М.Энхболдын эрин дуусаж, У.Хүрэлсүхийн ”хөтөлбөр” эхэллээ

🕔 2017/07/25 09:55

М.Энхболдын эрин дуусаж, У.Хүрэлсүхийн ”хөтөлбөр” эхэллээ

Тогоондоо түжигнэдэг байсан МАН-ын дотоод зөрчил энэ удаа савнаасаа хальж, суулт, хөдөлгөөнөөр хаяагаа тэлж байна. МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар тэргүүтэй гишүүд "60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг эхлүүлж өдгөө 100 гаруй гишүүд, дэмжигчидтэй болоод байгаа. Тэднийг дэмжигчид цаг, минутаар нэмэгдэж байна гэхээр МАН-ын одоогийн удирдлагууд хийгээд тэднийг аялдан дагангаа хорлодог тойрон хүрээлэгчид намдаа ямар уршиг тарьж, намынхаа нэр хүндийг шавартай хутгасан нь тодорхой.

 

Одоо л Н.Энхбаярын "тэжээвэр"улс төрчөөс намаа аврахгүй бол цаашид "Хотын" гэх хорлооч бүлэглэл дийлдэхгүй, бүр ч хаяа тэлж томрох болно

 

Харин 60 тэрбумын бичлэгийг "эвлүүлэг" гэж эцсийн мөчөө хүртэл мэлзэх шаардлагагүй, асуудлыг цэгцэлж, намынхаа нэр төрийг цэвэрлэж авах нь зөв гэсэн байр суурьтай бүлэглэлийг УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар толгойлж эхлээд байгаа. Тэдэнтэй нэгдэж буй МАН-ын гишүүд "60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулж, эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлчихсэн.

 

Энэ мэтээр намын дотоод зөрчил, шударга үнэний төлөө тэмцэгчидийн "бослого" тус намын зарим нөхдөд том олз болоод буй. Өөрөөр хэлбэл намын дарга М.Энхболдын эсрэг хэр олон гишүүд дэмжигчид дуугарч байна тэр хэрээр намын даргын суудал ганхаж, даргын суудлыг "булаах" боломж бүрдэнэ. Үүнд хамгийн ихээр санаархаж байгаа хүн бол Шадар сайд У.Хүрэлсүхийг гэх. Сошиалаар ч мэр сэр мэдээлэл тархаж эхэлсэн байгаа.

 

"Унасан бол тахимаа өгдөг монгол ёсон байнаа. Итгэл, даалгавар биелүүлж чадаагүй албан тушаалтантай хариуцлага тооцох ёстой. Намын дарга болоод Ерөнхий сайдын албан тушаалыг нэгтгэн У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэн сонгочихвол онохоор санагдаж байна. Учир юу гэвэл ялсан нам ерөнхийлөгчтэйгээ нягт хамтран биенээ дэмжин ажиллаж байж амжилт, ололт гарна.
Ерөнхийлөгч Х.Баттулга, шадар сайд У.Хүрэлсүх нарын ойлголцол хамтын ажиллагаа тийм итгэлийг төрүүлж байна" гэсэн постууд нүүр номноос нүүр ном дамжин шэйрлэгдэж, дэмжигдэж байна.

 

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад зүтгэх санаа сэдэл гаргаагүй бол ийм мэдээлэл явахгүй байх. Хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд хийгээд намын даргын суудлын төлөө зүтгэвэл түүнийг дэмжигчид одоогийн дарга М.Энхболдын "талынхаас" илүүрхэх нигууртай. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийг дэмжигчид М.Энхболдын фракцыг хүчгүйдүүлэх, цаашилбал буулгаж авч ч мэдэх учраас Ми дарга буланд шахагдаж эхлээд байгаа гэх.

 

У.Хүрэлсүх тэр жил УИХ-ын гишүүний сэнтийгээс татгалзаж чадсан нь түүний рейтингийг ард түмний дунд суга өсгөж чадсан юм. Харин тэр Г.Баярсайхан гишүүнийг шанааддаг нь боевик гэсэн сэтгэгдлийг нийгмийн тархинд суулгаж үлдээсэн бараан талтай. Гэхдээ л урьд өмнө нь төрийн өндөр албан тушаалаас хэн ч эр зориг гарган өөрөө өгчихөөд явж байгаагүй болохоор нударганы амт энэ тэр гэхээсээ илүүтэй улс төрийн соёлтой, шударга зарчимч нэгэн гэсэн фигурыг л ард түмэн харж байгаа. Тиймдээ ч энэ удаа У.Хүрэлсүх нам доторх тулаанд ялалт байгуулчихаж мэдэхээр байгаа юм.

 

У.Хүрэлсүх нам доторх тулаанд ялалт байгуулчихаж мэдэхээр байгаа юм.

 

Дээрх гишүүдийг тэмцлийн далдаас удирдаж хүчийг нь сурниулж мэдэх нэгэн бас бий. Энэ нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Залуус намаа шинэчлэнэ, М.Энхболдоос намын даргын суудал хийгээд Ерөнхий сайдын албан тушаалыг өөр хэн нэгэн авахнь Ц.Нямдоржид ямар ч ашиггүй. Яагаад гэвэл М.Энхболд Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд болсон тохиолдолд мань хашир УИХ-ын даргын суудлыг авахаар аль эрт тохиролцоонд хүрч үүндээ ч сэтгэл хангалуун, нуруу гэдгэр явсан байх. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө аль эрт Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын баярын ширээ засах шахсан М.Энхболд баян ходоод болох шахаж, сонгуулийн дүнд "Түр зогсолт" хийсний дараа аман хүзүүдлээ гэж нийгмээрээ шаагин шуугисан талтай.

 

Байдал эвгүйдэж, МАН-аас төрөх Ерөнхийлөгч өрсөлдөгчийнхөө хормойд унах үед л дараагийн Ерөнхий сайд, намын даргын асуудал яригдаж, намын дотоод зөрчил хурцдаж эхэлжээ. Одоо л Н.Энхбаярын "тэжээвэр"улс төрчөөс намаа аврахгүй бол цаашид "Хотын" гэх хорлооч бүлэглэл дийлдэхгүй, бүр ч хаяа тэлж томрох болно гэж шинэчлэлийн залуус үзэж байгаа гэсэн. Ямартай ч М.Энхболдын эрин дуусаж шинэ үе гарч ирэх нь ч ирэх бололтой. Харин хэзээ ...?

http://www.24tsag.mn/content/152924.shtml

 

Р.Бат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!