Сайдаа үл тоож, “Хонхны баяр”-ыг нууц хэлбэрт шилжүүлжээ
Хаврын сүүл сар гарч, сүүлчийн хонхны жингэнэх чимээн дуу өдөр өдрөөр ойртсоор л... Дөнгөж арван жилийн сургуулийн ахлах ан¬гиа төгсөж, амьдрал гэх их да¬лайд хөл тавихаар яарах хүүхдүүд "сүүлчийн хичээлийн өдөр”-ийг инээд хөөр, баяр баяслаар дүүрэн сэтгэл догдлон хүлээж буй.
Арга ч үгүй биз. Үргэлж хүүхэд насандаа байх мэт төсөөлөн 10 жил сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан үе тэнгийн найз нөхөд, өөрсдийнх нь төлөө эцэг, эхээс нь өөрцгүй сэтгэл гаргах ангийн багшаасаа салж байгаа учраас сүүлчийн хичээлийн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэх нь аргагүй. Тиймээс ч тэд улсын шалгалтаас гадна монтажны зураг авалт, хонхны баяраа хэрхэн тэмдэглэх тухай сэтгэл догдлон ярилцаж суугаа.
Харин сүүлчийн хонхны жингэнэх чимээ эцэг, эхчүүдийн сэтгэлийг түгшээж, тэдэнд дарамт авчирсаар хэдэн жилийг ардаа үдлээ. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын хонхны баярын тэмдэглэлт үйл ажиллагаа хэрээс хэтэрч, эцэг, эхчүүд болон амьдралын боломж тааруухан хүүхдүүдэд ихээхэн дарамт учруулах болсон.
Хонхны баяраас хойш насан туршдаа нандигнан хайрлаж, хадгалж явдаг анги нийтийн гэрэл зурагны үнэ 60 мянга хол давж,
"Төгсөх сурагчийн уянга” дуугаар өндөрлөдөг хонхны баярын нээлтийн үйл
ажиллагаа архи дарс, баар, ресторан, аялал зугаалгаар өндөрлөх болсон нь
нууц биш. Харин энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай
хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх том ажил эцэг, эхчүүдийн толгой дээр
бууж байна. Уг нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ юу сурч мэдсэнийг харж,
тэднээрээ бахархан суух ёстой атал хонхны баярынх нь мөнгийг хэрхэн олж
өгөх вэ хэмээн шаналж суух болжээ.
Сүүлчийн хонхны жингэнэх
чимээ ойртож байгааг илтгэх мэт ойр орчим болон цахим хуудаст энэ
талаарх яриа өрнөх болов. Хэд хоногийн өмнө гэхэд фэйсбүүкийн нэгэн найз
маань өөрийн цахим хуудастаа ийнхүү сэтгэгдэл үлдээсэн байлаа.
Тэрбээр, "Нэг найз минь над руу залгаад хүүгийн хонхны баярт нэг хүүхдээс 270 мянган төгрөг хураахаар боллоо. Мөнгөө яаралтай хураалга гэсэн гэнэ. Цалин буутал мөнгө зээлээч” хэмээн ярив. Найзаасаа юунд зарцуулах тухай лавлан асуутал сургуульдаа бэлэг авч өгөхөд 40 мянга, багш нарын бэлгэнд 45 мянга, бага ангийн багшдаа 10 мянга, ахлах ангийн багшдаа 40 мянга, сургуулийн засварт 20 мянга, хонхны баярын чимэглэлд 5,000 төгрөг хураана гэж хариулав” хэмээн бухимдан бичжээ.
Энэ бол ганцхан жишээ. Үүнээс гадна мянга мянган эцэг, эхчүүд хонхны баярын мөнгө гэх томоохон давааг давах даалгавартай болжээ. Тиймээс "Монголын мэдээ” сонин энэ удаагийн "Дугаарын сурвалжилга” буландаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хонхны баяртаа хэдэн төгрөг зарцуулж буйг сурвалжиллаа.
САЙДЫН ТУШААЛ ХЭРЭГЖИХ ҮҮ
БСШУСЯ-аас авсан мэдээллээр Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233,545 сурагч суралцаж байгаа аж. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд XII ангийг 15 мянга, IX ангийг 14,200 хүүхэд төгсөх гэнэ. Харин хөдөө, орон нутгийн хэмжээнд XII ангийг 22,501, IX ангийг 21 мянган хүүхэд төгсөх юм байна.
Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг 37,501, IX ангийг 35,200 сурагч төгсөнө. Үүнээс харахад 70 гаруй мянган хүүхэд хонхны баяр тэмдэглэх нь. Уг нь салбарын сайд Ж.Батсуурь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд "Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гаргасан.
