Н.ТҮМЭНБАЯР: БИ ГУРВАН САР ХОРИГДОХДОО ӨДӨР БОЛГОН УЙЛСАН

🕔 2016/10/28 11:56

Н.ТҮМЭНБАЯР: БИ ГУРВАН САР ХОРИГДОХДОО ӨДӨР БОЛГОН УЙЛСАН

 

Үхэр дайрч алсан хэргээр төв аймгийн цагдан хорих төвд гурван сар гаруй хоригдож байгаад гарч ирсэн эмэгтэй Н.Түмэнбаяртай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн цагдан хорих төвд О.Зориг агсны эхнэр Булганы хажуугийн камерт хоригдож байсан аж.

-Автозам дээр үхэр шүргээд ял эдлээд гарч ирсэн гэж сонслоо. Юу болсон юм бэ?

-"Тийм ээ. Үхэр дайрч алсан хэргээр шүүхээс 97 хоног баривчлах ял оноосон. Гурван сар Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаад наадмын өмнө Эмэгтэйчүүдийн хорих ангид тав хоног хоригдоод гарч ирлээ. Наадам болж байна, бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 95 жилийн ой болж байна гээд долоо хоногийн өмнө өршөөлөөр суллагдсан. Тэгээд Улсын дээд шүүхэд давж заалдах гээд өргөдлөө өгчихөөд явж байна.

-Юу болсныг тодорхой ярихгүй юу?

-Би 2015 оны наймдугаар сарын 12-ны орой 22:00 цаг өнгөрөөд Улаанбаатар хотоос Өмнөговь орохоор гарсан. Төв аймгийн зам Довын гуанз гэдгийн наад талд Дөлгөөн гэдэг газар явж байсан юм. Ширүүн бороо асгарч байсан. Гэнэт баруун гар талаас үхэр гарч ирээд шүргүүлсэн. Үхэр газар унаагүй тэр чигээрээ зам хөндлөн гараад яваад өгсөн. Би ч цаашаа хөдлөөд явсан. 200 метр хиртэй явж байтал машины гэрэл унтарчихлаа. Зогсоод гэрлээ тогшиж үзэхэд асч унтраад байсан. Хойшоо урагшаа олон машин цувж байлаа. Гурван аймаг холбосон гол зам шүү дээ. Баруун гар талд айл харагдаж байсан. Айл нь ойрхон байхад үхэр явж байх юм гэж бодоод л өнгөрсөн. Гэрлээ оролдож хэсэг зогсоод Довын гуанзан дээр очоод том тэрэгнээс баруун гар талын гэрэл маслаад байна. Гэрэл өгөөч гэж гуйсан чинь, миний гэрэл таарахгүй гэхээр нь цаашаа замдаа гарсан. Явсаар байгаад маргааш өглөө нь ажилдаа очсон. Өмнөговийн цагаан хад гэдэг газарт 750 км газар яваад очсон юм. Тэгээд наймдугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байтал Төв аймгийн цагдаагийн газраас ярьсан. Яаралтай ир гэж дуудлаа. Яагаад цагдаад дуудагдаж байгаа юм бэ, би эмэгтэй хүн шүү дээ хүн андуураад байгаа юм уу гэж лавлахад "Автын осол хийгээд хэргийн газраас зугтаасан. Эрүү үүсгэнэ. Хурдан ир” гэсэн.

Хичээл сургууль орох гээд байна, цалин мөнгөө аваад наймдугаар сарын 30-н гээд очиж болох уу гэхэд тэгж болохгүй, хурдан ир гэсэн. Би машинаа унаад 25-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газар ирлээ. Машинд маань шинжээчийн дүгнэлт хийсэн. Миний машины урд дугуйны дээд талын халхавч зам дээр унаад үлдчихсэн байсан байна лээ. Тэр хаалт нь хоёр боолтоор л тогтдог юм байна. Үхэр шүргэх үед уначихсан байж. Ингээд наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн байцаагдаж эхэлсэн. Ажлаасаа чөлөө аваад Өмнөговиос ирж очоод байцаагдаад яваад байсан. Өмгөөлөгч авсан. Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр надад холбогдох хэрэг прокурор дээрээс шүүх рүү шилжсэн. Яллагдагчаар татагдаад Эрүүгийн хуулийн 216.2 дугаар зүйл ангиар эрүү үүссэн байсан. Энэ нь осол гаргачихаад хэргийн газраас зугтаасан гэсэн зүйл анги юм билээ. Айлын гурван үхрийг дайрч алаад ослын газраас зугтаасан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүссэн.

