Шадар сайд аа, С.Бямбасүрэнгээ татаач

🕔 2017/07/05 12:40
 

Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтны хүрээнд хэрэг зөрчил илэрсэн нь олны анхааралд байсаар байна. ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний газрын дарга хурандаа С.Бямбасүрэн тэргүүтэй тус ангийн удирдах албан тушаалтнууд өнгөрөсөн жилийн зун Богд хан уулын Жаргалант аманд алба хаагчдаа цаг наргүй ажиллуулчихаад мөнгийг нь завшсан байх магадлалтай үндэслэлээр АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст бригадын генерал Т.Бадрал, хурандаа Р.Дадам нарын хүмүүс шалгуулж байгаа аж. Энэ мэт тус газарт хууль бус зүйл мэр сэр байгааг хэвлэлүүд онцлоод эхэлжээ.

Тиймээс С.Бямбасүрэнтэй хамтран ажиллаж чадахгүй хэмээн тус албаны хүмүүс Шадар сайд У.Хүрэлсүхэд өргөх бичиг хүргүүлсэн байна. ОБЕГ бол статусын хувьд Шадар сайд У.Хүрэлсүхийн багцад багтдаг агентлаг газар юм. Уг нь С.Бямбасүрэн нь Ардчилсан намын үед энэ албыг хашиж байсан ч өдгөө МАН-ын засгийн үед ч энэ албандаа байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдана вэ гэх хүмүүс олон бий. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол С.Бмябасүрэн нь Шадар сайд У.Хүрэлсүхийн найз учраас ийнхүү олон засгийн нүүр үзэн ажиллаж байгаа аж. Тиймээс ОБЕГ-ын зарим ажилтнууд энэ эрх ашгийн зөрчилтэй хүнийг эргүүлэн татаач гэх хүсэлтийг Шадар сайдад хүргүүлсэн гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Эрх ашгийн зөрчил гэснээс хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар бол С.Бямбасүрэн нь хорооллын эцэст хувийн томоохон зочид буудалтай, Кино үйлдвэрт ч зочид буудал үйлчилгээний чиглэлийн түрээслэх байгууламжтай гээд чамгүй хөрөнгөтэй хүн аж. Хэрвээ энэ үнэн бол үүнийг эрх ашгийн зөрчил гэхгүй бол өөр юуг хэлэх билээ.

Мөн хэвлэлийн онцолж байгаагаар нэр нь үл мэдэгдэх нэг компани ОБЕГ-ын Хангамж үйлчилгээний ангийн тендерт ялаад нийлүүлэлт хийжээ. Энэ компанийг "Гаргууд” гэдэг агаад олдохгүй байгаа нь шалгалтынханд гайхал төрүүлсэн аж. Бүр гайхалтай нь нийлүүлсэн тоног төхөөрөмж нь хүртэл байдаггүй. Байдаггүй гэдэг нь гарт баригдаж нүдэнд харагдахгүй байна гэсэн үг. Харин ангийн санхүүгийн тайланд "Гаргууд” компаний нийлүүлсэн тоног төхөөрөмж машин нь байгаа гэсэн бүртгэлтэй явдаг. Ядаж байхад нийлүүлэлтээ дутуу хийчихсэн аж. Байхгүй компаний нийлүүлсэн гэх харагдаж үзэгдэдгүй тоног төхөөрөмжийг нэрлэвэл хоёр сая төгрөгний үнэтэй нэг ком гагнуурын аппарат, 15 сая төгрөгийн өртөгтэй нэг ком автомашины тэнхлэг тохируулагч гэнэ.

          Үүнээс гадна Зэсвсэгт хүчний 013-р ангид шилжүүлэн өгсөн гэх 7,6 сая төгрөгний өртөгтэй "Зил-130” машин аж. Хуучны Зөвлөлтийн үеийн машин Монголын нөхцөлд таардаг шавар шавхайнд сайн явдаг машин байсан. Байсан гэхийн учир нь нөгөө машин нь бас л байхгүй байгаа гэнэ. Ийнхүү энэ ангийн тайлан балансад энэ мэт баахан "хий үзэгдлийн” хөрөнгө тусгагдаж очсон шалгалтыхны толгойг эргүүлж байгаа тухай бичжээ.

                Энэ бүх зүйлээс үүдээд С.Бямбасүрэн захирагчдаа алба хаагчид нь таагүй ханддаг ч түүнийг томилох халах эрхтэй Шадар сайд У.Хүрэлсүх дуугүй байгаагийн цаад учир чухам юу вэ.

А.Нар

Шуурхай.мн


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!