Тус тушаалыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.15 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дугаар заалтыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн "Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор гаргажээ.
Энэхүү тушаалд "Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон байна. Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлсэн. Гэвч салбарын сайдын гаргасан тушаал амьдрал дээр хэрэгжиж буй нь эргэлзээтэй байгаа юм.
В.ХОРОЛГАРАВ: XII АНГИЙН ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛ ХОНХНЫ БАЯРААР ЗУГААЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч БИ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ
Дээр дурдсанчлан салбарын сайдын гаргасан тушаал бодит байдал дээр хэрхэн биеллээ олж байгаа нь тодорхой бус байгаа юм. Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Ерөнхий боловсролын сургуулиудын захирал болон нийгмийн ажилтантай уулзаж, салбарын сайдынхаа гаргасан тушаалын биелэлтийг хэр гүйцэтгэж буй тухай ярилцахаар шийдлээ. Ингээд бид Орос, Монголын хамтарсан III сургуулийг зорилоо. Биднийг очих үед бага ангийн сурагчдын хичээлийн цаг эхлэх дөхсөн тул эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан ганц нэгээр цувран сургуулийн зүг алхаж байгаа харагдав.
Бид эхлээд тус сургуулийн захирал В.Хоролгаравтай уулзаж, хонхны баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ямар арга хэмжээ авч буйг тодруулав. Тэрбээр "Шат шатны сайд, дарга нарын захирамж, тушаалын дагуу сургуулийн захирлын тушаалыг гаргасан. Сургуулийн захиргаанаас багш нарын хурал хийж, "Эрдмийн баяр” тэмдэглэх тухай тушаалыг танилцуулсан. Өнгөрсөн жил ч энэ зарчмаар ажилласан.
Гэтэл эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадаа зогсоож хиймээр байна гээд хуучин сэтгэлгээгээрээ хандаад байдаг юм. Уг нь "Эрдмийн баяр”-аар сурагчид багш, эцэг, эхдээ юу сурч мэдсэнээ тайлагнахад мөнгө, төгрөг орох шаардлага байхгүй. Хөдөө, орон нутагт аялал зугаалгаар явах, ресторанд орохыг ихэвчлэн эцэг, эхчүүд өөрсдөө санаачилдаг. Яах вэ, энэ асуудалтай зарим сургуулийн багш нарын нэр холбогддог.
Гэхдээ сургууль болгон адилхан биш. Сургууль болгоны багш, эцэг, эх өөр шүү дээ. Юм бүхний бурууг сургууль, багш нарт тохож болохгүй. Эцэг, эхчүүд өөрсдөө санаачилга гаргаж, өргөдөл бичээд ирцгээдэг. Манай сургуулийн XII ангийн эцэг, эхийн зөвлөл над дээр орж ирсэн. Би зугаалах тухай асуудал байж болохгүй гэдгийг хэлсэн” гэв.
Тус сургуулийг энэ жил 147 сурагч төгсөж байгаа бөгөөд тэд "Эрдмийн баяр”-аараа сургуулийнхаа ойр орчмыг цэцэгжүүлэх үүднээс хүүхэд бүр нэг хайлаас тарих юм байна. Мөн нээлтийн ажиллагааны үеэр гэрчилгээгээ гардаж авахын зэрэгцээ бага ангийн багшаараа дурсамж хичээл заалгаснаар "Эрдмийн баяр” өндөрлөх гэнэ.
Харин аялал зугаалгад явах, мөнгө төгрөг хураах асуудал байхгүй гэдгийг тус сургуулийн захирал онцолж байлаа. Тиймээс бид III сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, "Эрдмийн баяр”-аа хэрхэн тэмдэглэх тухай асуув. Бидний эхний уулзсан сурагч бол XII ангийн сурагч бөгөөд тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв. Тэрбээр "Одоогийн байдлаар шалгалтдаа бэлдээд тун завгүй байгаа.
Хонхны баярын тухайд гэвэл нийт төгсөх ангийн сурагчид сургуульдаа өдөрлөг маягаар тэмдэглэнэ гэсэн. Түүнээс аялал зугаалгад явахгүй. Манай ангийнхан дунд аялал зугаалгаар явах санал гарсан. Гэхдээ би явахгүй гэж бодож байгаа. Бусад хүүхдүүд явж магадгүй. Би хувьдаа хонхны баяраар мөнгө хурааж, аялал зугаалгад явж сүржин тэмдэглэх шаардлагагүй гэж боддог” хэмээн ярьсан юм.