-Та үхэр шүргэсэн гэж ярьсан. Гэтэл яагаад гурван үхэр дайрч алсан болж таарсан юм бэ?

-Хохирогчийн тал гурван үхэр үхсэн гэж гомдол гаргасан юм байна. Тэгээд намайг дайрч алсан гэж буруутгалаа. Хэрвээ би гурван үхэр зам дээр дайрч алсан бол миний машин цаашаа явах нь байтугай болно биз дээ. Нэг үхэр дайрсан байхад ч машин явахын аргагүй эвдрэх байсан байх. Машин ямаа мөргөж байхыг би харж байсан л даа. Тэр машины урд тал нь чихэгдээд эвдэрчихсэн байхыг харж байсан шүү. Тухайн үед миний машинд 15 настай охин минь, эмэгтэй дүү хоёр хамт явж байсан юм. Ширүүн бороо орж байсан учраас 20-30 км цагийн хурдтай явж байлаа. Шил арчигч зогсоо зайгүй ажиллаж байсан учраас үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байсан. Тийм бага хурдтай явж байсан машин үхэр дайрч алахгүй шүү дээ. Тэгээд ч хэргийн газрын үзлэгээр үхэр миний эсрэг урсгалын замд үхсэн болж таарсан. Миний дайрч алаагүй үхрийг намайг алсан болгоод шүүхээс ял оноосон. Энэ хэрэгт ганцхан би буруутай биш. Малчин хүн малаа хариулж зам гаргах ёстой биз дээ. Замын ойролцоо мал гардаг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Хариулгагүй малаа явуулсан малчны буруу байсан. Би улсад татвараа төлөөд зөвшөөрөлтэй замаар зорчиж явсан болохоос айлын бэлчээрт давхиж очоод үхрийг нь шүргэчихсэн юм биш. Харин ч малчин малаа хариулаагүйгээс болоод гэнэтийн осол гарч миний машинд сэв суусан учир төлбөр төлөх ёстой юм билээ. Би тухайн үед үхэр шүргээд өнгөрлөө л гэж бодоод цаашаа явсан болохоос ийм айхтар хэрэг болно гэж бодсонгүй. Хохирогчийн тал гурван үхэр машинд дайруулж үхсэн мэтээр ярьсан нь шүүх хурал дээр худлаа болсон. Шүүгч нэг үхэр үхсэн гэж үзсэн.

- Үхэр мөргөснийг харсан гэрч байхгүй гэсэн үү?

-Хавтаст хэрэгтэй танилцаад ирж очин явах зуур гэрч гэх гурван хүн гарч ирсэн. Тэдний мэдүүлэг гурав, дөрвөн удаа солигдсон.

"Довын гуанзан дээр "Террано” маркийн машин зогссон байсан. Машинаа тойроод гурав, дөрвөн хүн тойроод яваад байсан. Нэлээд эвдрэл ихтэй машин байсан байх гэж мэдүүлсэн байсан. Бороо ороод байсан учраас машинаас охин, дүү хоёр минь огт буугаагүй. Би ганцаараа буугаад том тэргэн дээр гүйж очиж юм асуучихаад машиндаа суусан болохоос машинаа тойрч яваагүй шүү дээ. Энэ гэрч худлаа яриад байна гэж цагдаад хэлсэн. Хэд хоногийн дараа хавтаст хэрэг прокурор руу шилжлээ гээд тэр мэдүүлэг нь өөрчлөгдсөн байсан. Гэрч нь худлаа мэдүүлэг өгсөн, хэргийн газрын үзлэг ч дутуу байсан. Хамгийн гол нь үхэр ямар шалтгаанаар үхсэнийг тогтоогоогүй. Төв аймагт мал эмнэлэг байхгүй гэх шалтгаанаар малыг ямар шалтгаанаар үхсэнийг тогтоохгүйгээр надад ял оноосон. Малын эмчийн дүгнэлт гаргаагүй байж үхрийг машинд дайруулж үхсэнийг яаж нотлоод байгаа юм бүү мэд.

