Зэсийн үнэ өсөх таван ӨӨДРӨГ хүчин зүйл

🕔 2017/04/11 11:17

Зах зээл дээр үнэ хэрхэн тогтдог вэ. Үнийг аль нэг компанийн захиалга, эсвэл хэн нэгэн дарга, сайдын ашиг сонирхлоор өөрчлөн тогтоох боломжгүй юм. Нэг үгээр хэлбэл, үнэ эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёрхон үндсэн зүйлээс бүрддэг. Тэгвэл 2011 онд Монголын эдийн засгийг лангуун дээрх хамгийн үнэтэй бараа бол­гож чадсан гол зүйл бол мэдээж, Оюутолгой, бүр тодруулбал зэс.

 

 Зэсийн үнэ өсөх таван ӨӨДРӨГ хүчин зүйл

Тех­нологийн дэвшил шинэ оргилдоо тэмүүлж, түүний үндэс болсон энэ улаан металл хамгийн эрэлттэй эд болсон нь энэ байв. Харин өнөөдөр зэсийн үнэ Улаанбаатарт нэг их сонирхолтой сэдэв биш болоод удаж байна. Оюутолгой хэдэн жил дамнан шаварт сууж одоо ч энэ хүлэгнээсээ хэзээ гарах нь оньсого хэвээр л байна. Нэгэн цагт бидэнд санхүүгийн эрх чөлөөг бүрнээ мэдрүүлж чадсан зэс хэмээх энэ ашигт малтмал бидэнд ямар мэдээлэл өгөх бол. Он гарснаас хойш зэсийн үнэ Лондоны металлын биржид бараг 11 хувиар өссөнийг Wall Street Daily-д тэмдэглэсэн байв.

 

Тус сайтын ахлах шинжээч Мартин Хатчинсон "Энэхүү өөдрөг байдал үргэлжилнэ гэж би харж байна. Би дараахь таван зүйлээр зэсийн үнэ 2017 онд өснө гэсэн төсөөллөө хуваалцаж байна” хэмээн онцолсон байлаа. Түүний дүгнэлтийг энд сийрүүлье.

 

-Өдгөө дэлхий дахины эдийн засаг дахин сэргэж байна. Хурдтайгаар өсч буй бараа бүтээгдэхүүний үнэ, өндөр инфляц энэхүү бодлогод сэргэлт авчирна. Тэгвэл инфляцийн үүсгэх нөхцөл байдал дунд хожлын суудалд зэс л "сууж” байна.

 

-Ерөнхийлөгч Д.Трампын дэд бүтцийг хөгжүүлэн өргөжүүлэх төслүүд нь АНУ-ын өсөлтийг дүрэлзүүлэх түлш нь болох юм. Үүнээс улбаалаад үйлдвэрлэлийн S&P 500 индекс өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш 11 хувиар өсөөд байна. Тэгвэл энэхүү өсөлтийг хамгийн түрүүнд мэдрэх бараа бол мэдээж зэс. Дэд бүтцийн хөгжлийг зэсгүйгээр төсөөлөх аргагүй билээ. 2012-2016 онд дэлхийн эдийн засаг яагаад удааширсаны шалтгаан маш тодорхой. Зэсийн үнэ унаснаас үүдэлтэй. Харин одоо яагаад өсөлт мэдрэгдээд эх­лэв. Мэдээж, энэ улаан металлын эрэлтээс үүдэлтэй шүү дээ.

 

-Туркойз Хилл Ресурсын удирдлага дор байдаг Монголын Оюутолгой төсөл эхлэх хүртэл дэлхийн зэсийн нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй учраас өсөлтийн үндсэн суурь болох юм. Хэчнээн дэд бүтцийн үйлдвэрлэл АНУ-д өрнөсөн ч энэ бол маш том нөлөөлөл хэвээр байх болно. Монгол дахь улс төрийн эрсдэл бодитоор нүүрлээд байгаа. Иймээс ч тус уурхайн үйл ажиллагаа 2020 он хүртэл идэвхжихгүй байх магадлалтай. Даарин дээр давс гэгчээр Чилийн зэсийн уурхайн олборлолт буурчихсан байгаа. Индонези дахь Грасберг уурхайн нийлүүлэлт ч хязгаарлагдсан гээд олон зүйлс хэвээр байна.

 

-Тесла-гийн цахилгаан тээврийн хэрэгсэл бүхэн асар их хэмжээний зэсийн хэрэглээг өөртөө агуулж байдаг. Гэтэл Тесла корпораци ирэх онд 500 мянган ширхэг ийм тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээ зарлаад байна. Теслагийн энэхүү үйлдвэрлэл дангаараа зэсийн эрэлтийг 35 мянган тонноор нэмж байгаа гээд бод доо.

 

-Хоёр гол хүчин зүйлээс үл хамааран зэсийн эрэлт 2019 онд эрэлтээс давах магадлалтай. Эхний хүчин зүйл нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал нь зэсийн өөдрөг өсөлтийг дэмжиж өгнө. -Энэ жил зэсийн хомсдол үүснэ гэдэгт "Рио тинто” итгэж буй талаар http://www.afr.com-д мэдээлсэн байлаа. Зэсийн эрэлт 2019 онд төлөвлөгдсөн бүтээн байгуулалтаас ч давж мэдэх талаар олон шинжээч өгүүлж буй нь үүнийг илтгэх аж. Энэхүү байдал нь тун удахгүй зэсийн хомсдол үүсгэж мэднэ гэж олон хүн найдаж байгаа юм.

 

Ж.ЦОГЗОЛМАА

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!