Урагш нь чирэхгүй ч уйдаахгүй Ерөнхийлөгчтэй, бид

🕔 2017/11/29 11:49

Урагш нь чирэхгүй ч уйдаахгүй Ерөнхийлөгчтэй, бид

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт бас нэгэн цочир мэдэгдлийг хийв. Тэрээр "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулахад олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр "Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон болон балмад хэрцгий аллагын гэмт хэрэгтцаазын ялыг сэргээн хэрэглэнэ. Энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлсэн этгээдэд Ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацаандаа ямар ч тохиолдолд уучлал үзүүлэхгүй” гэв.(Цаазын ял сонссон этгээдэд уучлал үзүүлэх нь МУ-ын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд цаазын ялыг хорих ялын дээд хэмжээгээр сольдог) Мөн цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс, Монголын парламент олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цаазын ялыг халсан явдал, түүний төлөө гаргасан хүчин чармайлт талаар болох нь.

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа (2010 оноосцаазын ялд маратори зарлаж, шүүхээс цаазын ял оноосон тохиолдолд цаазын тогтоолд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн. Хоёр жилийн дараа Монгол Улс цаазын ялаас татгалзах тухай Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын II нэмэлт протоколд нэгдэж, 2015 оны арванхоёрдугаар сард УИХ Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулан хуулийн зүйл ангиас цаазын ялыг хассан байдаг. Үүнээс хойш хоёр жил өнгөрөөгүй байхад ардчилсан хүчний шинэ Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээн хэрэглэнэ гэдгээ зарлав. Гээд хэнд гомдох вэ, хүртэх ёстойгоо л хүртэж байгаа юм хойно.

Бид юуг сонгосон бэ гэж үү?

Яг үнэндээ бол бид шинэ Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар үг дуугарах эрхгүй хүмүүс. Угаасаа бид ямар нэг бодлогыг бус Х.Баттулга гэдэг хувь хүнийг л сонгосон. Хэдийгээр АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч боловч АН ч гэсэн түүний ард байхгүй. 2017 оны долдугаар сард Монголын сонгуулийн насны иргэдийн 30 хувь нь (хоёр дахь шатны санал хураалтад оролцсон сонгогчдын 53 хувьтүүнийг Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчөөр сонгосон. Ингэхдээ Х.Баттулга гэдэг хүний дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг бус, түүний багийг л сонгосон шүү дээ. Одоо нэг нь "лайв”-аа хийгээд, нөгөө нь эфиртээ сууж байгаа нь харин ч бидний аз. АН-ынхан нэр дэвшигчийнхээ ард ганцхан удаа нэгдсэн нь Сүхийн талбай дээр болсон сонгуулийн сурталчилгааны хаалт. Тэр үед Х.Баттулга "Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг.. эд бүгд миний баг юм аа” гэж хэлж байсан. Одоо түүний дэргэд Тамгын газрынх нь даргаас өөр хүн алга. Тиймээс энэ хүнээс монголчууд ямар нэг ул суурьтай бодлого, бодит үйл хэргийг шаардах учир шалтгаан угаас байхгүй. Гол нь тэр хүн бүрэн эрхийнхээ хугацаанд ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй өөрийгөө мартуулахгүй байх нь чухал. Урагш нь чирэхгүй ч уйдуулахгүй...         

Оффшорыг "оршуулсан” 49 хоног

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авсанаас хойш манай хүний хамгийн анх барьж авсан зүйл нь "оффшорыг оруулж ирэх явдал. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүдийг оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор татахыг уриалж, атвар болон хууль хяналтын байгууллагаас нуусан мөнгөө заасан хугацаанд Монголын банкууд руу оруулж ирэхгүй бол хөрөнгө мөнгө болон эзэмшигчдийг илчилж, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн билээ. Энэ хугацаа есдүгээр дууссан ч заасан хугацаанд ганцхан компани дөрвөн сая ам.доллар оруулж ирсэн гэдэг. Үүгээр оффшорыг оруулж ирэх ажиллагаа оршуулагдсан даа.   

Өмнө нь УИХ-ын нэр бүхий гишүүд оффшорын эсрэг хууль санаачилж, 2017 оны дөрөвдүгээр сард УИХ-аар батлуулсан нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт. Хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа оффшор бүсэд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг уг хуулиар хориглож, оффшор бүсэд данс нээсэн, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол гурван сарын дотор хуулийн этгээдээ татан буулгаж, дансаа хаагаад 30 хоногийн дотор АТГ-т мэдүүлэхийг уг хуулиар үүрэг болгосон. Энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь эргүүлэн татахаар заасан байна.

Нэгэнт оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, хуулийн этгээд үүсгэн байгуулсан, данс нээсэн, мөнгөө байршуулсан этгээд хөрөнгөө зарж борлуулаад, хуулийн этгээдээ татан буулгаж, дансаа хаагаад мөнгөн хөрөнгөө татлаа гэхэд санхүүгийн хувьд ямар эрсдэл хүлээх нь тодорхойгүй. Хуулийн заалтыг биелүүлэхгүй байлаа гэхэд үсрээд албан тушаалаас нь чөлөөлөхөөс өөр хариуцлага байхгүй. Тэнэг л биш бол хэн яах гэж хөрөнгөө татах вэ дээ.