-Хэдэн төгрөг нэхэмжилсэн юм бэ?

-Тэр айл таван сая төгрөг нэхэмжилсэн. Гурван үхэр үхсэн гээд. Харин манай өмгөөлөгч Төв аймгийн Прокурорын дарга Алимаад хүсэлт бичээд "Зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнэ байна. Үнэлгээ тогтоолгож өгөөч гээд бичсэний дараа 2.3 сая төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Миний ч буруу байгаа. Малчны ч буруу байгаа учир хоёр сая 300 мянган төгрөгөө хуваагаад төлчихье гэсэн. Надад энэ хэрэг үнэхээр хүндрэлтэй байна. Хувийн компанид ажилладаг учраас байнга ажлаасаа чөлөө аваад байх хэцүү байна гэж хэлсэн. Гэтэл прокурор тийм юм байдаггүй юм аа. Хоёр сая 300 мянгаа төлөхгүй гэвэл шүүхдээ оч гэсэн. Тухайн үед надад 2,3 сая төгрөг байгаагүй. Шүүх дээр очихоор үнэн мөн нь олдоно гэж өмгөөлөгч хэлсэн учраас би итгэж хүлээж байлаа. Гэтэл намайг шүүх хурлаас хөөж гаргасан.

-Яагаад тэр вэ?

-Прокурорын үг сөрлөө, халаасандаа гараа хийлээ гээд хөөж гаргасан. Гэрчийн мэдүүлгийг надад сонсгоогүй. Өөрийгөө хамгаалах, үгээ хэлэх боломж олдоогүй. Өмгөөлөгч маань намайг шүүх хуралд оролцуулаач гэж гуйсны дараа намайг буцаагаад хуралд оролцуулсан. Тэгэхэд гэрчүүд мэдүүлгээ өгөөд дуусчихсан байсан. Надад ганцхан ял л оноосон.

Прокурорын үгийг би сөрөөгүй л дээ. Прокурор надаас "Тэр үхэр зам хөндлөн гарчаад буцаж ирээд чамд мөргүүлсэн байх боломж байна уу” гэж асуухаар нь би "Техникийн хурд малын хөлийн хурд хоёр тэнцэхгүй ээ. Тэр үхэр буцаж эргээд миний машинд мөргүүлэх боломж байхгүй. Тэгээд ч үхэр гэдэг амьтан чинь зүтгэдэг амьтан. Дохио өгөөд сигнаалдаад байхад эргэдэггүй байж, буцаж ирээд надад мөргүүлнэ гэж байхгүй" гэж тайлбарласан. Тэгсэн шүүгч намайг прокурорын үг сөрлөө, гараа халаасандаа хийлээ гээд хөөсөн. Би өөрийнхөө л тайлбарыг хэлсэн төдий. Сандарч байсан учраас гар маань хөлрөөд би халаасандаа хийгээд хөлсөө арчиж байлаа. Тухайн үед өөрийнхөө үйлдлийг ч анзаарсангүй. Улсын яллагч болохоор өөдөөс ирсэн үхэр гэрэлд цохиулаад буцаж эргээд надад мөргүүлсэн гэж яллаад байгаа юм, намайг. Тийм боломж байхгүй л дээ. Тэгээд намайг шууд Төв аймгийн цагдан хориход хорьсон. Өмгөөлөгч маань давж заалдах шүүхэд өргөдөл өгсөн. Давж заалдах шүүх хурал болох гэсээр байтал Төв аймгийн мөрдөнд би 85 хоносон. Давж заалдах шүүхээс миний хэргийг хэвээр нь баталсан. Гурван үхэр биш нэг үхэр дайрч алсан байна гээд сая төгрөгийн хохирол гарсан гэж үзсэн. Тэгээд хэргийг хэвээр нь баталсан. Давж заалдах шүүх хурлын ялын тогтоолтойгоо танилцахад "Миний ярьж хэлээгүй, мэдүүлээгүй үгийг хавтаст хэрэгт нэмж оруулсан байна лээ. Цагдаа дээр ч байгаагүй, прокурор дээр ч байгаагүй мэдүүлэг шүүх дээр ирсэн байсан. "Би энэ үхрийг мөргөсөн. Үхэр газар унасан байсан” гээд нэмээд бичсэн байсан. Ингээд гурван сар 15 хоногийн баривчилгааг хэвээр нь баталсан. Дээд шүүхэд өмгөөлөгч маань өргөдөл өгсөн байгаа. Төв аймгийн мөрдөнд 97 хоног хоригдоод эмэгтэйчүүдийн хорих анги руу ачигдсан.

