Төрийн албан хаагчдын 300 мянган төгрөгийг өгөхөд бэлэн болжээ
Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа "сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал” олгож байгаа билээ. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүх албан хаагчдад 300 мянган төгрөгийг олгож эхлэхэд бэлэн болжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Ж.Алтантуяагаас тодрууллаа.
-Засгийн газраас олгож байгаа сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал болох 300 мянган төгрөгийг хэзээнээс олгох вэ?
-Засгийн газар дээр яригдаад баталгаажчихсан. Энэ сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл гарсан байгаа. Энэ сардаа багтааж олгоно гээд заачихсан. Дэлгэрэнгүйг нь Сангийн яамнаас лавлаж тодруулсан нь зөв байх.
–Төрийн өндөр албан тушаалтан болон шүүгч, прокуророор бусад бүх албан хаагчдад олгоно гэсэн. Яг хэдэн хүнд, хэчнээн хүн байна вэ?
-Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдээгээр 2016 онд 188 мянган төрийн албан хаагч байдаг гэсэн тоо манайд ирсэн. Үүнээс төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор гээд 1200 орчим хүн хасагдана. Үлдсэн 187000 орчим албан хаагчийн сахилгын шийтгэл ногдоогүй хүмүүст олгоно. Нийт 55,4 тэрбум төгрөг олгохоор сангийн яаманд шилжүүлсэн.
-Ямар учраас сахилгын шийтгэл гэж заасан юм бэ? Бүгдэд нь эрх тэгш олгох боломж байхгүй юу?
-Сахилга хариуцлага, ажлын үр дүнг тооцон олгоно гэж заасан. Энэ хүрээнд ажлын алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл эдлэж байгаа хүмүүст олгохгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 26,6-т заасан үндэслэлийг хамруулж тооцно.
-Ямар нэг татаас, хураамж, татвар гэж авах уу. Албан хаагчид гомдолтой байх шиг байна?
-Төрийн албан хаагчид цалин олгодог журмаар тооцно. Хувь хүний орлогын албан татварын 11,1 нийгмийн даатгалын шимтгэлийн 32,1-т заасны дагуу заавал суутгаж авна. Яагаад гэвэл урамшуулал хэлбэрээр олгож байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулал, шагналын мөнгөнөөс шимтгэл төлнө гэж заасан. Энэ хуулийн хүрээнд явна.
-Хэзээнээс олгох вэ. Арилжааны банкуудаар тараагдах уу?
Цалинтай адилхан учраас төрийн албан хаагчид цалин авдаг арилжааны банкаараа дамжуулан авна. Яг хэзээнээс олгохыг нь Сангийн яам шийднэ. Манай яамаас хамааралтай бүх баримт бичиг, тооцоо судалгааг нь шилжүүлсэн. Ямар ч гэсэн арванхоёрдугаар сардаа багтааж олгоно.
Энэ мэдээллийн дагуу Сангийн яамны Зарлагын хэлтэс, төрийн сангийн хэлтэстэй холбогдож мэдээлэл авлаа.
Зарлагын хэлтсийн мэргэжилтнээс лавлахад "Манайхаас хувиар шилжүүлэлт хийчихсэн. Олголтыг Төрийн сангийн хэлтэс мэднэ. Дараагийн долоо хоногт багтаад олгоно” гэлээ. Харин тус яамны Төрийн сангийн хэлтсээс асуухад "Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуудаг бүх төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарт мөнгийг нь шилжүүлсэн. Хөдөө орон нутгийнхныг Аймаг, сумын Засаг дарга нарын дансанд орсон” гэж мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn