Сошиал сонгуульд хэрэггүй юм байна

🕔 2017/06/29 10:05

Энэ удаагийн Ерөнхий­лөгчийн сонгуулийн санал хураалтын дүн эцэслэн гарах хараахан болоогүй ч урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нөгөө хоёр нэр дэвшигчээсээ хол тасархай түрүүлсэн. Харин хоёр,  гуравдугаар байр будлиантай боллоо гэдэг дүнг ард түмэн тавьж байна. Эрхэм сонгогчдын нүдний өмнө л зүв зүгээр байсан сүлжээ гэнэт гацаж, гуравдугаарт байсан нэр дэвшигчийн саналын тоо тав таван мянгаар өссөөр өглөө болоход өмнөх нэр дэвшигчээ гүйцэж түрүүлэв.

 

 

Өөрөөр хэлбэл, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа луйвардуулж хохирчээ. Үүнийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн. Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг хоёрдугаарт гарч ирсэн нэр дэвшигч гэж үзье. Харин их ч бай, бага ч бай саналыг илбийн аргаар "хулгайлаад” ч гарч ирээгүй МАН-аас нэр дэвшигч М.Энхболд яагаад энэ удаагийн сонгуульд "баян ходоод” болчихов.

 

Ер нь энэ удаагийн сонгуульд урлаг, соёлын гоё хүүхнүүд, хөөрхөн хөөрхөн юм яриад бай­сан залуучуудаас илүү зарим нэг улс­төрийн намын захиал­гаар уу, эсвэл зарим нэг төрийн байгууллагын өөрсдийнх нь санаачилгаар уу гэдгийг мэдэхгүй ч олны өмнө үзүүлсэн илбийн үзүүрбэрүүд л хамгийн гайхамшигтай нь байж чадлаа. Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг хоёрдугаарт гарч ирсэн нэр дэвшигч гэж үзье. Харин их ч бай, бага ч бай саналыг илбийн аргаар "хулгайлаад” ч гарч ирээгүй МАН-аас нэр дэвшигч М.Энхболд яагаад энэ удаагийн сонгуульд "баян ходоод” болчихов.

 

Хамгийн эхний үзүүлбэр нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын "Эвтэй Монгол, ээлтэй төр” гэсэн бичиг бүхий сурталчилгааны самбар ганцхан хоногийн дотор бүгдээрээ "Эвтэй Монгол ялна” гэж өөрчлөгдсөн нь зарим сонгогчийн эгдүүцлийг хүргэсэн бололтой. "Тэртэй тэргүй олны танил хүн ахин дахин зурагт самбар хэвлүүлж мөнгө үрж яадаг байна аа”, "Хэлсэн үг нь хэд хэдэн янз болж хувирдаг ийм хүнд би л лав саналаа өгөхгүй” гэх мэтийн  сэтгэгдэлтэйгээр фэйсбүүкт зураг хөрөгтэйгөө дурайж л байсан.

 

Мөн МАН-ын өөрсдийнх нь сошиал орчинд тараасан "2000-аас дээш лайктай хүнтэй хамтарч ажиллана” гэдэг ажлын зар бий. Эндээс харахад, МАН-ынхан сошиал сурталчилгаанд ихээхэн анхаарал хандуулж, сонгуулийн үеэр гарч ирсэн золбин сайтуудыг багагүй хөрөнгө мөнгөөрөө санхүүжүүлсэн бололтой. Харин үр дүн нь жаахан тиймэрхүү л байна даа, пиарчдаа. Хамгийн элдэвтэй нь өөрөө мөнгө төлөөд хэт өндрөөс унах тэр мэдрэмж ямар хэцүү байгаа бол.

 

Унаган зан нь угаасаа аядуу зөөлөн хүн юм болохоор нэг их уурлаж ч чадахгүй чавга шиг жаахан улайгаад л өнгөрч байгаа байх даа, хөөрхий минь. Гэхдээ л харамсалтай. Дээр үед сониноор сайд, ялаа хоёрыг алдаг байсан бол орчин цагт сошиалаар сонгуульд нэр дэвшигч, улстөрчдийг эрхэмлэн дээдэлдэг нэр төр, эхнэр хүүхэдтэй нь хамт ангуучилж, эргэж босохгүй болтол нь шороотой хутгадаг болжээ.

