ЭЛСЭН ЦӨЛИЙН МАНГАС – ОЛГОЙ ХОРХОЙ

🕔 2017/12/12 16:48


«…Холоос харахад энэ амьтанд хөл, сарвуу, нүд, ам гэх юм байхгүй. Метр орчим урттай, бүдүүн хиам, эсвэл чихсэн олгойг санагдуулна. Сүүл толгой нь ч ялгагдахгүй. Ягаавтар элсэн дээр мушгиралдаж буй энэ сонин амьтныг харахад яагаад ч юм, дотор хүйт оргих ажээ». Энэ бол алдарт эрдэмтэн, говь судлаач, зохиолч Иван Ефремов элсэн цөлийн нууцлаг амьтны тухай бичсэн «Олгой-хорхой» өгүүллэгийн хэсэг.

Тухайн үед нь зөгнөлт зохиол мэтээр хүлээн авч байсан боловч Их Говийн гүнд эл нууцлаг амьтан амьдардаг гэдэгт монголчууд, тэр дундаа говийнхон эргэлздэггүй билээ.

Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар энэ амьтан үнэхээр олгойтой төстэй, улаан хүрэн өнгөтэй, 50 см -1,5 метр хүртэл урттай байдаг гэнэ. Бие нь 2 талдаа мухар тул толгой сүүлийг нь ялгахад нэн бэрх, шүд буюу нүд гэх юм харагдахгүй ч, биенийх нь 2 үзүүрт жижиг өргөс маягийн ургацагнууд байдаг гэнэ. Гэхдээ олгой хорхой онц аюултай тул хүрч барих бүү хэл ойртох ч боломжгүй. Энэ амьтан зайнаас алах чадвартай. Чухам яаж хөнөөдөг нь одоо хүртэл ойлгомжгүй. 1-рт: энэ мангас маш хүчтэй хороор шүршдэг байх, 2-рт: хүчтэй цахилгаан цэнэг ялгаруулдаг байх гэсэн 2 таамаглал бий. Бүр хоёуланг ч хэрэглэдэг байх гэж зарим судлаачид үздэг. Цөлийн амьдралд дасан зохицсон тэмээ мэтийн том амьтныг агшин зуур хөнөөдгийг бодоход олгой хорхойн өмнө хүнээс эхлээд бусад ямар ч амьтан хүч мөхөсдөх ажээ.

Олгой хорхой зуны хамгийн халуун 6-7-р сард ил гарч ан хийдэг. Бусад үед элсэн дор ичээндээ орно. Ичээний хугацаа ихтэйгээс хүмүүс нэг их олж хардаггүй байж болох юм. Чухам юугаар яаж хооллодог нь ч тодорхойгүй.

Алга болсон хайгуулын анги

Нэрт эрдэмтэн, жуулчин Николай Михайлович Пржевальский 19-р зууны 2-р хагаст Европчуудад олгой хорхойн тухай анх дуулгажээ. Дараа нь америкийн палеонтологич Рой Эндрюс «Эртний хүний мөрөөр» номондоо олгой хорхойн тухай нилээд тодорхой бичсэн юм. Тэрээр 1922 онд Америкийн сайн тоноглогдсон хайгуулын ангийг толгойлон Монголд 3 жил ажиллахдаа говь цөлийг нилээд нухацтай судалсан байна. Тэр үед Ерөнхий сайд байсан Жалханз хутагт Дамдинбазар түүнд олгой хорхой барьж ирэх даалгавар өгч байжээ. Ерөнхий сайд болон түүний хамтран зүтгэгчид олгой хорхойг хараагүй ч, байгаа гэдэгт нь итгэдэг байсан гэнэ. Гэвч Эндрюс олгой хорхойтой тааралдаагүй юм. Харин нутгийн ардуудаас олон тооны баримт цуглуулж бүхэл бүтэн ном бичих материалтай болжээ.

Харин америкийн өөр нэг эрдэмтэн А. Нисбет энэ нууцлаг амьтныг заавал барих зорилго тавьжээ. Тэрээр 1954 онд Монголын засгийн газраас зөвшөөрөл авч чадсан байна. Ингээд 2 жип машинтай цөл рүү гараад сураггүй алга болжээ. Монголын засгийн газраас томилсон эрлийн баг америкчуудыг говийн хамгийн зэлүүд бүсэд амь алдсан хэвтэхийг олжээ. Тэдний 5 нь дүүрэн шатахуунтай бүрэн бүтэн машиныхаа дэргэд, зургаа дахь нь арай зайтай амиа алдсан байлаа. Биенд нь хүйтэн болон галт зэвсгийн ямар ч шарх байсангүй, хоол хүнс, ундны усны нөөц хангалттай байжээ. Цогцоснууд удаан хугацаагаар наранд хэвтсэн учир үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй болсон байв. Эрдэмтдийн үхэл юунаас болов? Хэрэв тэд өвчнөөр юм уу, өөр шалтгаанаар амь алдсан бол захиа, зурвас үлдээмээр юм. Тэд санамсаргүй байж байгаад, гэнэт үхэлд өртсөн гэмээр харагдаж байсан гэнэ. Нисбетийн багийнхан үнэхээр олгой хорхойг илрүүлээд золиос нь болсон юм болов уу?

Олгой хорхойг олох, судлах зорилгоор 1990-ээд оны эхээр, мөн 1996 онд чехүүд, 2003 онд америкчууд нэр хүндтэй эрдэмтдээс бүрдсэн хайгуулын ангийг тус тус зохион байгуулсан байна. Эдгээр эрдэмтэд олгой хорхойтой тааралдаагүй ч, олж авсан мэдээллээ нарийвчлан шинжилж үзээд олгой хорхой нь шинжлэх ухаанд мэдэгдээгүй үлдсэн бодит амьтан байна гэсэн дүгнэлтэнд бие биеэсээ хамааралгүйгээр хүрчээ.

Дэлхийн бусад эрдэмтэд ямар бодолтой байна?

Тэд нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна. Зарим нь үлгэр домгийн амьтан гэж үздэг. Харин зарим нь энэ хачирхалтай, онц аюултай хорхой оршин байж болох үндэслэлийг янз бүрээр тайлбарласаар байна. Жишээ нь, амьтан судлаач Жон Л. Клаудси-Томпсон: олгой-хорхой бол золиосоо үлэмж хүчтэй хороор "харвадаг” могойн төрөл гэж үзэж байна. Харин Францын криптозоологч Мишель Райналь болон Чехийн эрдэмтэн Ярослав Марес нар хувьслын явцад хөл, сарвуугүй болсон хэвлээр явагчид Монголын говьд амьдарсаар байна гэжээ. Манай нэрт эрдэмтэн, зохиолч, амьтан судлаач Дондогийн Цэвэгмид гуай элсний олгой хорхой 2 төрөл бий гэж үзэж байжээ.

Эрт орой хэзээ нэгэн цагт амьд эсвэл үхсэн олгой хорхой эрдэмтдийн гарт орсон үед л энэ бүхний учир тайлагдах байх даа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!