Үхлийн урилга

🕔 2017/04/03 21:46
 
 

Өнөөдөр хар тамхины асуудал хаана ч хамгийн хурцаар тавигдаж байгаа. Энэ цагаан нунтгийн гайгаар олон ч хүн ажил амьдралаа золиосолсон. Санаатайгаар бусдын гараар могой бариулах нэгэн байхад санамсаргүйгээр тэдний хөлд чирэгдэх нь ч цөөнгүй. Зүүн өмнөд Азийн орнуудаас Хятад руу хар тамхи зөөвөрлөдөг Африкийн томоохон бүлэглэлийн гишүүнээр элссэн гэх монгол эгч дүүс Б.Хулан, Б.Халиун нартай холбоотой мэдээллийн мөрөөр миний бие урд хөршийн нийслэл Бээжин хотыг энэ сарын 12-ны өдөр зорьж, Улаанбаатараас хөдлөв.

Тэд  эрхбиш энэ буруу гарын наймаанд нутаг нэгтнүүдээ уруу татаагүй байлгүйдээ гэх бодол сэтгэл хоёрдуулж байсныг нуух юун. Гэхдээ л Бээжинд юу угтахыг урьдчилан тааварлашгүй. Хол биш ч гэсэн харь улсыг зорихын өмнөх өдөр УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болдтой уулзаж, анхныхаа мэдээллийг сонссон юм.

Аравдугаар сарын 12-ны өдөр. Намрын оготор шар нар ээсэн дулаахан өдөр байлаа.

Улаанбаатараас суусан  галт тэрэг өглөөний 6.50 цагт Замын-Үүдэд ирэв.  Галт тэрэгнээс буухад талбайд Бээжин руу явах унтлагын урт автобус зогсч байгаа харагдлаа. Тэр автобусанд сууж хилийн дээс даваад БНХАУ-ын Эрээн хотод хэсэг саатаад 14.00 цагаас Бээжинг зорьж хөдлөв.

Эргэн тойрны хүмүүсээс холын аянд гангар гунгар хийх тохитой хүнийг нүдээр хайсны эцэст 40 орчим насны эхнэр, нөхөр хоёртой танилцлаа. Тэд  Бээжингээс бараа бөөндөхөөр явж байгаа юм байна. Эхнэр нь сард нэг удаа урагшаа явдаг гэнэ. Харин нөхөр нь ээлжийн амралтаараа эхнэртээ хань болохоор дагалджээ. Унтлагын автобусанд тухалсан бид  өдөржин  явсаар оройн 21.00 цагийн үед жолоочийн зогссон замын буудалд хооллоод  цааш довтолголоо. Ингээд шөнийн 02.25 цагт Бээжингийн Му Ши Ёон дахь автобусны вокзал дээр ирж буухад шөнө дундын их хотын хөл хөдөлгөөн тасрах шинжгүй, гудамж талбайд нь  өнгө өнгийн гэрлэн  чимэглэл анивчиж нэлхийсэн бүгчим агаар угтан авлаа.

Аян замын танил бид гурвын хувьд  Монголоос өмсч гарсан хувцас халууцуулж эхэлсэн тул тайлж барьсаар вокзалаас холгүй "Хай Шин” гэх зочид буудалд хөл тавив. Замын танил Баясаа ах, Отгоо эгч  хоёртойгоо ярилцаж тохироод нэг өрөөнд орлоо. Хаашаа л харвал танихгүй барилга байшин, харь хэлийн  хотод тийм ч олон ирээгүй болохоор төөрөхгүйн тулд би буудлынхаа утасны дугаар, хотын газрын зураг сэлтийг аваад хотын төв рүү гарсан бол нөгөө хоёр маань үүрээр Бээжингийн зах руу бараагаа дарахаар явцгаав.

