Баярын дараах бидний амьдрал
Азийн улс орнуудын эдийн засаг үргэлжлэн сэргэх төлөвтэй тухай олон улсын шинжээчид дуулгажээ. Үүнийг дагаад тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт өнгөрсөн оноос дөрвөн хувиар давах хандлагатай байгааг тэд ажиглажээ. Харин дотоодын зах зээл дээр хоёр жил гаруй хугацаанд өсөн дүүлсэн ам.долларын араншин "номхорч” эхэлсэн таатай мэдээтэй. Өчигдрийн байдлаар Төвбанкнаас гаргадаг валютын дундаж ханшаар ам.доллар 2461 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өнгөрсөн сараас даруй 20 гаруй төгрөгөөр суларсан үзүүлэлт юм. Тэр ч бүү хэл Монголбанк зах зээлээс ам.доллар худалдан авч эхэллээ. Цөөн үгээр хэлбэл энэ байдал валютын нийлүүлэлт нэмэгдсэнийг илэрхийлж буй юм. Гадаад валютын нийлүүлэлт нэмэгдсэнээр цаашид төгрөгийн ханш чангарах төлөвтэй. МУИСийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэг " Богино болон дунд хугацаанд ам.долларын ханш бага зэрэг буурах, улмаар тогтвортой байх боломж, нөхцөл харагдаж байна” гэсэн бол эдийн засагч Х.Батсуурь "Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсч байна. Тэгэхээр энэ оныг хүндрэлгүй давах боломж бүрдлээ. Харин үүнээс хойш яах вэ гэдэг том асуултын тэмдэг байсаар байна.
Монгол Улс дунд буюу урт хугацаанд маш хүнд байдалд орсон хэвээр байгаа” гэв. Мөн хэрэглэгчийн итгэлийн судалгаагаар эхний хагаст эдийн засгийн байдал сэргэж, нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт давамгайлж буй нь таатай мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйд эдийн засагт гарах өөрчлөлт "эерэг байна” гэж монгол өрхүүд дүгнэжээ.
Албан статистик үзүүлэлтээр өрхийн хэрэглээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр хувийн хэрэглээний зардал дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг гэсэн үг. Нөгөөтэйгүүр бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хамгийн том худалдан авагч нь монголын өрхүүд ч гэж ойлгож болох юм. Тэгвэл монгол өрхийн эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ?
Иргэдийн судалгаанаас үзвэл орон сууц, газар, гэр, үл хөдлөх хөрөнгө, автомашин, цахилгаан зэргийг худалдан авах хандлага 2015 онтой харьцуулахад эерэг гарчээ. Энэ нь өрхийн санхүүгийн байдал тухайн жилээс нааштай эргэсэн гэсэн үг. Учир нь, иргэд өмнө нь худалдан авалтаа танах чигтэй байсан бол ойрын зургаан сард тэлэх хандлага байгааг судлаачид ажиглажээ. Мэдээж хэрэглэгчийн итгэлийн судалгаа эдийн засгийн өсөлт, бууралттай байнгын хамааралтай байх нь гарцаагүй.
Тэгвэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар монгол өрхийн 61 хувь нь дундаж давхаргад хамаарч байна гэсэн дүгнэлт мөн гаргажээ. Тэдний тооцооллоор нэг өрхийн нэг хүнд ногдох жилийн орлого нь 2-6 сая орчим төгрөг байгаа аж.
