БСШУС-ын яамныхаан, худал, хуурмаг шалгалтын төлөө хүүхдүүд амиа өргөсөн гэж үү

🕔 2017/06/16 13:04

БСШУС-ын яамныхаан, худал, хуурмаг шалгалтын төлөө хүүхдүүд амиа өргөсөн гэж үү

Магадгүй тэд ирээдүйд ихийг л хийж бүтээнэ гэж бодож байсан биз. Дэгдсэн, дэрвүүхэн хөөрхөн сурагч наснаасаа сайн оюутан, сайн ажиллах хүч, сайн эцэг эх цаашлаад эх орныхоо нэрийг гаргах тамирчид болохыг хүсч байсан биз. Осолд орж харамсал тээн хальсан хүүхдүүдийн нь хоёр нь хөлбөмбөгчид байж. Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хоёр хөлбөмбөгчин энэ зун "Үндэсний цом” тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоог орхижээ. Эзэнтэйгээ хамт энэ хорвоогоос хөврөөд одсон мөрөөдлүүд юутай олон... 

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлээд удаагүй байгаа энэ үед бид нэгэн харамсалтай мэдээ хүлээж авсан нь энэ байв. Ирээдүйгээ тодорхойлох шалгалтаа өгөхөөр их замд гарсан сурагчид амиа алджээ. Тодруулбал Дорноговь аймгийн Сайншандаас Замын-Үүд рүү явах замд "Норд бенз”  автомашинтай, "Соната” автомашин мөргөлдсөний улмаас гурван хүүхэд амиа алдсан харамсалтай мэдээний араас олон эцэг, эхчүүд зул өргөсөөр байна. Гэвч худал, хуурмаг шалгалтын төлөө хүүхдүүд амиа өргөсөн гэж үү гэх үгс сэтгэлд тээглэж, сэв суулгаж байгааг нуух юун.

Сар шахамын өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан гэх шалтгаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцруулсан билээ. Хэлтэй, амтай дараагийн сайд томилогдсон ч эцэг, эх, сурагчдын дунд байн байна сөхөгдсөөр байгаа нь энэ асуудал хэрхэн ужигарч, лавширсныг сануулах мэт. Хуваарь ёсоор өнөөдөр шалгалт өгч буй хүүхдүүд түр завсарлага авч байна. Хоёр өдрийн турш Монгол хэл бичиг, Англи хэл, Хими, Монгол Улсын түүхийн хичээлээр шалгагдсан сурагчид маргааш Математик, Газарзүй, Биологи, Монгол хэл, нөгөөдөр Нийгмийн ухаан, физик, Орос хэлний хичээлээрээ шалгалтаа өгнө.

Гэвч сайдыгаа хүртэл суудлаас нь буулгаж чадсан шалгалтын материал задарсан асуудал өнөө хэр дуулдсаар байна. Манай сайтад нэгэн сурагчийн эцэг эх хандсан юм. Тэд "ЭЕШ явагдаж байгаа энэ өдрүүдэд Боловсролын Үнэлгээний төвөөс боловсруулсан шалгалтын материал задарсан. Түүнийг нь дамлаж зарж байна. 800 мянган төгрөгөөр үнэлэгдэж, эцэг эхчүүдийг дарамтанд оруулж байна” гэв. Хэдийгээр энэ асуудлыг Боловсролын Үнэлгээний төвөөс эрс үгүйсгэж байгаа ч сурагчдын дунд  шалгалтын тест худалдаж авах тухай яриа нэлээд хүчтэй өрнөж байгаа нь эцэг, эхчүүдийн ярианаас илт. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг. Маргааш, нөгөөдрийн шалтгалтууд ихэнх сурагчдын хувьд тун хариуцлагатай байх үе. Учир нь энэ жилийн сурагчдын дийлэх нь математикийн хичээлээр шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн. Ийм хариуцлагатай үед БСШУС-ын яамныхан нүд, чих тавьж, хэрэв хууль бус ажиллагаа явагдаж байгаа бол түүнийг нь даруйхан зогсоохгүй бол шударгаар өрсөлдөх олон хүүхдийн ирээдүй мөнгөнөөс болж сүйрч магадгүй байна.   

Мэдээж ямар ч эцэг эхэд хүүхдээ аль болох сайн сургуулийн аятайхан ангид оруулах сонирхол байдаг. Гэвч амьдрал ямагт аливааг тэнцүүлдэг жамтай. Амьдралынхаа анхны гарааг өөрийнх нь хүчээр бус өнгө мөнгөөр "зодож” эхлүүлбэл ирээдүйг хуурч байгаагаас ялгаа юун. Ер нь шалгалтын материал задарсан өнгөрсөн жилүүдэд байнга л гарч ирсэн. Гэхдээ энэ жилийнх шиг сайдын суудалд хүрч байсан тохиолдол үгүй ч Боловсролын Үнэлгээний төвөөс боловсруулсан шалгалтын материал задарсантүүнийг нь 800 мянган төгрөгөөр дамлаж зарж байна гэх шуум гарсаар л байна.

 

Эх сурвалж: Б.Өрнөх


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!