Миний зорилго бол Б.Хулан гэгч монголчуудаар үнэхээр хар тамхи тээвэрлүүлдэг нь үнэн юм болов уу гэдгийг мэдэх зорилгоор мэдээлэл цуглуулахаар ирсэн болохоор мөрөө хөөхийг чухалчиллаа. Мэдээж би мэргэжлээ нууцалж, хар тамхи тээвэрлэхээр ирж буй  эмэгтэйн дүрээр  түүнтэй уулзах учиртай. Б.Хулан бол Гуанжоу, Хонконгод дамжин амьдардаг, Бээжинд сардаа нэг л ирдэг гэх. Тэгэхдээ тэндхийн гар хөл болсон өвөрмонголчуудаар дамжуулан хар тамхи зөөлгөчихмөөр хүмүүсийг судлаад Гуанжоу руугаа буцдаг гэсэн мэдээллээс өөр мэдэх зүйл надад байхгүй.

Өглөөний 09.00 цагт буудлаасаа гарч Бээжингийн төвийн дүүргүүдийн нэг Ябуловыг зорилоо. Тэнд очоод Хулангийн хамгийн ойрын  хамсаатан болох  Бадралтай утсаар холбогдох ёстой. Бид гурвын буусан буудлынхаа ойролцоох газраас утсаар ярих нь дэндүү аюултай учраас би энэ дүүргийг сонгосон юм. Учир нь тэр дүүрэгт Монголын Элчин сайдын яам  байрладаг. Түүнчлэн тэндэхийн  Цагдаагийн газрынх нь байршлыг  хүнээр маш сайн заалгасан учраас эрсдэл тохиолдвол наад захын аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ингэж шийдсэн билээ. Одоо миний утсаар ярих хүн бол Өвөрмонголын Шилийн гол аймгийн  Баруун үзэмчин хошууны харьяат мөнөөх Бадрал гэгч. Тэр Бээжинд ирсэн  монголчуудыг онилж,  тамхи тээвэрлүүлэх ажлыг гардан зохион байгуулагчдын нэг гэсэн. Бадрал одоогоос арав гаруй жилийн өмнөөс Бээжинд суурьшжээ. Харин түүнээс өмнөх жилүүдэд Шилийн гол аймагт үйлчилгээ эрхэлдэг олон газруудаас татаас авдаг Мон Пин гэгчийн бүлэглэлд хар багаасаа зүтгэсэн ажээ.

Бээжин дэх Ябуловын гудамж

Бүлгийн толгойлогч Мон Пин гэх хятад  эр 2001 онд Хөх хотыг зорьж явахдаа засмал замын эргэлт дээр осолдож амь насаа алдсан тул нутгаасаа Бадрал наймуулаа Бээжинд орж ирсэн аж. Тэд нийслэл хотын гэмт бүлэглэлүүдтэй олон жилийн турш үзэлцсээр найман гишүүний хоёр нь л амьд үлджээ. Тэр хоёр ч удаа дээрмийн хэргээр хоригдоод гарсан бол сүүлийн жилүүдэд Хулантай нийлж хар тамхины наймаачдын сүлжээнд хүч түрэн орж ирсэн гэдгийг эх сурвалжууд өгүүлж байлаа.

Энэ хүний утасны дугаарыг олохын тулд би Улаанбаатараас гарахаасаа өмнө 32-ын тойрогт амьдардаг Б гэгчтэй уулзсан юм. Архинд донтсон Б-ийн хувьд Бадрал, Хулан хоёрыг сайн мэддэг бөгөөд тэдний захиалгаар  2011 оноос хойш хоёр ч удаа Хятад руу хар тамхи тээвэрлэж байсан. Харин түүний хамт явсан найз нь Хятадын цагдаад баригдаж, шүүхээс ял авсны дараа харин Б Монголдоо иржээ. Түүнийг одоо УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хилээр гарахыг нь нэгэнт хориглосон байна.

