БНХАУ 25 жилд 100 сая айлын орон сууц барьжээ
Эрх баригчдын явуулж буй "хотжуулах” бодлогын ачаар жил бүр олон зуун мянган тариачин амьдрах газар хайн хүн ам цөөтэй, газар тариалан эрхлэх боломжтой гадаад орнуудаар хэрэн хэсүүчлэх болсон байна. Өөрөөр хэлбэл, хотод амьдарч чадахгүйгээ мэдсэн тариачид цагаачлах сонголтыг хийдэг болжээ. Төр засгаас нь ч дэмждэг бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлэлд "Нэг км2 газар нутагт 1.8 хүн ноогддог, газар нутгийн ихэнх хэсэг нь газар тариалан эрхлэхэд туйлын боломжтой шимт хөрстэй Монгол Улс Хятадын тариачдын зүглэх улс №1” гэж бичиж байна. Хятад судлаач Ж.К.Фербанк гэгч сүүлийн 20 жилд газраа Засгийн газарт алдсан 120 сая хятад тариачдын 100.000-ыг нь Монголд "шингэх” боломжтой гэсэн дүгнэлт ч хийсэн байх юм.
Тэрээр
"БНХАУ хэдийгээр дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болохоор
зүтгэж байгаа ч зарим статистик үзүүлэлтийг нь харвал… зүгээр л
аймшигтай гэсэн үг толгойд орно. Жишээлбэл, 2003-2006 оны хооронд
барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг
чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд "Та газар тариалан эрхлэх
чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Хятадад харь яалалгүй
газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний
төлбөр төлсөн байна. Үүнийг хараад зүгээр л "аан” гээд өнгөрч болно гэж
үү. "Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг
оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын
хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа
алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин
ойролцоогоор 2 му (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн
мэдээлэл хийж байна. Гэтэл энэ тоо аль 1996 онд л 1.59 му байсан шүү
дээ” гэж бичжээ.
Урд
хөршид 1996-2007 оны хооронд 125 сая тариачин газраа алдсан гэсэн
баримт Jinyang Net-д тавигдсан байна. Газрыг дэд бүтцийн зорилгоор
ашиглах ажил 2006 онд Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон
хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оноос улам эрчимжиж, бүх орон даяар
хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд
хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи
тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан
хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч
нэмэгдсээр байна.
Эрх баригчид хотжилтын төвшинг 2020 онд 60 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Цаашдаа өндөр хөгжилтэй орнуудын жишгээр иргэдийнхээ 70-аас доошгүй хувийг хотод амьдруулах зорилго тавьжээ. Өөрөөр хэлбэл, дотор газар дахь тариачдын тоо улам бүр багасч, гадагш чиглэх нүүдэл ихсэх нь тодорхой байна. 1990-ээд онд нийт ажилтай иргэдийн 55 хувь нь газар тариалангийн салбарт ажиллаж байсан бол 2015 онд 25 хувь болж буурчээ. Тоогоор илэрхийлбэл 300 сая тариачин хотод шингэсэн гэсэн үг. Хятадын айл өрхүүд ихэвчлэн 3-4 ам бүлтэй байдаг гэж тооцвол ойролцоогоор 100 сая айлын орон сууцыг БНХАУ дээр дурьдсан хугацаанд барьж босгожээ.
Б.Цогт-Ирээдүй
http://news.zindaa.mn/1x6u