Г.Шийлэгдамбын шүүх хурал МАХН-ын рейтингийг унагаах уран мэх үү

🕔 2017/06/12 11:31

Г.Шийлэгдамбын шүүх хурал МАХН-ын рейтингийг унагаах уран мэх үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа эхлээд зургаа хонож байна. Нэр дэвшигчид сурталчилгаагаа ид эрчимжүүлж, тал талд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогчидтойгоо уулзалтаа хийсээр явна. Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд бол нэр дэвшигчээ сойж буй улс төрийн намуудын хувьд тун эмзэг үе. Сонгогчдын сонголт хаашаа ч холбирч мэдэх эгзэгтэй цаг үе учир өөрсдийнхөө талаар ямар нэгэн таагүй мэдээлэл гарахаас эрс сэрэмжилдэг. Мэдээж санаатай, санаандгүй муу мэдээлэл тараагддаг ч тэр болгон хууль шүүхийн байгууллага холбогдоод байдаггүй. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар яалт ч үгүй ийм байдал үүсэх нь.

 

Өөрөөр хэлбэл  Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбын шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээГ.Шийлэгдамба бол МАХН-ын салшгүй нэг хэсэг. МАХН үүсэн байгуулагдахаас эхлээд Н.Энхбаярыг түшиж, хүнд хэцүү цаг үед нь тулгуур болж байсан хүн бол тэр. Тиймдээ ч МАХН төрийн эрхийг хамт барилцахдаа өөрийн мэдлийн сайдын нэг суудлаа түүнд "итгэмжилсэн”. Г.Шийлэгдамба ч түүний итгэлийг алдахгүйн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсний "ачаар” өнөөдөр шүүхийн танхимд шүүгдэхээр болсон билээ. АТГ-ын мэдээлснээр тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм. Хамгийн харамсалтай нь МАХН түүнийг хэрэгт оронгуут түлхсэн. Улс төрд найз байдаггүйн жишээг өнгөтөөр харуулж, Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба, Л.Цог гурвын явган хэрүүл хэвлэлээр нэг шуугисандаг.

 

Гэвч сонгуулийн сурталчилгааны энэ цаг үед Г.Шийлэгдамбын гэм бурууг шүүх хурал болж буй нь МАХН-ын хувьд хангалттай муу мэдээ болж мэдэх. Ханилж яваа нөхрөө, унаж яваад морио гэдэг монголчуудад замын дундаас нөхрөө "хаясан” МАХН-ын тухай дахин бодоход хүргэж болзошгүй.Шүүх ямар ч шийдвэр гаргасан тэр нь МАХН-ын нэр хүндэд нөлөөлнө. Г.Шийлэгдамба өнгөрсөн хугацаанд өөрийгөө ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Зөвхөн Н.Энхбаярын даалгавараар намдаа хөрөнгө оруулалт оруулах гэж байсан хэмээн мэдэгдэж ирсэн.

 

Энэ талаараа өөрийн бичсэн ил захидалдаа "МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм. Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно. Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 ам долларыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 ам долларыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан” хэмээн бичсэн байдаг.

 

Харин Н.Энхбаяр үүнд "Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтанд орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” гэх тайлбарыг өгсөн билээ. Хэрвээ Г.Шийлэгдамбын энэ мэдэгдэл үнэн бөгөөд шүүхээр тогтоогдвол Н.Энхбаяр буруудна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр намын дарга нь буруутгагдвал түүн шиг хар пи ар гэж үгүй. Эсрэгээрээ Г.Шийлэгдамба буруутсан ч мөн л МАХН-д халтай. Учир нь өнөөг хүртэл түүнийг Н.Энхбаярын итгэл хүмүүн, эхнэр О.Цолмонгийн баруун гар хэмээн цоллож ирсэн. Албан байгууллага дээрээ авлига аваад сууж байдаг хүнийг баруун гараа, итгэлт хүнээ болгосон Н.Энхбаяр, О.Цолмон нар чухам ямар хүмүүс бэ гэдгийг бас л бодоход хүргэж, сонголтоо ч эргэж магадгүй. Учир нь нэр дэвшигч С.Ганбаатарын ард МАХН, МАХН-ын ард Н.Энхбаяр байгаа. Зарим нэг нь энэ намыг ганц хүний нам ч гэдэг. Хэдийгээр олон дарга, цэрэгтэй ч эцсийн шийдвэрийг Н.Энхбаяр гаргадгийг олон жишээ харуулдаг

 

Ямартай ч Г.Шийлэгдамбын шүүх хурал сонгуулийн сурталчилгааны эгзэгтэй цаг үед МАХН-д хор болж магадгүй нь. Бүр урьдчилан тохирсон МАХН-ын рейтингийг унагаах мэх үү гэх хардлагыг төрүүлж буйг нуух юун.  Учир нь С.Ганбаатар бол өрсөлдөгчдийнхөө хувьд тийм ч "зөөлөн самар” биш билээ.

 

Б.Ариун


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!