ЗАРИМ АНГИУД ЗӨВХӨН УУЖ, ИДЭХИЙН ТӨЛӨӨ ЗУГААЛГАД ЯВДАГ ГЭВ
Манай сурвалжлах хэсэгтэй таарсан дараагийн эх сурвалжийг Б гэдэг бөгөөд III сургуулийн XII ангийн сурагч. Харин тэрбээр бидэнд "Өнгөрсөн жилийн XII анги төгсөгчдийг зугаалгад явахыг хориглож байсан. Тиймээс манай ангийнхан өнгөрсөн есдүгээр сард намрын зугаалга хийчихсэн.
Нэг үгээр хэлбэл, хонхны баярын зугаалгыг хавар хориглох учраас намар зугаалчихсан гэсэн үг. Манай ангийнхан өнгөрсөн есдүгээр сард ойрхон амралтын газар руу өдрийн цагаар явж сагсан бөмбөг болон гар бөмбөг тоглож байгаад л ирсэн. Уг нь хүүхдүүд зугаалгадаа элдэв асуудал гаргахгүй явбал зугаалга хийх нь сайхан. Гэхдээ зарим ангиуд зөвхөн ууж, идэхийн төлөө л зугаалгад явдаг. Харин манай ангийн хувьд тийм асуудал байхгүй. Энэ жил сургуулийнхаа XII ангийн сурагчидтай багш нарын зөвлөгөөний хурал хийсэн.
Хурлын үеэр хонхны баяраар ямар нэгэн аялал зугаалгад явж, ресторанд орохгүй байх тухай сурагчдын гарын үсгийг зуруулж, баталгаажуулсан” гэв. Ямартай ч, тус сургуулийн хувьд хонхны баяраа ийнхүү тэмдэглэхээр болжээ. Ингээд бид III сургуулийн ойролцоо байрлах Сүхбаатар дүүргийн XVI сургуулийг зорив.
ЭРДМИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ ТУШААЛЫГ ЗӨРЧИХГҮЙ
Тус сургууль автомашины замтай ойр байрладаг учир эцэг, эхийн төлөөлөл эргүүлд гарсан байлаа. Тэд бага ангийн сурагчдыг зам хөндлөн гарахад нь тусалж байсан юм. Манай сурвалжлах хэсгийг XVI сургуульд очиход аль хэдийнээ бага ангийн сурагчид хичээлдээ суухаар цугласан байв.
Ингээд бид тус сургуулийн захирал О.Пүрэвжаргалтай уулзсан юм. Тэрбээр "Энэ жил манай сургуулийн IX, XII ангийг нийт 192 хүүхэд төгсөнө. Сүхбаатар дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ирэх зургадугаар сарын 09-нд "Эрдмийн баяр”-аа тэмдэглэнэ. БСШУС-ын сайдын тушаал болон нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарсантай холбогдуулан манай сургууль дотооддоо захирлын тушаал гаргасан.
Энэ дагуу "Эрдмийн баяр”-ыг зургаадугаар сарын 09-нд эцэг, эхчүүддээ юу сурсан, мэдсэнээ тайлагнах зорилгоор тэмдэглэхээр болсон. Мөн гэрчилгээ гардуулах ёслол болно. Ямар нэгэн байдлаар аялал
зугаалга, баар, ресторанд орохыг сургуулийн хэмжээнд хориглосон. Энэ
тухай хориглосон заалт гаргаад багш нарын зөвлөгөөний хурал хийсэн. Уг
хуралдаа төгсөгчдөө оруулсан” гэсэн юм. Мөн түүнээс БСШУС-ын сайдын
тушаал болон сургуулийн захирлын тушаал гарчихсан байхад аялал,
зугаалгад явбал ямар арга хэмжээ авах талаар тодруулахад тэрбээр
"Хийхгүй. Хориглосон тушаал гарчихсан байхад зөрчихгүй. Сурсан мэдсэнээ
эцэг, эхчүүддээ тайлагнана” гэх хариултыг өгөв.
Түүнчлэн тус
сургууль мөн л XII ангийн төгсөгчдийн нэрэмжит "Боловсрол төгөл”-д мод
тарих ажлыг зохион байгуулах гэнэ. Бид ийнхүү ярилцсаны дараа төгсөх
ангийн сурагчидтай уулзлаа. Тэд мөн л хонхны баяр биш "Эрдмийн баяр” буюу тайлан өдөрлөгийг сургуулийн хэмжээнд зохион байгуулахаар болсон хэмээн ярьцгаав.