-Төв аймгийн цагдан хорих төвийн нөхцөл байдал маш хүнд хэцүү, тэнд хүмүүсийг тарчлааж байна гэх мэдээлэл байдаг. Та тэнд гурван сар байсан хүний хувьд, нөхцөл байдал ямар байдаг талаар ярьж өгөхгүй юу?

-Аймшигтай газар гэж хэлнэ. Би Халдвартын эмнэлгийн эмчийн хяналтад байдаг хүн. Элэгний вирустэй. Тэнд би гурван сар байхдаа өдөр болгон өвчин намдаах, үрэвслийн эм ууж байсан. Эмнэлэгт үзүүлье гээд өмгөөлөгч хүсэлт тавьсны дагуу аймгийн эмнэлэгт дөрвөн хянагчаар харгалзуулаад намайг гавлаад авч явсан. Өдрийн цагаар эмэгтэй хүнийг гавлаад эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Төв аймгийн эмч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, эм уу гэсэн. Тэгэхээр нь би халдвартын хяналтынхаа эмч рүү шинжилгээний хариуг өгч явуулахад, тариа хийх шаардлагатай гэхээр нь тариа оруулъя гэхэд цагдан хорихын эмч нь ямбатай авгай минь тариа оруулах шаардлага байхгүй гэж намайг доромжилсон. Чи залуу хүн байна даа. Эмэгтэй хүнийг ингэж доромжилж болохгүй шүү дээ гээд гуйж үзсэн. Тариа оруулаагүй. 50, 60 эрэгтэй хүний дунд ганцхан эмэгтэй хүн сар гаруй болсон. Төлөөлөгч нь Хоролсүрэн гэж хүн, маш бүдүүлэг харьцаатай. Тэнд хоригдож байгаа хүмүүс бухимдах янз бүрийн л байдалд ордог байх. Камер хооронд ярих юм уу жаахан юм болоход л хоригдож байгаа хүмүүсийг гаргаж ирээд зоддог. Би хамгийн захын камерт. Хажууд өдөр болгон хүн гаргаж ирээд зодоод байхаар надад асар их дарамттай байсан. Тэнд жил гаран хоригдож байгаа хүн ч байдаг юм билээ. Тэгээд хоол давсгүй байна гэж хэлсний төлөө гаргаж ирээд пид пид гээд зодоод байсан. Зодуурын чимээ аймшигтай сонсогддог байлаа. Аймгийн прокурор нь ирсэн юм. Тэгээд би хэллээ. Албан хаагчид маш ёсзүйгүй байна. Ялангуяа Хоролсүрэн гээд төлөөлөгч хүмүүсийг гаргаж ирээд зодоод, хараал хэлээд, байнга хулгайч нар дуугүй бай гэж хашгираад, үнэхээр хэцүү байна” гээд хэллээ. Тэгсэн намайг дараа нь бүр их дарамталсан. Нарлагаанд гаргахдаа намайг байнга гавладаг болсон. Намайг битгий гавлаач ээ. Миний бие өвдөөд зүрх чичрээд байна гэхэд "Журмаараа явж байна. Илүү хоншоорлосон авгай минь, хохь чинь” гэж доромжилж байсан. Би тэр цагдан хорих байранд 97 хонохдоо өдөр бүр уйлдаг байсан. Сэтгэл гутралд орж, айж ичиж уйлсан. Нийгмийн ажилтан Мөнхдолгор гэж хүн долоо хоног бүр камеруудаар явж үзлэг хийж, камеруудыг шалгадаг. Төв аймгийн цагдан хорих их чанга дэглэмтэй юм билээ. Гаднаас эргэлт ирэхэд оруулсан бүх зүйлд нэгжлэг хийгээд оруулдаг. Би ганцаараа хоригдож байгаа эмэгтэй хүн. Тэр нийгмийн ажилтан долоо хоногийн нэг дэх өдөр болгон миний байгаа камерыг шалгана. Бүх хувцас, ном, цаас гаргаад сэгсрээд газар буулгаад хаячихна. Дараа нь тэр ажилтан эмчийн өрөөнд намайг оруулаад үзлэг хийнэ. Шулуун гэдэс татаж үздэг. Сарын тэмдэг ирчихсэн байхад хариун цэврийн хэрэгслээ хуулж үзүүл гэдэг. Тэр хүн юу хийгээд байгаа юм бэ. Зүгээр надаар доог тохуу хийж доромжилж байгаа байхгүй юу. Би хүн амины хэрэг хийгээд ороод ирсэн хүн биш шүү дээ. Намайг яана гэж бодоод байгаа юм. Чи надаар тоглоом хийгээд доромжлоод байгаа юм уу гэж би хэлсэн. "Би мэдэж байна. Чи шорондоо яваарай авгай минь” гэж доромжилсон. Ийм аймаар их дарамт байдаг. Арай дэндүү.

