АТГ Н.Алтанхуягт ямар сануулга өгөв?

🕔 2017/01/27 11:37

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан байна. Харин Н.Алтанхуяг цагтаа ирэлгүй 19.00 цагт тус газар  хүрэлцэн очиж мэдээлэг өгчээ.

АТГ-аас гаргасан уг сануулгад:

"Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.

Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.” гэсэн байна.

Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухайд шалгагдах үндэслэлүүд бий гэдгийг хуулийнхан хэлж байгаа. Түүний  дүү Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг хууль бус тендерийн хэрэгт сэжигтнээр татсан талаар өмнө нь хэвлэлээр хөндөгдөж байсан.

Тэрээр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  "Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа  "Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж, шүүх гэм бурууг нь тогтоосон. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгчийн арилжааны банкин дахь харилцах дансанд нь "Ар дааган” гэх ХХК-ий данснаас ихээхэн хэмжээний мөнгийг "нүүрсний үнэ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь анхаарал татдаг. Ингээд "Багануур” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан "MGL SB”, "MGL SBD” ХХК-ий үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан М.Тулгын дансанд тухайн гэрээнд хамааралгүй аж ахуйн нэгжээс ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн асуудлыг Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлаж, лавшруулан шалгах болсон.

Гэтэл 2012 онд БСШУЯ-наас зарласан,Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарчээ. "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа. Нийтэд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж санасан учраас хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хэмжээнд нь үүгээр хязгаарлая.” хэмээн ярьсан байдаг.

У.Сайхан


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!