Ө.Оюунбаатарыг эргүүлэн татах уу

🕔 2017/06/08 13:41
 
 

УИХ-ын ээлжит сонгуулийн дараа ялалтын туг мандуулж чадсан улстөрийн хүчин төрийн бүхий л шатны албанд өөрсдийн хүнээ байршуулдаг бичигдээгүй хуультай. Тэгвэл өнгөрөгч 2016 оны ээлжит сонгуулийн дараа Геологийн төв лабораторид МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдон очсон Ө.Оюунбаатар тус айлыг самарч байгаа тухай хөндлөнгийн мэдээлэл байна.

      Урьд өмнө доголдолгүй ажиллаж байсан энэ айлыг нэг жил хүрэхгүй хугацаанд ийнхүү дампууруулахдаа тулсан Ө.Оюунбаатарын ажлын дадлага туршлага, мэдлэг боловсрол дутсан хэрэг үү. Эсвэл тэрбээр төрийн албыг ийнхүү хувийнхаа сэдэл, зоргоор аашилан удирдана гэж бодов уу. Нөгөө бол эрх баригч намын боловсон хүчний бодлого алдагдаж, бүр боловсон хүчингүй болчихсон хэрэг үү. Тиймээс арга ядахдаа Ө.Оюунбаатар мэтийн нөхрөөр байгууллага удирдуулахдаа тулжээ гээд олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэнэ. Энэ нөхрийн чухам ямар боловсролтой, ажлын ямар дадлага туршлагатайг мэдэх юм алга. Гаргаж байгаа шийдвэр тушаал, алдаа завхарлаас нь харахад ийн хэлэхэд хүргэсэн хэрэг.

         Намаас томилж болдог юм бол бас буцаагаад татаж болдог гэдгийг харуулах цаг нь болсон юм биш үү. Ажлын хариуцлага алдсан ямар ч албан тушаалтантай хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд буй МАН дотор ч ийм яриа өрнөж байгаа бололтой. Засгийн газрын гишүүн БСШУС-ын сайд Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр саяхан огцрууллаа. Зөвхөн Ерөнхий шалгалтын тест задруулсан ганцхан үндэслэлээр шүү дээ. Гэтэл байгууллага удирдаж байгаа Ө.Оюунбаатар эдийн засгийн хямралтай үед олон хүнд цалингүй чөлөө олгож хохироосон. Бүтцийн өөрчлөлт нэрээр ажилчдыг хууль бусаар халсан нь шүүхээр тогтоогдсон,  Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дарга тэргүүлэгчдийг шахах дарамтлах маягаар хууль бус хурал зохион байгуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу халагдсан ажилчдын тэтгэмж олгоогүй, нийгмийн даатгалд өртэй улмаас ажилчдыг хохироосон гээд чамгүй олон үндэслэл дурдаж болно.

         Үүнээс харвал ганцхан хууль бус шийдвэр л түүнийг ажлаас нь буулгах нь хангалттай шалтгаан болж байна. Салбарын сайдыг ганцхан үндэслэлээр огцруулж болж байхад нэг байгууллагын даргыг ийм олон шалтгаанаар халахад яагаад болохгүй гэж. Бидний сонсож байгаагаар бол эрх баригч намынхан алдаа эндэгдэл гаргасан хэнийг ч хариуцлага тооцож, ажлаас нь буулгана хэмээн дүрэмдэж байгаа. Магадгүй энэ нь манай нийгэмд тогтож байгаа маш сайн жишиг хэмээн ард олон ч ам сайтай байна. Тэгэхээр энэ бодлогоо хэрэгжүүлж, хариуцлага тооцох цаг нь аль хэдийнээ болжээ.

        Аймаг удирдахаас эхлээд УИХ-ын танхимд найман жил хууль батлалцсан Ж.Батсуурийн ганцхан алдааг уучлаагүй нам Ө.Оюунбаатарын энэ олон алдааг уучилж толгойг нь илэх нь юу л бол. Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт "төрийн тогтвортой байдал, ажилчдын ая тухыг хангуулан ажиллах” чиг үүрэг тусгагдсан байгаа. Нөгөө талаас цалингүй чөлөө олгож, ажлаас халах нь бүү хэл "ажлын байр нэмэгдүүлэх” тухай ч зүйл заалт бий. Үүнийг хэрэгжилтыг бүх шатны байгууллагын дарга нарт үүрэг болгосон байж таарна. Гэтэл захын нэг нөхөр намын мөрийн хөтөлбөр, төрийн бодлого шийдвэрийг үл ойшоон, ажилчдын эрх ашгийг хохироон суугаа нь даанч харамсалтай. Геологийн төв лаборатори нь чиг үүргийн хувьд Уул уурхайн яамд хамаарагдах учраас салбарын сайд ч чихийг нь халууцуулж байгаа Ө.Оюунбаатарт хариуцлага тооцох байх. Эрх баригч намын мөрийн хөтөлбөр гэдэг нь төрийн шийдвэр гэдэг байх аа.

Х.Баатар

Шуурхай.мн

http://www.shuurhai.mn/?p=150715


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!