-Та сар гаран тэнд ганцаараа эрчүүдийн дунд байсан гэсэн. Таныг тэнд байхад с.Зориг агсны эхнэр Б.Булган орж ирсэн гэсэн үү?

-Б.Булган бол үнэхээр зовж байна, тэнд. Эргэлт оруулахгүй. Хүнтэй уулзуулахгүй. Ном хэвлэл өгөхгүй. Би эргэлт аваад гэрийнхэнтэйгээ уулзсан хэр нь сэтгэл гутралд орж, галзуурахад ганц хуруу дутуу байхад тэр эмэгтэй яаж тэсч байгааг мэдэхгүй байна. Намайг бодоход бясалгал хийдэг юм билээ. Булган болохоор хойд талын камерт, 23 номерт байсан. Бас нэг эмэгтэй орж ирээд ганцаараа камерт хоригдсон. Эмэгтэй хүмүүс чинь өглөө босоод сайхан амарсан уу, сайхан амарлаа гээд мэнд мэдэхэд Булганыг дуудаж уулзаад "Чи юу яриад байгаа юм. Хэнтэй ч юу ч битгий ярь. Битгий миний ажилд хүндрэл учруулаад бай” гэж байнга загнаж дарамталдаг юм билээ. Булганы хам хэрэгтэн гэсэн бас нэг эмэгтэй хүн байсан. Урд талын камерт гурван номерын өрөөнд ганцаараа хоригдож байсан. Тэр эмэгтэй хажуу талын өрөөнийхөө хүний сайхан амарсан уу гэж асуултанд хариулсных нь төлөө төлөөлөгч маш ихээр дарамталж уйлуулдаг. Тэр гурван номерт хоригдож байгаа эмэгтэй өдөр болгон уйлдаг. Прокурорын шатанд хэрэг нь яваа гэсэн. Булганы хам хэрэгтэн гэж хүмүүс ярих юм билээ. Тэрнээс биш би тэр хүнтэй юм ярьж үзсэнгүй. Тэр хоёр эмэгтэйг ганцааранг нь өрөөнд хориод хүмүүстэй нэг ч үг солиулахгүй, хэнтэй ч уулзуулахгүй байна гэдэг үнэхээр аймшигтай. Би өөрөө тэнд гурван сар болсон учраас ямар хэцүү байгааг ойлгож байна л даа.

-Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төв аймгийн цагдан хорих төвд очиж, Б.Булгантай уулзсан. Та тэгэхэд байсан биз дээ. Бие засах газар, гэрэлтүүлэг гээд олон асуудлыг УИХ-ын гишүүд ярьж байсан л даа?