 

Үүн дээр нэмээд хэлэхэд "Дээр үед л дээ...” гэж байгаад сонин дээр бас баатар болж мандаж байснаа дурсдаг хүмүүс ч бий. Өөрөөр хэлбэл, бурууд нүд хурц, зөвд чих зөөлөн юм байна, цаасан хэвлэл. Тэгээд бас ч гэж мэргэжлийн дипломтой нөхдүүд бор боргоо дуудуулан байж ажилладаг юм, энэ өдөр тутмын сонинуудад чинь. Мэргэжилдээ хайртай, үнэлж хүндэлдэг учраас нэг их аашаа эвдэж чадахгүй ээ, тэд чинь. Бас редакцийн бодлого, ёс зүй ч гэж байна.

 

Тиймээс л сошиалаар яваад байсан шиг аймшгийн хар пи арыг та өдөр тутмын аль ч сониноос үзэхгүй л дээ. Харин сошиалын пиарчид бол аймшгийн кинонд дуртай хэсэг үзэгчдийнхээ сэтгэл зүй дээр тоглолт хийж чадаж байна. Гэхдээ гаргасан алдаа нь тэднийг олон нийтийн буюу бүх ард түмний төлөөлөл гэж андуурсан явдал юм. Хариуд нь аймшгийн киног таашаал авахын тулд л үздэг гэдгээ бодит амьдрал дээр баталлаа, ард түмэн чинь. Тэгээд ч фэйсбүүк, твиттерийг 40, 50-хан мянган хүн л хэрэглэдэг юм билээ шүү дээ.

 

Амташсан хэрээ 13 дахина гэгчээр сонгуулиар хуурамч нэрээр нээсэн хаягаа зарж гаршсан хүмүүс хэд хэдэн хаягтай ч байж мэднэ. Ингэхээр чинь энэ тоо арай багасна аа даа. Тэгээд намуудтай гэрээ хийхдээ өөрийнхөө нээсэн 3-4 сайт, 10 пэйж хуудсуудыг хамтарч ажилладаг гэж танилцуулдаг юм уу хаашаа юм. Ганц, хоёрхон хүн руу л сурталчилгааны төлбөр гэж хамаг мөнгө нь урсаад байдаг бололтой. Харин ард түмэн, эрхэм сонгогчид одоо үүнд хууртахааргүй цензуртай болсон байна, Браво. Чангаас чанга алга ташъя.

 

Өмнөх буюу УИХ-ын сонгуулиар АН ч сошиалаар сурталчилгаагаа хийлгэнэ гээд энэ алдааг гаргаж байсан. Харин түүн дээр нь бодит анализ, зөв дүгнэлт хийж чадсангүй МАН-ынхан нэмэгдлээ. Нэг намынхаа онгирч гүйж байгаад унасан замаар нөгөө нам нь хар хурдаараа гүйгээд орчихсоноос ялгаа юун. Тэгээд ч сонгогчид тэнэг биш. МАН-ынхан пиарчидаа шинэчлэх хэрэгтэй юм байна. Өнөөдрийн өрнөсөн үйл явдал гол дүр нь өөрчлөгдсөн болохоос биш яг 2009 онд болоод өнгөрсөн нэг явдлыг ард түмэнд санагдуулж байна.

 

"Сонгогчид тэнэг бишийг үргэлж сана” гэдэг сануулга ач холбогдол өгч, хөрөнгө мөнгөө цацаад байсан фэйсбүүк, сошиал орчинд чинь хаяглагдаж хэдийнэ хүрсэн байна лээ. За тэгээд хошин шогийнхон ч сонгуулийг хүртэл хошин шог болгож чадах юм байна гэдэг егөөг 2020, 2021 он хүртэл битгий мартаарай, эрхэмсэг ноёд, хатагтай нар аа.

 

Сошиалын улстөрийг доторлох нь байтугай гадарладаггүй бяцхан хийрхэгчдээс болгоомжлох ёстой гэдэг том сургамжийг хоёр том сонгууль дамнуулан хүртлээ. Одоо хангалттай биш үү. Эцэст нь үнэн гэдэг эвлүүлэгтэй, эвлүүлэггүй постоос ч илүү хүчтэй. Түүн дээр нэмэх хамгийн өндөр оноо нь ард түмэнтэйгээ ойрхон амьдарч, эгэл байх юм байна.

 

Тэгээд дээрээс нь амлалтаа бүү март. Татвар нэмэхгүй, шатахууны үнэ болоод их, дээд сургуулийн төлбөр өсөхгүй, хүүхдийн мөнгийг алгачлалгүй олгоно гэх мэт гоё амлалтуудыг ард түмэн хэзээ ч мартахгүй. Харин хэзээ биелэхийг нь нүдээ ширгэтэл хүлээж байгаа. Ядрах тумсаа байж болох боломж бүрийг хайж, амьдралаа босгож ирэхийн төлөө тэмцэх болно, монголчууд.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Г.Ганчимэг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!