ТОЙМ: С.Зоригийг хөнөөсөн гэх хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, Б.Булган Төрийн ордноор зочилов

🕔 2016/10/29 16:17

ТОЙМ: С.Зоригийг хөнөөсөн гэх хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, Б.Булган Төрийн ордноор зочилов

Энэ долоо хоногт Нийслэлийн 377 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн арга хэмжээтэй давхцаж улс оронд олон үйл явдал өрнөлөө. Тодруулбал энэ сарын 28-нд буюу баасан гаригийн орой "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг гэж андуурагдсан тээш олны анхаарлыг татав. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдон хоригдсон иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн. Харин эл үйл явдлын дараа мөн С.Зориг агсны гэргий батлан даалтаар гараад буй Б.Булган төрийн ордноор зочилж олны анхаарлыг татлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаад гарсан гэх мэдээлэл байна.

Нийслэлийн 377 жилийн ой тохиож байна

ТОЙМ: Нийслэлийн 377 жилийн ойтой давхцаж, тэсрэх бөмбөг, төрийн ордноор зочилсон Б.Булган нар олны анхаарлыг татав

Өнөөдөр нийслэлийн 377 жилийн ойн тохиож байна. Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. НИТХ-ын хүндэт тэмдэгээр 22 иргэнийг, МХЕГ-ын хүндэт тэмдэгээр - 1, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 6, нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр 5, нийслэлийн Тэргүүний ажилтан 2, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр нийт 5 хүнийг, нийт 42 хүний тус тус шагнаж урамшууллаа. Нийслэлийн баярыг тохиолдуулан дараах арга хэмжээнүүд болох юм.

Тэсрэх бөмбөг гэж андуурагдсан тээш олны анхаарлыг татлаа

Чингис хаан" олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт орхисон ачааны улмаас онц байдал зарласан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Учир нь орон нутгийн нислэгийн онгоцны тээшнээс сэжиг бүхий цүнх олдож, энэ нь тэсэрч дэлбэрэх бодис байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байсан.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр ачаанд тэсрэх бөмбөг байхгүй. Харин нисэх буудалд ажилладаг цахилгааны инженер цүнхээ орхиод явсан байснаас энэ асуудал үүсжээ. Цүнхэнд цахилгаан хэмжих багаж тэргүүтэй зүйлс байсан бөгөөд  яагаад цүнхээ орхиж явах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

С.Зоригийн хэрэгт холбогдон хоригдсон иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ

ТОЙМ: Нийслэлийн 377 жилийн ойтой давхцаж, тэсрэх бөмбөг, төрийн ордноор зочилсон Б.Булган нар олны анхаарлыг татав

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 2015 оны наймдугаар сарын 31-ээс өнөөг хүртэл 461-р хорих ангид хоригдож байгаа Б.Содномдаржаа, болон мөн сэжиглэгдэж байгаа н.Чимгээ нарын ар гэрийнхэн өнөөдөр /2016.10.27/ Зууны мэдээ үндэсний мэдээллийн төв дээр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд хандлаа.

Тэдний үзэж буйгаар хүн амины хэргээр 25 жилийн ял аван хоригдож байгаа н.Амгаланбаатар гэх хүний удаа дараагийн дарамталсан мессежээс улбаалан хүүг нь хэлсээр хорьж байгаа аж. Тодруулбал, 2014 оны хагасаас эхлэн Б.Содномдаржаагийн утсанд "чамайг ална, танайхыг сүйрүүлнэ, би чамтай хамт Зоригийг алсан, чи хүлээн биз дээ"  гэсэн дарамталсан зурвас удаа дараа ирдэг болсныг хадгалж, 28 хуудас бүхий мессежийг хэвлүүлэн хууль хяналтын байгууллагад өгсөн байна. Уг дарамтлагч нь 25 жилийн ялтай н.Амгаланбаатар гэгч байжээ. Харин тагнуулын ажилтнууд гэх хэсэг хүмүүс 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр 00 орохоор гарсан Б.Содномдаржааг ар гэрт нь мэдэгдэхгүйгээр хүчээр баривчлан, 461-т хорьсон байна. Түүнээс хойш ар гэрийнхнийг нь утасны ярианаас нь эхлээд байнга тагнан чагнаж, хэвлэл мэдээлэлд хандахыг нь хатуу хориглосон аж.