Таксинд сууж хурдны замаар 40 орчим минут давхисаар Ябуловт ирэв. Таксинд суусан цагаас  сэтгэл гэгэлзэж, нэг л айдастай болчихсоноо нуух юун. Түүнтэй утсаар хэрхэн ярих, сэжиг авахуулбал эрсдэлээ зөв тооцсон эсэхээ ч дахин дахин нягталж явлаа. Хэрэв намайг сэтгүүлч гэж мэдвэл гэх бодол  толгойд зурсхийх үед  өөрийн эрхгүй хөл чичирч,  гар салганана. Нэгэнт  нутгаасаа  хатуу шийдэж гарсан  болохоор ухрах замгүй гэж бодлоо. Тиймээс өөрийгөө тайвшруулах гэж хэрэндээ л  хичээж явсаар нэг мэдэхэд очих газраа ирсэн байв. Тэндэхийн ном сонин зардаг жижиг цэгээс утсаар ярихаар шийдэв.

Надад хоёр дугаар бий. Нэг нь Бадралынх, нөгөө нь Хулангийнх. Эхлээд Бадралын 158119….. дугаарын утас руу залгав. Хэдэнтээ дуудуулсны дараа эрэгтэй хүн "Вэй”  хэмээн утсаа авлаа. Түүний өөдөөс  би "Бадрал ахын утас мөн үү” гэж монголоор асуув. Тэрбээр "Тийм. Чи хэн бэ. Яах гэсэн юм” гэж байна. Хариуд нь би "Намайг Цэцэг гэдэг. Би Монголоос энд ирчихээд байна. Тантай уулзах гэсэн юм” гэлээ. Тэр хүн "Чи байранд суух гэж байгаа юм уу. Ямар учиртай хүн бэ” хэмээн лавлав. Би дахин Монголоос ирснээ дуулгаж, Хулан гэдэг эгчтэй уулзахаар ирсэн  тул та туслаач гэх мэтээр бидний яриа таван минут хэр үргэлжиллээ. Тэр нэлээд болгоомжилж буй нь илт байв. "Чи ямар буудалд буусан бэ” хэмээн надаас дахин асуулаа. Би ч ганц мэддэг төмөр замын буудлынхаа нэрийг хэлэв. Тэр цаашаа хятадаар хэдэн үг шулганаснаа надад хандан "Чи 13.00 цагийн үед ярь. Би одоогоор завгүй” гэж хэлээд утсаа тасаллаа. Түүнтэй ярьсны дараа би  номын мухлагийн ойр орчмыг нэлээд сайн нүдэлж аваад Бээжинд суугаа Монголын Элчин сайдын яамны байр руу явлаа.

Бага үдийн 10.20 цагт Элчин сайдын яамны байранд очиход дэд консул Д.Чинбаяр намайг тосч уулзав. Монголоос гарахаасаа өмнө сурвалжлагаар очих болсон тухайгаа тэдэнд мэдэгдсэн  тул төвөг учирсангүй. Тэндээс монгол иргэдийн тухай мэдээлэл сонсч суух зуур дэд консулын  гар утас руу Хятадын хориход ял эдэлж буй монгол залуу залгаж байгаа бололтой. Тэр Хулангийн дүү Халиуны уруу татсанаар хар тамхи тээвэрлэж яваад цагдаа нарт баригдаж, өнгөрсөн жил Хятадын Ардын дээд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л гэгч эрэгтэй байлаа.  Хятадын хорих ангид хоригдож буй монголчууд графикийн дагуу Элчин сайдын яам руугаа сард нэг удаа утсаар ярих эрхтэй. Энэ үеэрээ  тэд ар гэрийхнийнхээ сургийг гаргадаг аж. Д.Чинбаярын хэлснээр, энэ жилийг монголчуудынхаа эрхийг хамгаалах жил болгон зарласан. Энэ ажлынхаа хүрээнд хоригдож буй монголчуудаа эргэж тойрох, ар гэрийхнийх нь илгээмжийг хүргэх зэргээр холбоотой ажиллаж байгаа гэж тайлбарлав. Ингээд дэд консулын утсаар ял эдэлж буй  Л-тэй  холбогдон цөөн хором ярилцлах  завшаан таарсан юм.

