Шивээ хүрэн хилийн боомтоор их хэмжээний малын мах хил давсан гэв үү?
Улсын хилээр хориотой зүйлс нэвтрэхийн учир юу вэ?
Монголд нэгэнт алдагдсан шударга ёсыг жаахан ч гэлээ эргүүлэн авчирах байх гэж У.Хүрэлсүхийн засгийн газарт иргэд найдан, итгэж бас хүлээж байна.
Мөнгөний өмнө хууль гууль болж, албан тушаалтнууд авлига хахуулаар ажил явуулж, төрийн албаны сахилга дэг журам алдагдсан энэ цаг үед шинэ Ерөнхий сайд маань хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатны байгууллагад сахиулан ажиллана гэдгээ илэрхийлсэн нь олны дэмжлэгийг хүлээсэн.
Монгол улсын хил гааль бол улсын онцгой институци. "Бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй” уриатай эдгээр байгууллагынхантай холбоотой элдэв хэл ам сүүлийн үед нэлээд гарах болсон. Монгол Улс 26 хилийн боомттой. Эдгээр хилийн боомтын шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллагаас гүйцэтгэдэг.
Манай улсаас улсын хилээр нэвтрүүлж байгаа гол түүхий эд бол мэдээж нүүрс. Хонон өнжин дугаарлаж, хил дээр зогсож байгаа 100 тоннын нүүрсний дор хилээр гаргахыг хориглосон малын мах, ан амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүх соёлын дурсгалт зүйл, хушны самар, хаягдал металл, үнэт чулуу гээд олон янзын зүйлсийг нууж, заримыг нь манай хил гаалийнхантай "тохиролцож” гаргадаг явдал хэвийн үзэгдэл болсон бололтой.
Саяхан Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нүүрс тээвэрлэн урагшаа гарсан автомашин Хятадын хил дээр очоод нүүрсэн доороо 60 тонн малын мах нууж хил давуулах гэсэн нь илэрч, Хятадууд тэдгээрийг бүрэлд нь устгалд оруулсан гэх мэдээлэл байна.
Энд асуудалд бид анхаарлаа хандуулах цаг болжээ. Хятадын талд баригдсан гэдэг бол Монголын хилээр нэвтэрсэн гэсэн үг. Монголын хилчид нүүрс тээвэрлэгчдийг дутуу шалгасан уу эсвэл Хилийн цэргийн том дарга, хурандаа нарын заавраар эдгээр автомашиныг мэдсээр байж хил давуулсан уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол урд хилээр гарч байгаа нүүрсний дор малын мах зэрэг хилээр гаргахыг хориглосон хууль бус зүйлсийг Монголын хил давуулдаг явдал нь хилийн цэргийн боомтын болон отрядын дарга нар, гаалийнханы хамтарсан хууль бус бизнес болсон гэж ярих юм билээ. Хэрвээ энэ үнэн бол Хууль зүйн шинэ сайд Ц.Нямдорж эл асуудалд юу юунаас илүү анхаарла ахандуулан ажиллаж, хариуцлагагүй, авлигад эдэгдсэн албан тушаалтнууд байдаг бол тэднийг нэн даруй өөрчлөх, хариуцлага тооцор шаардлагатай байна.
Хилийн цэргийн өнөөгийн удирдлагууд энэ асуудлыг мэдээгүй өнгөрнө гэж байх уу. Хятадын талаас тэдэнд хандан Монголын хилээр хууль бус зүйлс хил даван бидний шалгалтанд өртөж илэрлээ гэдгийг албан бичгээр мэдээлсэн нь тодорхой. Тийм атал Хилийн цэргийн удирдлагууд энэ асуудлын талаар огт дуугарахгүй байгаа нь тэд үүнтэй холбоотой юм биш биз гэж хардахад хүргэж байна.
100 тоннын нүүрс ачсан машины нүүрсэн дор нь их хэмжээний малын мах ачин Монголын хилийн шалганаар гарчихаж байгаа нь үнэн бол бид түүх соёлын болон бусад хилээр гарахыг хориглосон эд зүйл хил давж байгаа асуудлын талаар яриад ч хэрэггүй биз.
Энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байна.
Хилээр хууль бусаар хориотой бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа хил гаалийнханд хатуу хариуцлага тооцох ёстой.
Ц.Мөнх