Бодлогын хүү эрсдэлийг бууруулах уу?

🕔 2017/09/18 10:30

Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлттэй зэрэгцэн нүүрсний экспорт нэмэгдэж байгаа нь эдийн засаг сэргэх хөшүүрэг болж байсан. Үүнтэй зэрэгцэн ОУВС-гийн багц санхүүжилтийн эхний ээлжийнх нь орж ирснээр гадны хөрөнгө оруулагчдад нааштай хандлагыг төрүүлсэн билээ. Тодруулбал, багц санхүүжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар орж ирсэн тухай Сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хэлсэн байна. Хэрэв хэлэлцээрийг амжилттай явуулбал аравдугаар сарын дундуур 100 сая, арванхоёрдугаар сард 50 сая ам.доллар орж ирэх байсан аж. Мөн дэлхийн банкны тухайд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаагаад 100 сая ам.доллар авах урьдчилсан хэлэлцээр явж байсан бөгөөд энэ хэлэлцээр зогсоогүй байгаа хэмээн тэрээр хэлжээ. Засгийн газар унасантай холбоотойгоор нийгэмд үүссэн хүлээлтийг зөөлөн газардуулах нь хаа хаанаа бодох асуудал. Тиймээс Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байж болно хэмээн зарим эдийн засагч хэлж байна. Энэ нь эдийн засагт төгрөгийн ханшийг чанга байлгахыг зорьж байгаа хэлбэр хэмээн тэд үзэж буй юм. Хэдийгээр шинэ Ерөнхий сайдыг томилогдсоны дараа ОУВС дахин ярилцана гэж байгаа ч эдийн засагт үүсэх эрсдэлийг тооцох аргагүй. Тиймээс мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээснээр эрсдэлийг бууруулах алхам болж байгааг эдийн засагч Э.Цовоо онцолж байлаа. Түүнчлэн мөнгөний бодлогын төлвийг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот төвшинд тогтворжуулах, улмаар макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгааг албаныхан тайлбарлалаа. Харин статистикчдийн өгсөн мэдээллээр өнгөрсөн сард инфляц таван хувиар өссөн гэв. Хэдийгээр инфляцийн өсөлт нэг оронтой тоонд багтаж байгаа ч иргэдийн амьжиргаа төдийлөн сайн биш байгааг судлаачид хэлж байна.

 

Нөгөө талаас "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдгийг албаныхан зөвшөөрч байгаа. Тэгвэл бидний харж байсан эдийн засгийн өсөлт саарах магадлалтай. Үүнийг саяхан болж өнгөрсөн чуулга уулзалтад оролцож байсан гадны хөрөнгө оруулагчид сануулж байсан юм. Улс төрийн тогтворгүй байдлыг намжтал хөрөнгө оруулалтаа хүлээлтийн горимд шилжүүлэх нь эрсдэлээс хамгаалах болно гэдгээ ч хэлж байлаа.

 

Ямартай ч Засгийн газаргүйгээр удаж болохгүй гэдгийг нийгмийн байдал сануулж байна. Аливаа бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг тодорхойлохын тулд өрхийн тэргүүний үүрэг өндөр байгааг энэ удаагийн явдлаас харж болно. Өөрөөр хэлбэл, аавгүй айлаас гарах шийдвэрийг хөндлөнгийн хүмүүс хэрхэн хүлээж авдгийг хэлүүлэх юун.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!