Тиймээс хэрэгжих ямар ч үндэслэлгүй энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгч Х.Баттулга ядахдаа тэр 49 хоног дотроо эдийн засгийн өршөөл зарлаад "Энэ хугацаанд оруулж ирсэн мөнгөн хөрөнгөнд тань татварын ямар өр төлбөр оногдуулахгүй, хөрөнгийн эх үүсвэрийг шалгахгүй” гэсэн бол магадгүй хууль бус хөрөнгөө хууль ёсны болгохын тулд Монголын банкууд руу оруулж ирэх бодит боломж байсан л байх. Ц.Элбэгдорж ч анх Ерөнхийлөгч болонгуутаа эдийн засгийн өршөөл зарлаж, энэ дагуу УИХ-аас хууль баталснаар зөвхөн нэг удаад татвараас нуусан 5,7 их наядын хөрөнгийг ил гаргаж байлаа. Тэр нь тухайн үедээ л Монгол Улсын нэг жилийн төсвөөс давсан дүн байв. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн зарласан 49 хоног ч тэр, УИХ-ын баталсан хууль ч тэр оффшортой тэмцэх болон оффшор бүсэд байгаа хөрөнгийг татаж эдийн засгаа дэмжих нь гол зорилго биш, харин тэмцэж байгаа гэдгээ олон нийтэд харуулах нь чухал байв. Оросууд ч гэсэн ийм асуудалтай тулгарахад В.Путин "Оффшороос мөнгөө оруулж ирэхгүй гэвэл та болон таны хамаарал бүхий этгээдүүд бүгд улс төрөөс зайл” гэдэг ганц л шаардлага тавьсан юм гэнэ лээ. Манайхны сачий хүрэхгүй л дээ.

Сюрприз номер 1088...

Үүнээс хойш манай хүний ард түмэндээ барьсан гэнэтийн бэлгүүдийг тоолоод баршгүй. "Улсынхаа төсвийг хэмнэхийн тулд НҮБ-ын чуулганд оролцохоо болилоо” гэх мэтийн аар саар, "жижиг сажиг” хошигнолыг бүр тоохоо больё л доо. Хамгийн сүүлд гэхэд ”Монголын баялгийг дээрэмдсэн 30 гэр бүлийг тодруулахаар покурорын байгууллагын дэргэд ажлын хэсэг байгууллаа гэлүү. Сонгуулийн өмнө 200 хүний толгой авахад бэлэн байсан хүн 30 гэр бүл дээр буугаад зогсвол нэг талаар аз л юм даа. Өнгөрсөн сонгуулиас хойш түр хугацаанд мартагдаад байсан энэ сэдэв сая У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын томилгоотой зэрэгцэн сөхөгдөж, Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарын томилгоон дээр Ерөнхийлөгч хориг тавьсан билээ.

Тэгэнгүүт цаадуул  нь "Тэр 30 гэр бүлд чинь яг хэн хэн байгаа юм, ямар шалгуураар гаргаж ирсэн юм? Алив, нэрлээд орхи. Эсвэл дургүй нэгнээ шоронд хийж, шонд өлгөхөд зориулсан хоосон пайз юм уу?” гээд шахаж шаардаад эхлэнгүүт нөгөө 30 гэр бүлээ тодруулахаар прокурорын ажлын хэсэг байгуулчихаж байгаа юм. Хэрэв тэр жагсаалт дотор нь Ч.Хүрэлбаатар гэдэг хүний нэр гарч ирвэл Ерөнхийлөгч яах юм, эсрэгээрээ гарч ирэхгүй бол Ерөнхийлөгчийн хориг юу болохыг чөтгөр бүү мэд. Өнөөг хүртэл бид шилдэгүүдээ тодруулах гэж нэр дэвшүүлдэг байсан бол одооноос гэмт хэрэгтнүүдээ илрүүлэхийн тулд улс дотроо, хуулийн байгууллага дотроо нэр дэвшүүлэлт явуулдаг болж байгаа юм байна.  Угаас "Хэрэв би Ерөнхийлөгч болбол юу хийх вэ?” гэдэг ул суурьтай бодож төлөвлөсөн бодлого байхгүй, боловсрол байхгүй, хожимдсон хойно санаж сэрлээ ч түүнийг бодлого болгож боловсруулаад, араас түлхээд яваад өгөх баг нь ч байхгүй хүнээс өөр юу ч хүлээх билээ. Зүгээр л юу ч битгий хийгээсэй! Чадваргүй хүмүүс оролдлоготой байхаараа л бусдадаа лай болдог гэдэг дээ.

Б.СЭМҮҮН

https://www.infomongol.mn/content/read/152689.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!