-Сайн байна уу, биеийн байдал нь ямар байна?

-Биеийн байдал гайгүй л байна. Элчин сайдын яамны зүгээс ар гэрийхэнтэй холбож өгч байгаад үнэхээр талархалтай байна.

-Яаж яваад гэмт хэрэгт орчихсон юм бэ?

-Богино хугацаанд хялбар аргаар их мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөж яваад л ийм байдалд хүрчихлээ. Ядуу тарчиг ч бай, хүний нутаг руу явж хууль бус зүйл битгий хийгээрэй залуусаа гэж хэлмээр байна. Хүний нутгийн шоронд ял эдлэх маш хүнд юм.

-Монголчууддаа хандаад юу хэлэх вэ?

-Хүний нутгийн шорон хүйтэн, хүмүүс нь цэвдэг сэтгэлтэй цаанаа л ёозгүй юм. Ах дүү, аав ээжийнхээ дэргэд Улаанбаатарын шороотой гудамжиндаа лаазаа өшиглөөд эрх дураараа явсан минь ямар их эрх чөлөө, аз жаргал байсан юм бэ /хоолой нь зангирав/. Энэ шоронд орсон сүүлчийн монгол би л байгаасай. Хэн нэгэн чамайг хар тамхи зөөгөөд мөнгөтэй болохыг санал болгож байгаа бол  тэр чиний амьдралд ирж байгаа үхлийн урилга юм шүү. Тэр урилгыг бүү аваарай. Чи ажилгүй ч, ядарсан ч, өлссөн ч хар тамхи л битгий зөөгөөрэй. Монголоосоо ийм юм сэдээд гарах гэж байгаа бол та яг одоо болиорой. Энэ чийг даасан хүйтэн өрөөнд гартай гавтай, монгол хүнийхээ дуу  хоолойг ч сонсохгүй хүйтэн зэврүүн өрөөний тааз ширтээд хэвтэж байвал чамд ямар байх вэ гэдгийг л хатуу бодож үзээрэй. Би ийм л  зовлонг өөртөө бий болгосон хүн юм шүү дээ.

-Бүх насаараа хоригдох ял сонсоход…

-Хүний нутгийн шүүхээс үхлийн ял сонсоод зогсох хамгийн аймшигтай байсан. Ээж аав, нутаг ус, хог новшиндоо дарагдсан ч гэсэн сэтгэлд дулаахан  гудамж минь нүдэнд харагдаад л…  маш хүнд, үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан даа / утас тасрав/.

Түүнтэй холбогдсон хугацаа даанч бага байсан тул бидний яриа ийнхүү гэнэт өндөрлөсөн юм. Тэр утсаар ярьж байхдаа байн байн санаа алдаж хоолой нь чичирч байсан юм шүү. Бас монгол хүнийнхээ дууг сонсохоор хэдэн өдөртөө сэтгэлийн зовлон нь нимгэрэх шиг болдог хэмэн хэлж билээ. Бид олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс түүний яриаг "Eagle news” телевизийнхээ эфирт холбохыг хүссэн боловч Хятадын хорих ангиуд хүмүүжигчдийг утсаар яриулах өдөр, цаг,  минутыг маш нарийн тооцож гаргадаг тул дахин холбогдох боломж гарсангүй. Гэхдээ тэр утсаар ярьж байхдаа монголчуудыг гэмт хэрэгт бүү өртөөсэй гэдгийг чин сэтгэлээсээ дамжуулж өгөхийг хичээнгүйлэн хүссэнийг хэлэх нь миний үүрэг. Тэр Хятадын шоронд гар, сэтгэлийн гав дөнгөтэй бүх насаараа хоригдоно гэдэг юутай хэцүү.

Сэтгүүлч Нэргүй

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: eagle.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!