Нотариатыг халах цаг болсон

🕔 2017/08/18 10:21

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдэд учирдаг дарамт, хүнд суртлыг арилгах зорилгоор нэг захирамж гаргалаа. Тэр нь нийслэлийн төр, захиргааны байгуул­лагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоох тухай захирамж. 

 

Улмаар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийс­лэ­лийн Засаг даргын хэрэг­жүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад  үүрэг болголоо.

 

Ер нь бол  нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж.  Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан юм байна.  Харин Хотын дарга ийн захирамжилснаар  энэ сарын 21-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлээд нотариат хайн гүйж цаг заваа, дээрээс нь мөнгө төгрөгөө үрээд байх шаардлагагүй болох нь. Хотын дарга ажлаа авснаас хойш гаргасан олон шийдвэрүүдээс хамгийн чихэнд чимэгтэй нь энэ гээд хэлчихэд буруудах юун.

 

Уг нь бол бичиг баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргээс сэргийлж л нотариат байдаг гээд ерөнхийгөөр нь ойлгочиход болно. Гэхдээ манайд тухайн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна уу, үгүй гэдгийг нь шалгадаг нотариатч ширхэг ч байхгүй. Мэдэх ч үгүй. Зүгээр л бичиг баримтын хуулбар цаасан дээр нь тамга дараад, мөнгөө хураагаад л гүйцээ.

 

Хамгийн амархан ажил хийдэг хүмүүс. Нөгөө талаар хамгийн амархан мөнгө олж болох арга ч гэж хэлж болно. Ийм хачин тогтолцоог угаасаа халах хэрэгтэй. Яах вэ, зайлшгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулдаг байж болно. Тэгээд тэр баталгаажуулж өгөх гээд байгаа нотариатч нь мэргэжлийн, бичиг баримтаа хуурамчаар үйлдээгүй гэдгийг нь яг таг нотолдог л байх ёстой шүү дээ.

 

Түүнээс биш хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар гээд аар саархан зүйлийг нотариатаар баталгаажуулдаг онигоогоо халах цаг болсон байсан. Харин ч Хотын дарга иргэдэд хэрэгтэй шийдвэр гаргалаа. Тэгээд ч Монгол Улсын иргэний үнэмлэх цахимжаад удаж байгаа санагдах юм. Бараг 10 жил болох гэж байна. Цахим үнэмлэх гэдэг бол тухайн хүний тухай мэдээллийг бүрэн хадгалж яваа бичиг баримт. Цахим үнэмлэхтэй байхад хаана оршин суудаг, ямар ажил хийдгээс авахуулаад бүхий л мэдээллийг төрийн аль ч байгууллагад очоод, машинд уншуулаад л мэдэж болох учиртай.

 

Ерөөсөө эхэндээ ингэж хэлж үнэмлэх сольсон биз дээ. Гэтэл өнөөдрийг хүртэл бид ухаалаг гэж болохоор цахим үнэмлэхээ нотариатаар баталгаажуулж, цаг зав, мөнгөө үрээд л яваад байсан. Ийм элэг хөшөөм хошин шогийн үзүүлбэрийг аль ч хамтлагийн тоглолтоос үзэхгүй дээ, нээрээ. Тэгээд бичиг баримт нь эх хувиараа байж байхад нотариатаар баталгаажуулж ир гэдэг улс манайхаас өөр хаана ч байх вэ дээ. Амьхандаа л иргэний үнэмлэхээ хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж сэжиглэдэг юм байлгүй дээ, чааваас.

 

Манай улсын иргэдийн хэн дуртай нь бичиг баримтаа хуурамчаар хийгээд байхаар хэмжээнд мэдлэг, чадвартай болчихоогүй л байна. Жаахан орчноо мэдэрч, цаг үеэ харж амьдармаар байна аа, энэ чинь. Тийм болохоор энэ олон замбараагүй нотариатчдыг хөрсөн дээр нь буулгах цаг болж. Цаашлаад төрийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлээр, банкаар үйлчлүүлэхэд ч нотариатаараа баталгаа­жуулахыг нэхдэг балай тогтолцоог халах хэрэгтэй. Тэр нотариатын тухай хууль энэ тэрдээ өөрчлөлт оруулдаг юм уу, яадаг юм.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Н.Пунцагболд

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!