Гал түймэр унтраах үйлсэд ХААН Банк нэгдэж 10 сая төгрөг хандивлалаа
Монгол сайхан эх оронд минь зуны улирал ирсэн ч энэ жил бороо хур багатай, ган гачиг, хуурайшилт ихтэй байна. Саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар ард иргэд маань амралт зугаалгаар явж, хээр хөдөө хоол унд хийж хонон өнжин амарцгаасан. Харамсалтай нь ой хээрийн бүсэд гарч байгаа гал түймрийн 80 гаруй хувь нь хувь хүний буруутай үйлдэл, аялал зугаалгаар яваа иргэдийн хайрхамж болгоомжгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй аж.
Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байна. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.
Эх оронд маань нүүрлээд байгаа энэхүү гамшиг болсон ой хээрийн том хэмжээний түймрийг дарж унтраалцахаар сэтгэл зориг нэгт ард түмэн маань чадах явахаараа туслах гэж хичээж байна. Залуус сайн дураараа очиж гал унтраалцах, зарим нь ус, гутал, багаж хэрэгсэл, хоол унд гээд чадах чинээгээгээ туслаж эх орондоо аюул гамшиг учирвал "дуулбал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй" нэгдэн нягтарч, тэмцэн дийлэхээ харуулсаар байна. Зарим нь унаа тэргээрээ залуучуудыг зөөн түймэр унтраалгаж байгаа сайхан мэдээнүүд шил шилээ даран ирсээр байна.
Сайн санаат залуус нэгдэж ХХБ-д данс нээн хандив цуглуулж байгаа бол ОБЕГ-аас Төрийн сан банкин дахь дансаа олон нийтэд зарлаж хандив цуглуулж байгаа. Харин олон нийт Хаан банкны данс байвал мобайл үйлчилгээгээр мөнгө хандивлах хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа.
Тэгвэл нийгмийн хариуцлагыг дээдлэгч Хаан банк эх оронд минь гамшиг болоод байгаа гал түймрийг унтраах үйлсэд нэгдэж данс нээн, өөрсдийн зүгээс 10 сая төгрөгийг хандивлажээ.
Хандивын мөнгийн зарцуулалтаа тайлагнах юм байна. Та бүхэн бас нэгдээрэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. Монгол сайхан эх орноо аварья.