МАН хэзээ мөдгүй дэлбэрэх нь

🕔 2017/08/16 11:06

Улс төр яг одоо буцалж байна.  Энэ халуунд өртөөгүй улс төрийн хүчин, нам эвсэл, гишүүн ховор байх. Хоёр том намаас авахуулаад МАХН-д хүртэл энэ халуурал нөлөөлж эхэллээ. Гэхдээ хамгийн их халуунтай, буцалж байгаа нам нь МАН. Хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа галт уул шиг болчихсон энэ намд шийдэх асуудал чамгүй их байна.

 

МАН хэзээ мөдгүй дэлбэрэх нь

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө босч ирж, олон ч нотлох баримтаар батлагдчихаад байгаа 60 тэрбумын хэрэг. Дараа нь дарин дээр давс асгахын үлгэрээр Шадар сайдыг мөрдсөн, мөшгөсөн асуудал босч ирэв. Ингээд л эвтэй байхыг он удаан жил уриалж, сонгууль болгоноор лоозогнож явсан МАН-ын дотоод толхилцоон тэсэрч, одоо дэлбэрэх дээрээ тулчихлаа.

 

Төрийн албыг 60 тэрбумаар зарж, мөнгө босгох ажиллагаанд оролцсон байж болзошгүй хүмүүсийн нэр аль хэдийнэ тодорхой болчихсон. Янз бүрийн баримт ч гарч ирсээр байна. Дээрээс нь хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгах ажлын хэсэг гаргачихсан. Улмаар 60 тэрбумыг босгох ажиллагаанд өртсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг байцааж эхэлсэн сурагтай.

 

Байцаалт ч нэлээд хатуу болж, зарим нэг хүн амаа бага сага нээсэн гэх мэдээлэл ч гараад байгаа. Гэхдээ энэ бол албан бус мэдээлэл. Хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагт өнөөх алдарт 90 минутын бичлэгээс илүү ноцтой 40 минутын бичлэг ил боллоо. Бас л цоо шинэ баримт.

 

Төрийн албыг бүр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Засаг даргын суудлаас нь авахуулаад зарна гэж төлөвлөсөн тэр этгээдийн ярьж хэлж байгааг монголчууд нийтээрээ сонслоо. Ямар увайгүй юм бэ гэдгийг нь ч харлаа. Тэрийг нь дэмжээд инээгээд сууж байгаа хүн нь ч гэсэн зөвхөн намаа бодсон, амин хувийн ашгаа дээдэлсэн гэдгийг ч мэдэрсэн байх. За тэгээд асуудал цаашлаад улам л гүнзгийрнэ.

 

Шадар сайдыг мөрдсөн, дагасан, "аалз”, "халиар” болгож байгаа асуудал ч МАН-ыг үнэхээр муухай харагдуулж байна. Хэдэн хүнийг бариад хорьчихсон л байгаа. Гэхдээ хэн дага гэж тушаасан, ямар заавар ирсэн бэ гэдгийг ухаж төнхвөл асуудал бүр ч ноцтой болно. Ядаж байхад МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрсдийнхөө хийсэн бичлэгийг дотроосоо алдаж, нэлээд эвгүй байдалд орчихоод байна.

 

Энэ мэт улсаа биш амин хувиа бодсон нэг хэсэг хүний үйлдлээс болоод МАН муу нэр зүүчихлээ. Муу нэр гэж хамгийн дээд зэргээр зөөлрүүлж хэлээд байна. Одоо тэр зүүсэн муу нэрээ хусаж эхэлсэн нь дээр юм биш үү. Хусаад хусаад арилахгүй л байх. Гэхдээ ядаж бүдгэрнэ шүү дээ. Нэн түрүүнд 60 тэрбум төгрөгийн асуудалтай холбоотой хэргийг нэг тийш нь болго. Эхлээд энэ байж боломгүй хэргийг санаачилсан, төрийн албыг зах дээр наймаа хийхээс амархан гэж сэтгэсэн, зүтгэсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

 

Энэ бол нэг намыг муухай харагдуулахаасаа гадна төрийн албыг хууль бусаар авах гэж оролдсон гэмт хэрэг.  Оролдсон гэдгээс цаашлаад авсан гэмт хэрэг ч гэж хэлж болохоор болчихоод байна. Хуулийнхан л жаахан алгуур ажиллаад байгаа болохоос хэрэг бол нотлогддогоо нотлогдчихлоо. Тэгэхээр хууль хяналтынхан нэг талд нь гаргах байх. МАН ч гэсэн нэрээ цэвэрлэх үүднээс 1-2 хүнд хариуцлага тооцох болов уу.  Эвлүүлэг гэж гүрийгээд одоо амжилт олохгүй.