БАЯРУУД БА ӨРХИЙН ЧАДАМЖ
Судлаач, эдийн засагч З.Манлайбаатар "Манай өрхүүдийн зээлийн дарамт нэлээд ихэссэн дүр зураг бий. Өнгөрсөн оны эцсийн байдлаар өрхийн хэрэглээнд харьцуулсан өр төлбөр 100 хувьд их дөхсөн дүнтэй. Тэгэхээр өрхийнхөө жилийн орлоготой тэнцэх хэмжээний зээлтэй байна гэсэн үг” гэжээ. Зөвхөн энэ байдлаас харахад баярын дараах бидний амьдрал өр, төлбөр дунд хөвөрч байгаа нь ойлгомжтой болж байна. Мөн баярын өдрүүдэд ямар зардал гаргасан болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болж байна. Тодруулбал, өнгөрсөн сард төгрөгийн хадгаламж 400 тэрбум төгрөгөөр, валютад байршуулсан хадгаламжийн хэмжээ 140 орчим тэрбумаар буурчээ. Энэ нь зөвхөн монголчуудын уламжлалт сар шинийн баяр тэргүүтэй цуварсан олон тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой өөрчлөлт байж ч мэдэх. УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа тэргүүтэн 2013 онд "Монголчууд цагаан сараар 730 тэрбум төгрөг зарлагадаж байна” гэсэн тооцоолол гаргасан нь бий. Үнэндээ тухайн үед Монгол Улс 730 гаруй мянган өрхтэй байв. Тэгэхээр эмэгтэй гишүүд "нэг өрх, нэг сая” гэсэн хувилбараар тооцоо хийсэн байх магадлал өндөртэй байгаа юм. Үүнийг хэтэрхий агаарын тоо гэж үзэж, тал хувийг нь хасахад л бид саяхан болсон сар шинийн баярыг 365 тэрбум төгрөгөөр тэмдэглэсэн болж таарах нь. Хэрэв энэ байдлаар үзвэл монгол айл бүрийн нэг иргэн сарынхаа цалингаар энэ баярыг тэмдэглэдэг байна. Гэвч нэг өрхийн 3-4 иргэн ажил хийж, амьдралдаа дэм болдог байдал манай улсад бараг үгүйтэй ижил.
Энэ мэт мөнгөн зардлын хувьд өрхөд нэлээд дарамт учруулдаг атлаа эргэж нөхөх эх үүсвэргүй байдгаараа цагаан сарын баяр халтай. Үүний зэрэгцээ богино хугацаанд бид "Гэгээн хайрын баяр”, "Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” -ыг угсруулан тэмдэглэв. Одоо тун удахгүй "Монгол цэргийн баяр” тэмдэглэхээр бэлтгэж байна.
"Зөвхөн "Валентины баяр” буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Монголын зах зээл дээр 1.8 тонн шоколад худалдаанд гарсан болохыг төрийн бус байгууллага тооцон гаргажээ”
Зөвхөн "Валентины баяр” буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Монголын зах зээл дээр 1.8 тонн шоколад худалдаанд гардаг болохыг төрийн бус байгууллага тооцон гаргажээ. Үүнийг мөнгөн дүнд шижүүлэх аргагүй ч мэдээж чамлахааргүй өртөг гарах нь дамжиггүй. Харин эмэгтэйчүүдийн баяраар ямар өртгөөр амьд цэцгийн баглааг биесдээ илгээж, ямар хэмжээний дарс тэргүүтэнээр зоог барьдгийг мөн л барагцаалах боломжгүй. Гэвч энэ бүхний ард өрхийн орлого улам бүр танагдсаар байдаг нь ойлгомжтой. Ядахад манай улсын дундаж давхаргын 70 орчим хувь нь зөвхөн цалингийн орлоготой гэдгийг хэлэх ёстой. Үнэндээ яг одоогийн байдлаар манай улсад инфляц хэдэн хувьтай байгаа тухай бодит мэдээлэл алга. Үндэсний статистикийн хороо цахим хуудаст "Инфляцийн түвшин 3.3 хувь” гэж тэмдэглэсэн хэдий ч хэзээний тооцоолол, ямар бараа бүтээгдэхүүн үүнд нөлөөлсөн зэрэг нь тодорхойгүй байна. Угтаа манай зах зээл дээр шатахууны үнэ нэмсэнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ордог уламжлал бий. Тэгвэл Нийслэлийн статистикийн газраас энэ сарын эхний долоо хоногт гаргасан мэдээллийг үзвэл хүнсний бараа бүтээгдэхүүний ханшид төдийлөн өөрчлөлт гараагүй дүр зураг харагдаж байна. Инфляцийн түвшин 3.3 хувь гэсэн мэдээллийг хамгийн сүүлийн үеийнх гэж үзвэл нэлээд нааштай мэдээ болох юм.
Д.Ганбаатар
Монголын үнэн