Гэтэл саянаас С.Зоригийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан, удахгүй шүүхэд шилжүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Б.Бясман нар мэдээлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор өдгөө хоригдож буй Б.Соднодаржаагийн ар гэрийнхний хардаж буйгаар эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөр тухайн хэрэгт ямар ч холбогдолгүй, ядарсан хэн нэгэнд хилс хэрэг үүрүүлж, хэргийг хаах гэсэн процесс явагдаж байгааг онцоллоо.

Нэмж өгүүлэхэд 1998 оны аравдугаар сарын 02 буюу С.Зориг агсны амиа алддаг өдөр Б.Содномдаржаа нь өөрийн гэртээ байсан бол Т.Чимгээ Эрдэнэтэд байсан байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ

ТОЙМ: Нийслэлийн 377 жилийн ойтой давхцаж, тэсрэх бөмбөг, төрийн ордноор зочилсон Б.Булган нар олны анхаарлыг татав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн хүрээнд танхимын сайд нарынхаа хамт сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт” хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, гадны хөрөнгө оруулалт болон ам.долларын ханшийн өсөлт, Мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар цаашид Засгийн газар хэрхэх вэ эдгээр болоод бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

МХЕГ, АМГ, Гааль, Татварын газар авлигад өртөх эрсдэлтэй агентлагуудаар нэрлэгджээ

Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийж байна. Ийм хөтөлбөр батална гэдгээ спикер чуулганы нээлтэн дээр хэлж байсан билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж,асуулт асууж байгаа юм. Л.Болд гишүүн хэлэхдээ " Монголын авлигын гол асуудал улс төрийн авлига. Нам дотор мөнгө тараадаг. Сонгуулийн авлига бүр нарийн болсон. Картаар нь мөнгө өгч байна, тусгай цалинтай болсон. Заагдсан хаягийнх нь дагуу очиж авлигаа аваад саналаа өгч байна. Дээр нь төрийн албан тушаалыг зарж байна гэх мэтчлэн 60 тэрбумын бичлэг одоо болтол яг аль нь үнэн юм бэ гэдгийг тогтоогоогүй байна. Гүтгэсэн юм бол хэвлэлийн байгууллага нь хариуцлагаа хүлээдэг, эвлүүлэг байсан гэдгийг нь нотлох ёстой.Нотлохгүй байгаагаас төрийн албанаас хүмүүсийг хэдэн мянгаар нь халж, оронд нь төрийн албыг борлуулж байна гэдэг хардлага төрүүлэх боллоо. Үүнийг бие даасан шинжээчээр нотлуул.”гэж байлаа. Зах харин Ерөнхийлөгчийн  хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Энэ бол хөтөлбөр. Хөтөлбөрт холбогдох хуулиудын заалт давхардаж байгаа гэхээсээ илүү Монголын төр авлигатай тэмцэх хүсэл зориг байна уу гэдгийг улс төрөөс ангид, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг агуулгыг тээж явах ёстой. Одоо байгаа зүйлийн ололттой зүйлүүдээ хадгалсан зүйлүүд хөтөлбөрт  бий.”  гэв.

За харин Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал "Авлигад өртөх эрсдэлтэй агентлагуудаас хамгийн эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хоёрт Ашигт малтмалын газар, гуравт Гааль, дөрөвт, Татварын ерөнхий газар орсон. Аймгуудаас хамгийн түрүүнд Баян-Өлгий, хоёрт Завхан, гуравт Дундговь, дөрөвт Өмнөговь аймгууд багтсан. Энэ нь ашигт малтмалтай холбоотой.” гэлээ.

Б.Булган Төрийн ордонд зочилж гишүүдтэй уулзав

ТОЙМ: Нийслэлийн 377 жилийн ойтой давхцаж, тэсрэх бөмбөг, төрийн ордноор зочилсон Б.Булган нар олны анхаарлыг татав

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг холбогдуулан цагдан хорьсноос хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Харин түүнийг өнгөрсөн есдүгээр сард сулласан билээ. Учир нь түүнийг хэрэгт хохирогчоор биш гэрчээр татан шалгаж мөрдөн байцаах ажиллагаа дууссан тул сулласан байна.

Тэгвэл олон нийтийн анхаарал дунд байдаг, өнөөдрийг хүртэл хэргийн талаар үнэн мөнийг өчөөгүй яваа Б.Булган хадагтай өчигдөр Төрийн ордонд морилов. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын нэр бүхий гишүүдтэй уулзсан байна. Гэхдээ ямар асуудлаар гишүүдтэй уулзсан нь одоогоор тодорхой бус нууц хэвээрээ байна.

У.Сайхан Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!