-УИХ-ын гишүүн Оюунгэрэлийг орж ирэхэд би байсан. Оюунгэрэл гэж гишүүн Булгантай уулзана маргалдсаар байгаад орж уулзсан. Тэгэхэд би уйлаад зогсож байсан. Тэгээд би надтай уулзчихдаггүй юм байх даа гээд хараад зогсож байсан. Дараа нь би төлөөлөгчид нь хэлж байсан юм. Оюунгэрэл гишүүнтэй уулзсан бол яах бол гэж асуухад "Чи УИХ-ын гишүүнийг дуудаж уулздаг хэн бэ. Тэгвэл би сахилгад орох байсан” гэж хэлсэн. Бие засах өрөө үнэхээр асуудалтай байсан. Тэнд очоод эхний 27 хоног 00 бөглөрчихсөн. Баасан дотор л амьдарч байсан. УИХ-ын гишүүдийг ирээд явснаас хойш бие засах өрөөнд хаалт хийж өгсөн. Өдөр, шөнөгүй гэрэлтэй өрөөнд байна. Ядаж өдөр унтраачихаж болно доо. Булганы өрөөний гэрлийг нь коридорт гаргасан. Гэхдээ л хаалгагүй, торны цаанаас гэрэлт нэвт л тусч байгаа юм л даа. Хорихын эмч үнэхээр хатуу сэтгэлтэй. Миний хажуугийн өрөөнд 78 настай Маам гээд хөгшин байсан. Бас л автын ослоор гурван сарын баривчилгаатай орж ирсэн. Тэр хөгшин дунд чөмгөө сольсон. Бие муутай, настай хүн байсан. Эмчдээ үзүүлье гээд өдөр болгон хүсэлт бичээд байна, бичээд байна, эмч нь үзэхгүй. Хүнийг өрөвдөнө, хайрлана гэж байдаггүй юм байна лээ. 78 настай өвгөнд баривчлах ял өгөөд яах юм бэ. Тэнсэн ял өгчихгүй дээ гэж би бодож байсан. Миний хажууд давж заалдах шатны шүүх хурлаа хүлээсээр байгаад хурал нь ч болоогүй яг гурван сар суугаад сонгуулийн маргааш нь гарсан даа тэр хөгшин. Өглөө болгон тоо авна. Тоо авахдаа заавал овог нэрээ бүтнээр нь хэлээд тийм ялтай гээд зүйл ангиа хэлнэ. Би аавынхаа нэрийг хэлмээргүй байна. Надаас битгий тэгж асуугаач. Би баривчилгааны ялтай хүн гэж гуйж өдөр болгон уйлдаг байсан. Манай удамд хэрэгт холбогдож байсан хүн байгаагүй. Тэнд байгаа хүмүүс бүгдээрээ л ядарсан хүмүүс байсан даа. Зодоон хийгээд хам хэрэгтэн болсон залуучууд ч байсан. Хоёр, гурван жил тэнд хоригдож байгаа хүмүүс ч байсан. Нэг залуу "Би ядуу учраас шоронд сууж байгаа юм. Хам хэрэгтэн болоод орж ирсэн. Хэрэг хийсэн хүмүүс нь цагдаад, шүүгчид нь мөнгө өгөөд хэргээс мултарсан гэж ярьж байхыг хүртэл сонссон. Тэндээс гараад Эмэгтэйчүүдийн хорих ангид очиход шүүхийн шийдвэрийн ажилтнууд үхэр дайраад шоронд орж байсан тохиолдол сонсоогүй юм байна гэж байсан Манай өмгөөлөгч олон удаа өргөдөл бичиж өгсөн. Энэ хэрэг эрүүгийн хэрэг биш ээ. Малчин зам дэрлээд буучихсан байна. Хоёрдугаарт, хариулгагүй малаа явуулсан малчны буруу гээд замын цагдаагаас дүгнэлт гарчихсан байхад ганцхан жолоочийн буруу гээд ялласан. Би Эмэгтэйчүүдийн хориход тав хоног хоригдоод гарсан. Эмэгтэйчүүдийн хорих үнэхээр өөр байсан даа. Тэнд албан хаагчид нь хүнийг хүндэлдэг, хүнтэй муухай харьцдаггүй. Нэгэнт л ял авсан юм чинь эртхэн энд ирсэн бол гэж бодож байсан.

Х.Цэнд-Аюуш

Линк: http://goomaral.net/chuluut-tsag/9517-2016-08-11-07-28-02

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!