 

Тийм болохоор эвтэйхэн шийдэх арга олоод, хэдэн хүнээр "туг тахих”-аас өөр аргагүй.  Гэхдээ жаахан томхон "загас” л дэгээдээсэй гэж найдая. Зүгээр нэг "жараахай” гаргаж шидчихээд, нам цэвэршчихлээ гээд өнгөрөхгүй байвал сайнсан. Шадар сайдын асуудалд ч гэсэн ард түмэн хариулт нэхэж байгаа. Мэдээж нам дотор асуудал өрнөж байгаа. Тэр асуудлын галыг өрдөж өгч байгаа хүчилтөрөгч нь 60 тэрбум, Шадар сайдын асуудал.

 

Тийм болохоор бас нэг, хоёр хүнд хариуцлага тооцож, ядаж л албан тушаалаас нь огцруулах шаардлагатай. Тэгж байж өнөө муу нэр чинь бага ч болов хусагдаж, бүдгэрэх байх.  Ерөөсөө энэ намд яаралтай хусах муу нэр олон байна. Хамгийн залуу тодотголтой гишүүн нь хүртэл хэрэгт орооцолдоод, одоо болтол намынхаа нэр хүндийг шавартай хутгаад л явж байгаа.

 

Хэчнээн гүтгэсэн гэж зүтгэж байгаа ч өөрөө ам алдчихсан болохоор одоо түүнд итгэх хүн гэж алга. Тиймээс бас хариуцлага тооцож, хусах муу нэртнүүдийнхээ жагсаалтад багтаасан нь дээр болов уу. МАН бол Монголын улс төрд байгаа том хүчний нэг. Энэ намд Монголоо хөгжүүлье, өөд нь татъя, ард иргэдээ сайн сайхан амьралд хөтөлье гэсэн бодолтой шилдэг сэхээтэн, улстөрчид бий.

 

Тэд энэ бүхнээс ичиж байгаа байх. Тэгээд ч мөнхийн юм гэж байхгүй. Гуравхан жилийн дараа сонгууль болно. Ард түмэн дүнгээ тавина. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар л дүнгээ тавьчихсан даа, бараг. МАХН-аас өрсөлдсөн С.Ганбаатар хэчнээн хүний санал авч, ямар хэмжээнд өрсөлдлөө. Ард түмэн ингэж л дүн тавьж байна.

 

Тийм болохоор МАН-ынхан алдаа, завхралаа даруйхан засах цаг болж. Өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй. Тэгэхдээ өөрчлөлт хийхдээ өнөөдөр зүгээр ажлаа хийж байгаа Засгийн газраа оролдох биш өөр хүмүүст хатуухан хариуцлага тооцох хэрэгтэй. 2016 оны сонгуулиар ард түмэн эв нэгдэлтэй нам гэж харж л сонголтоо хийсэн. АН-ынхан дотроо хэтэрхий их толхилцоод байна.

 

Нөгөөх нь тэгдэггүй, эвтэй, найртай гэж сонголт хийсэн. Гэтэл өнөө сайхан эв нэгдэл нь худлаа байж гэдэг нь одоо харагдаад эхэллээ. Тийм болохоор нэг талдаа гарах цаг болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд хэн муу ажиллав. Түүндээ л хариуцлага тооцох хэрэгтэй байх.

 

Ядаж л пиар сурталчилгааг хариуцсан, штаб ахлаж ажилласан хүмүүстээ хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгах хэрэгтэй биз дээ. Энэ бүх шалтаг МАН-ыг хэтэрхий халааж, дэлбэлэх нь. Гэхдээ дэлбэрэх ёстой бол нэг дэлбэрчих л хэрэгтэй. Бүх муугаа шатаагаад, хусаад хаячихмаар байна.  Цэвэрхэн нэрийг шороотой хутгаад байгаа нөхдийг гөвж хаячихаад нэг урагшилж, шинэчлэгдэх цаг болсон юм биш үү. Тэгэхгүй бол 60 тэрбум, бандааштайгаа зууралдсаар 2020 онд "халагдах”-аас өөр сонголт үлдэхгүй л болов уу.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!