхаг Иран
  2.  Атлантист, гэгээрэнгүй буюу секуляр, гэхдээ үндсэрхэг Турк
  3.  Арабын, тэгэхдээ Саудын теократ исламын хувилбар

Энэ гурав бол Азийнхны хувьд ирээдүйн эвслийн хүрээнд геополитикийн интеграцид орж болох боломжийн гурван орон зай юм. Америкийн профессор З.Бжезинскийн санал болгодог байсан геополитикийн шинэ хувилбар (Zbigniew Brzezinski. A Geostrategy for Eurasia, Foreign Affairs, 1997, September/ October) дахь хоёр орон зай болох:

1. ОХУ нь суларсаар, геополитикийн орон зай хумигдсаар "Confederated Russia” гэсэн гурван хэсэгт хуваагдсан Холбооны улсуудын Холбооны шинэ улс болох

а. Европын хэсгийн Орос
б. Сибирийн БНУ
в. Алс Дорнодын БНУ

2. Хятадын нөлөөний хүрээ тэлсээр "Их Хятадын” орон зай үүсэх (Монголы оролцуулсан, хил дагуух нийт 20 улс)гэгчийг исламын гурван орон зай дээр нэмбэл Азийн эх тивийн тухайд 20- 30 жилийн нэгэн бүрхэг төсөөлөл гарч ирж байна.

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Атлантизм, глобалчлал, неомондиализмд нэгдэхийг үл дурлагчид, АНУ-ын дэлхийн шинэ дэг журмаар явахыг үл хүсэгчдэд ирээдүйд сонголт байна уу гэсэн асуудал юуны өмнө чухлаар тавигдана.


З.Бжезинскийн ирээдүйн 20 жилд Евразид, минийхээр бол манай эх оронд хамгийн хамаатай тэр бүс нутагт асар их, тэгэхдээ хэн ч төсөөлөмгүй хувьсал гарах юм байна. Түүний прогнозоор бол: өнөөгийн Орос гүрэн суларсаар, геополитикийн орон зайгаа хумиулсаар, нэг мэдэхнээ гурван хэсэгт хуваагдаж Confederated Russia буюу миний орчуулгаар бол "Холбооны улсуудаас бүрдэх Орос” гэсэн нэртэй болох ажээ.

Умард хөршийн маань хэтийн төлөвийг Вашингтоны албан бус призмээр харж байгаа нь энэ биз ээ. ОХУ-ыг өнөөдөр federation хэмээн төр улсынх нь оршин буй хэлбэрийг нэрлэж буй бол confederation гэсэн шинэ нэр томъёо гарч ирж байна. Утгачилбал ирээдүйн холбоот Орос улсад субъектууд нь илүү их автономит эрхтэй байх тухай ярьж буй хэрэг байх. Хятад нь Төв Ази-Каспийн эрчим хүчний нөөцийг сонирхож байгаагаараа Евразийг дамнуулсан геополитикийн сонирхлоо давхар илтгэж буй хэрэг.


Зүүн Ази болон Төв Азид АНУ-ын (барууны) сонирхолтой Хятадынх залгагдах, ингэснээр Евразийн геополитикийн шинэ маягийн тэнхлэг үүсэх тухай прогноз бол оргүй зүйл биш бололтой. Ийм орон зай дээр давамгайлах "Их Хятад” гэгчийг Бзежинский газрын зураг дээр урьдчилан буулгажээ. Түүнийхээр бол Евразийн улс төрийн карт дээр нөлөөний хүрээний гурван том цагариг үүсэх аж.  Энэ нь: 

  1. "Их Хятадын”,
  2. АНУ-Японы,
  3. Атлантист Европ (Атлантын далайн хоёр эргийн харилцааг шүтсэн гэсэн санаа) гэсэн цагариг байх ба Холбооны улсууд бүхий Орос, Ойрх Дорнодын Арабын орнууд цагаригуудын гадна гарчихаж байна.

Мондиалист загвараар Евразийн шинэ эвсэл байгуулж чадаагүй "Их Хятадын” орон зай гэдэгт: өнөөгийн БНХАУ, Солонгосын хойг бүхэлдээ, Монгол, Пакистан, Афганистан, Казахстаны ихэнх хэсэг, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Балба, Бутан, Бирм, Таиланд, Малайз, Сингапур, Вьетнам, Лаос, Камбож, Тайвань оржээ. Азид Япон, Филиппин, Энэтхэг, Индонез, Иран, Персийн буланг эс тооцвол Хятадын хараа хяналтын гадна үлдэх бүс нутаг дэндүү бага мэт дүрслэгдэж байна.


Гэхдээ энд жагсаасан хэдхэн улс бол "исламын”, ”хиндy”, "барууны” иргэншлүүдэд харьяалагдаж байгаагийн хувьд соёл иргэншил хоорондын зөрчлийн тэргүүн шугам болж үлдэнэ. Энд би тусгаар улсынх нь хувьд шууд нэрлэхгүй байна. Монголын тухайд хил залгаа, хамгийн боломжийн интеграц гэдгийн хувьд З.Бжезинский нэгэнтээ "Их Хятадын” нөлөөний хүрээ байхыг санал болгосон (тэрээр өөр хувилбарыг олж хараагүй), дээр бичсэн исламын гурван орон зай биднээс дэндүү хол бөгөөд бид ч бас тэднийг тэгтлээ хүсээгүй.

Харин Монголын хувь заяаг хоёр их хөршид нь даатган орхиж, тэр нь яваандаа гурвалсан харилцаа болж өргөжин, улмаар "Шанхайн-5” мэтийн бүс нутгийн явцуу эвсэлд элссэн тохиолдолд Монгол Улсад өөр хувилбар огтоос байхгүй байж мэднэ. Тэр үед бид гурвалсан харилцаагаар дамжин "Их Хятадын” орон зайн нөлөөний хүрээнд өөрийн мэдэлгүй татагдан орж болох эцсийн хувилбар байхыг үгүйсгэмгүй.

Атлантизмын бодлого Орос, Хятад хоёр дээр ихээхэн болгоомжтой, эмзэг хандаж буй бодит байдлаас би ургуулан сөргөөр таамаглаж байна. Манай улсын оршин буй бүс нутагт Пакс-Американаг сөрөн гарч ирэх шинэ туйл үүсэх тухайд ямагт баргар дүр зураг эндээс төсөөлөгдөж байна. Хятадын тухайд ийм прогноз өөрсдөө хийсэн нь үгүй, дэлхий дахинаа Хятадыг олон талаас нь судлан оношлох явдал эрс нэмэгдсэн, одоогоор ирээдүйн Хятадыг үнэн зөвөөр төсөөлснийг ялгаж салгах, нягтлах боломжгүй тул ОХУ-ынх шиг ямар нэг таамаглал дэвшүүлэх аргагүй юм.


Олхонуд Баярхүү

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!