Мөнхөд нууц зүйл байдаггүй гэдэг. Монголын улс төрд МАНАН хэмээх бүлэглэл бий боллоо хэмээн хэдэн жил ярьж, сүүлдээ хэлц болтол эл дол болсон. Тэгвэл МАНАН бүлэглэл бий болсон, байсан, одоо ч байгаа гэдгийг батлах нэгэн мэдээлэл бидэнд ирлээ.
Хэдхэн хоногийн өмнө суудлаасаа буусан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй удирдлагууд нь нууцаар уулзахаар болзоо тогтоожээ. Тэд Хөвсгөлд уулзъя гэж тохирцгоосон байна. Тодруулбал, экс Ерөнхийлөгчтэй ийн "шивнээ” хийх уулзалтад М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Т.Бадамжунай нар оролцохоор Хөвсгөл аймгийг зорих гэж байна.
М.Энхболд УИХ-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, харин Т.Бадамжунай одоогийн МАН-ын улс төр, санхүүгийн элдэв арга хэмжээг далдаас зохион байгуулдаг ажилтай. Тиймээс экс Ерөнхийлөгчтэй уулзах МАН-ын багт өнөөгийн МАН байтугай Монгол Улсын тухайд шийдвэр гаргахуйц эрх мэдэлтэй эрхмүүд багтсан байна.
Тэдний уулзалт нэгэнт товлогдсон. Гэхдээ Хөвсгөлийн хаана, ямар жуулчны баазад, хэдний өдөр цуглах вэ гэдэг одоохондоо нууц байгаа юм.
Түүнчлэн экс Ерөнхийлөгч ба МАН-ын удирдлагууд чухам ямар шалтгаанаар ийнхүү алс газарт уулзахаар болзоо тогтоов гэдэг анхаарал татаж байгаа юм. Учир мэдэх хүмүүсийн яриагаар бол тэд Монгол Улсад тун ойрын үед өрнөх улс төрийн болон эдийн засгийн нөлөө бүхий хэд хэдэн асуудлаар байр суурь, авах арга хэмжээгээ тохирч, нэгтгэхээр болзсон нь энэ гэнэ.
Уулзалтад оролцох МАН-ын дарга нарын хувьд сонгуулийн хариуцлага хүлээхээс үүдэн сандал суудал нь ганхсан зэрэг баахан асуудалтай байгаа. Харин экс Ерөнхийлөгч тун удахгүй МоАХ-ны дарга болно гэсэн мэдээлэл байгаа. Энэ нь Ц.Элбэгдорж Монголын улс төрөөс гараад явчихгүй ээ гэсэн үг юм.
Юутай ч Монголын улс төрийн МАНАН бүлэглэл гэх МАН, АН-ын нөлөө бүхий удирдагчид Хөвсгөл далайн эрэгт уулзах нь тодорхой боллоо. Харин тэд юу ярьж, ямар шийдэлд хүрснийг тэндээс ирээд хийх алхмуудаас нь харж болох биз ээ.
Зууны мэдээ
Б.Дамдин-Очир