Төрийн сүлдтэй индрээс хэлэх үгэнд цензур тогтооё

🕔 2018/01/10 11:55

Монголчууд өвдөг тохой цоорхой хувцас өмсдөггүй. Өглөөний цайгаа аяга дүүргэн уувал өдрийн жаргал дүүрэн байдаг гэж сүсэглэдэг тэгш дүүрэн бэлгэдэлтэй ард түмэн. Тэр ч утгаараа Монгол хэмээх туурга тусгаар улс хийгээд  түүний эд эс нь болж "бүтэн” болгож буй Монголын ард түмний хувь заяа өндөр дээд байхын бат илэрхийлэл нь  алтан соёмбот төрийн сүлд гэж дээдэлдэг  билээ. Эцэг өвгөд, эдүгээ цагт ч  залбирч мөргөсөөр ирсний учир утга нь төрийн сүлд бол монголчуудын сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн дээд хязгаар гэж хэлж болно.

 

Тиймээс Төрийн ордонд, төрийн сүлднийхээ дэргэд хэн юу ярьж, ямар үйлдэл хийхээ бодмоор цаг үе иржээ. Зүйрлэвэл, монгол эр хүний  бүс, малгай тэргүүтнийг газар тавьдаггүй.  Тэр бүү хэл эрэгтэй хүнээр хог хаяулбал өрхийн тэргүүний  хийморь лундаа муудна гэж сүсэглэж ирсэн. Гэтэл өнөөдөр улсын чухал үйл хэрэг, ард түмнийхээ аж амьдралыг хэлэлцдэг Төрийн ордон дахь  алтан соёмбот  индэр дээрээс хүчингийн хэргийн талаарх  мэдээллийг санаа зовсон янзгүй хийж, харааж, хэрэлдэцгээж буйг бэлхнээ хардаг боллоо.

 

УИХ-ын  гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсоныхоо дараахан Төрийн ордонд, төрийн сүлдэт индэр дээрээс мэдэгдэл хийж байв. Мөн Ерөнхий сайд  У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат  нарын  УИХ-ын чуулганы танхимд өрнөсөн гудамжны хэрүүл, Их хурлын эмэгтэй гишүүн хуралдааны танхимд суудлаа олохгүй гуйвж дайвж явсан, бохь зажилж, боорцог идсэн.  Энэ мэтээр Их хурлын гишүүдийн ёсзүйгүй, увайгүй үйлдэл олширч,  сүүлдээ олон нийт дөжрөх янзтай.

 

2017.07.06  УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хүчингийн хэрэгт холбогдсон талаар тайлбар хийв. Тэрээр "Хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. Шүүхийн дүгнэлтээр хэргийг хэрэгсэх болгож, үндэслэлгүй гэж үзсэн. Прокурорын байгууллагаас мэдээлэл авах гэсэн боловч өргөдөл өгсөн хүмүүст тайлбар өгөх хуулийн заалттай юм байна лээ. Х.Баттулгын оффшор дансны талаарх мэдээллийг дэлгэсэнтэй зэрэгцээд надтай холбоотой мэдээлэл Ардчилсан намын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь илэрхий улс төрийн зорилготой гэж харагдаж байна.  Энэ бол шантааж. Би хэн нэгэнд мөнгө өгөх нь бүү хэл, өөрөө орон сууцгүй амьдарч байгаа хүн.Тухайн үед  зургадугаар сарын 11-ний орой "Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт байсан. Маргааш өглөө нь би шууд гараад явсан” гэсэн юм.

 

2017.11.02  Ж.Мөнхбат: У.Хүрэлсүхийн Засгийн газрын эмзэг цэг нь Сангийн сайд нь болчихлоо.Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ?

 

У.Хүрэлсүх: Чамаар заалгах юм уу, Чи дуугүй бай. Солиороод байгаарай чи.

 

Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна. Чи харин өөрөө солиор.

 

У.Хүрэлсүх: Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай

 

Ж.Мөнхбат: Чи хаан юмуу, заан юмуу. Чи Ерөнхий сайд болоод. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?

 

У.Хүрэлсүх: Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн, уусан бүх юмыг чинь дэлгэнээ.

 

Ж. Мөнхбат: Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ?

 

У.Хүрэлсүх: Чамайг казинод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин минь.

 

Ж.Мөнхбат: Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж… гэх мэтээр дуудалцаж байсан цаг саяхан.

 

Эндээс харахад Төрийн ордон, төрийн сүлдтэй индэр дээр хүчингийн хэрэг, бандааш ярьж, хараал хэлж хөлчүүрхэж буй  нь Монгол төрийн сүр сүлдийг  гутааж байна гэж үзэж болхоор юм. Нэг ёсондоо улс үндэстнээрээ сүсэглэж, дээдэлж ирсэн төрийн сүлдэн дээр "гишгэлж”,  төрт улсаа  хүндлэхгүй нулимж байгаа нь  өнөөгийн монголчууд бидний эв түнжингүй, улс орон эмх цэгцгүй, иргэд нь идэж уухын төлөө төрсөн мэт дүр зураг буюу  сүр сүлд, хийморь лундаа гутаж байж мэдэх юм. Гэвч эрдэмтэн мэргэд "их мэдэгчид” хэн ч үл дуугарч байна.