ХЭДЭН ТӨГРӨГ ХУРААХ ЭСЭХИЙГ АНГИЙН ХУРЛААР ШИЙДНЭ
Манай сурвалжлах хэсгийн очсон дараагийн сургууль бол Ататуркийн нэрэмжит V сургууль. Бид тус сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээл тарсны дараа очиж таарав. Харин сургуулийн захирал, нийгмийн ажилтан нь семинарт суухаар явсан тул эзгүй байсан. Тиймээс манай сурвалжлах хэсэг олны хэлж заншсанаар Дарь-Эхэд байрлах 102 дугаар сургуулийг зорив. Бид тус сургуулийн захирал болон нийгмийн ажилтантай уулзах гэсэн ч эзгүй байсан юм. Ингээд бид ахлах ангийн сурагчидтай уулзаж ярилцсан. Манай сурвалжлах хэсэгтэй таарсан есдүгээр ангийн хоёр сурагч бидэнд ийн ярив.
Тэд "Ирэх пүрэв гарагт эцэг, эхийн хурал хийнэ. Эцэг, эхийн хурлаар хонхны баяраа хэрхэн тэмдэглэх, хэдэн төгрөг хураах эсэхээ ярина. Сургуулийн хэмжээнд хонхны баяраар аялал зугаалгад явахгүй байх тухай мэдэгдсэн. Манай анги бараг зугаалгад явахгүй байх. Учир нь манай багш тиймэрхүү зүйлд дургүй. Ямартай ч эцэг, эхийн хурлын дараа бүх зүйл тодорхой болох байх” гэв.
Өөр нэг сурагчтай таарсан ч бидэнд "Хонхны баяр зохион байгуулах талаар тодорхой мэдсэн зүйл байхгүй. Одоогийн байдлаар манай ангийнхан улсын шалгалтдаа бэлдэж байна” гэх хариултыг өгсөн. Мөн манай сурвалжлах хэсэгт нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж хандсан юм. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр түүний хүүхэд есдүгээр ангид сурдаг гэнэ. Хонхны баярыг тохиолдуулан нэг хүүхдээс 100 мянган төгрөг хурааж байгаа аж. Дээрх мөнгийг аялал зугаалга, монтаж болон ангийн багшдаа бэлэг авахад зарцуулна гэсэн юм.
ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ХОНХНЫ БАЯРЫН ХАНШ 65-270 МЯНГАД ХҮРЧЭЭ
Сургуулийн захиралуудтай уулзахад тэд салбарын сайдын тушаалын дагуу хонхны баяр биш "Эрдмийн баяр” буюу тайлан өдөрлөг хийнэ гэдгийг онцолж байлаа. Харин төгсөх ангийн сурагчид хонхны баяраа хэрхэн тэмдэглэх тухай тоймтой хариуг бидэнд хэлээгүй юм. Гэсэн ч ЕБС-ийн сурагчид хэт өндөр үнээр хонхны баяраа тэмдэглэж буй мэдээлэл цахим ертөнцөд тасрахгүй үргэлжилсээр л байна.
Бидэнд ирсэн мэдээллээр нэгэн дүүрэгт нэгдүгээр ангийн үсэглэлийн баяр 60 мянгад хүрсэн гэнэ. Зарим сургууль төгсөлтийн баяртаа 100 мянга хол давсан мөнгө зарцуулж байгаа аж. Энд нэгэн тооцоо хийж үзье. 35 сурагчтай анги хонхны баяртаа зориулж нэг хүүхдээс дор хаяж 65 мянган төгрөг цуглууллаа гэж бодоход хоёр сая 275 мянган төгрөг болж байна.
Харин 270 мянган төгрөгөөр бодоход есөн сая 450 мянган төгрөг цугларч байгаа юм. Энэ их мөнгөөр дөнгөж арван жилийн сургуулиа төгсөж буй хүүхдүүд юу хийх вэ. Дээрээс нь хонхны баяртаа зориулж шинэ костьюм, даашинз авахаас гадна үсчин, гоо сайханд хэчнээн төгрөг зарцуулах вэ. Ингээд бодохоор ЕБС төгсөж буй 18 настай хүүхдийн "Эрдмийн баяр”-ын тайлан өдөрлөг гэхэд хэцүүхэн.
Олны үг ортой гэдэг дээ. Сайдын тушаал гарсан ч жил бүр ЕБС-ийн сурагчид хонхны баяраараа аялал зугаалгад явцгаадаг. Тэгвэл энэхүү тушаалын хэрэгжилтэд хэн хяналт тавих ёстой гэдэг асуудал урган гарна. Ямартай ч, ЕБС-ийн сурагчдын хонхны баяр сайдын тушаалыг зөрчиж нууцаар үргэлжлэх нь бололтой.
Н.БАТЗАЯА, МОНГОЛЫН МЭДЭЭ