 

Шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын сүлдэнд ургах нарны зүг давхиж буй морьтой хүн байсан ч морь нь цуцаж зогсох гэж байгаа юм шиг гэж шүүмжилсээр  одоогийн сүлдээр сольсон гэх яриа бий. АИХ-ын төлөөлөгчид  олон өдөр маргаж мэтгэлцэж байж одоогийн төрийн сүлдийг бүтээсэн гэдэг. Тэр үед төлөөлөгчдийн дундаас "Манай сонгогчид заавал сүлдэндээ морио залаарай гэж захисан” гэж байжээ. Мөн зарим нь цагаан шонхор шувуу оруулна гэх зэргээр  олон хувилбар яригдаж байсан гэдэг. Эндээс харахад хүн бүр улс орныхоо бэлгэдэлд анхаарал хандуулж, саналаа хэлж ямар их хүч хөдөлмөр, оюун ухаан зарцуулсан нь илт. Гагцхүү төрийн сүлдээ сэвтээхгүйн тулд юу хийх, ямар хууль журмаа чангатгах зэргээр нухацтай бодох цаг нэгэнт бий болжээ.  Тиймээс төрийн сүлдээ эрхэмлэн, дээдлэхийн тулд Их хурлын индэр дээрээс хэн, юу ярих ёстойг цензурдэх цаг болсон байна. Ингэхийн тулд Их хурлын гишүүд, төрийн албанд тангараг өргөсөн хүмүүс Төрийн ордонд, төрийн сүлдтэй индэр дээр юу ярьж болох, болохгүйг Дэгийн тухай хуульд нарийвчлан тусгаж өгч болно. УИХ, Засгийн газрын шийдвэр зэрэг улс орны эрх ашиг, ард түмэнд хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг л ярих эрх олгох хэрэгтэй. Түүнчлэн Төрийн ордон чуулганы танхимд яригддаг болсон хувийн чанартай хараал, заналхийлэл "хар яриа”-ны үг хэллэгийг цэгцлэхэд буруудах зүйлгүй.

 

Төрийн сүлдний утга учир бэлгэдлийг Үндсэн хуулийн  Арванхоёрдугаар зүйлд,

 

  1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
  2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
  3. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна хэмээжээ.

 

Төрийн түшээд  онцгой эрх, давуу мэдэлтэй ч  түүнээсээ хэд дахин илүү хариуцлага үүрэх учиртай хүмүүс. Ялангуяа, олон түмний итгэлийг тээж сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд хариуцлага алдах эрх үгүй. Тэдэнд нэр хугарахаар яс хугар гэсэн мэргэн үг илүү зохино.

 

Гэвч бүрэн эрхийнхээ дөнгөж эхний жилдээ л нэр нь сэвтэж эхэлсэн  гишүүд цөөнгүй байна. Хөндлөнгөөс харахад хувь хүний асуудал  мэт боловч нэрийнх нь өмнө Монгол Улсын Их Хурлын гишүүн гэх тодотгол бичигдэж  буй нөхцөлд тэд сонгогчдоо төлөөлсөн төрийн түшээ юм. Хэдийгээр УИХ-ын гишүүний онцгой эрхээр халхавчилсан ч   муу нэрийг хусавч арилахгүй гэх үг бий. Төрийн түшээдийн дунд Төрийн ордонд хурал, зөвлөгөөний үеэр сонгогчдоо үл хүндэтгэн согтуурхаж, бохь зажилж, боорцог идсэн "жижиг сажиг” асуудал бий ч тарьсан балаг нь газар авч хүрээгээ тэлсэн нь  олон. Заримыг нь Их хурлаас эгүүлэн татах хүртэл тэмцэл өрнөж буй. Үүнд  хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон, Хэнтий аймгаас сонгогдсон  Их хурлын хамгийн залуу гишүүн Д.Гантулга. Мөн  Их хурлын сонгууль бүрээр Дундговь аймгаас төрийн сэнтийд залардаг ч хурал цуглаан хууль батлахад оролцдоггүй гэдгээрээ  нэрээ дархалсан УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Түүнийг зарим нэг дуулиантай томилгоо, найз нөхдийнх нь асуудлыг хэлэлцэх үеэс бусдаар  Төрийн ордонд харсан хүн бараг үгүй байх. Тиймдээ ч жил бүр 76 гишүүдийн "хамгийн”-аар тодордог. Энэ байдалдаа ер санаа зовдоггүйг олон нийт шүүмжилсээр өдий хүрлээ.

 

Сүүлийн үед Баян-Өлгий аймгийнхныг төрд төлөөлж буй УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой дуулиан тасрахгүй байна. Түүнийг эмэгтэй хүн дарамталсан, гар хүрсэн зэрэг  ёс зүйгүй үйлдэл хуулийн байгууллагаар шалгагдаж байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

 

Харин дараагийн нэр нь сэвтсэн гишүүн бол Эрдэнэтийн ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон ч хөсөрдүүлсэн нэр нь илүү тодорч яваа УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Түүний үйлдэл илүү ноцтой. Хэн ч биш байсан түүнийг хоёр ч удаа төрийн зөөлөн сэнтийд залж, гишүүн болгосон намаа бусдад худалдахаар зэхэж буй гэмтэй. Намаа дотроос нь хагалан бутаргахын тулд Их хурал гээчийг зохион байгуулж хууль зөрчсөн цөөнгүй үйлдлээр нь  АТГ-т шалгуулж байгааг залуу хуульчид хэлж буй юм.

 

Тиймээс өндөр төрийн босгыг уландаа гишгэсэн дээрх гишүүдэд ёс зүй, хариуцлага ярих цаг болжээ. Ялангуяа, төрийн сүлдтэй индрээс хэлэх үгэнд нь цензур тогтоох цаг болсон байна.

 

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!