Нэг л зүйл буруу байна

🕔 2016/10/25 10:41

Нэг л зүйл буруу байна

 

Монголд нэг л зүйл буруу яваад байх шиг. Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг шинжлэх ухааны доктор хүн давж гарахгүй бүдэрч байхад "захиалгатай”  ажлын туршлагагүй  захын нэгэн эрхэм тэнцэж байх  юм.  Угтаа Төрийн албаны зөвлөл хуулийнхаа дагуу мэргэжлийн хүнийг төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд  төрийн их үйлнээ илгээх ёстой.  Гэтэл аль нэг албан тушаалд томилогдоно гэх  сураг дуулсан нөхдүүд шууд л тус шалгалтад тэнцэх жишээтэй. Мэдээж, өөрсдийн чадвараар тэнцсэнийг нь үгүйсгэх аргагүй ч, нэр нь яригдаж байсан хүмүүс бүгд  Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэнэ  гэдэг санаандгүй хэрэг биш л болов уу.  Ядаж нэг нь ч болтугай бүдэрсэн бол итгэхсэн.

 

Саяхан гэхэд Төрийн албаны зөвлөл Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч 10 агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг явуулсан.

 

Гэхдээ тэдгээр 10 агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчдийг  Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 5, 10, 17-ны хуралдаанаараа томилчихсон байсан юм. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Бямбасүрэн, 10-нд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Зориг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Шаравжамц, Оюуны  өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Содхүү, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Нямдаваа, Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баярсайханыг томилсон.

 

Дараагийн ээлжит хуралдаанаар буюу наймдугаар сарын 17-нд Гадаадын иргэн харьяатын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөрөн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр О.Алтансүхийг томилсон байв. Төрийн албаны зөвлөл эдгээр албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж жинхэнэ даргыг нь тодруулах хүртэл ажиллах  хүмүүсийг л Засгийн газар томилсон гэсэн үг. Гэтэл Төрийн албаны зөвлөл Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баярсайхан гадаадад албан томилолттой байсан учраас сонгон шалгаруулалтыг нь хойшлуулж, үлдсэнийг нь бүгдийг нь жинхэлж орхив.

 

Тэд бүгдээрээ л Төрийн албаны зөвлөлийн босгыг ядах юмгүй давчихлаа. Засгийн газар ямар ч мэргэшлийн шалгалтад ядах юмгүй тэнцчих хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилчихдог юм бол Төрийн албаны мэргэшлийн шалгалт авах  хэрэг байна уу. Мэргэжлийн, чадвартай удирдлага томилогдсон цагт аливаа салбарын үйл ажиллагаа зөв үргэлжлэх учиртай. Гэтэл саяхан тайзан дээр дуу дуулаад явж байсан дурын дуучин нөхөр төрийн чухал албыг толгойлоод явж байхад  тэр салбарын үйл ажиллагаа зөв замаар урагшилна гэдэг зүүний үзүүрт ширхэг будаа тогтоохтой адилхан байх биз. 

 

Нийслэлд гэхэд Аялал жуулчлалын газрын дарга болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын албан тушаалд "Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, А.Хаянхярваа нар томилогдсон. Түүнчлэн, нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, МУГЖ Б.Сарантуяа Соёлын төв өргөөний дэд дарга, мисс Ё.Нямжав Гадаад харилцааны яаманд ДБҮААГ-ын даргын албан тушаалд "заларсан”.  Тэдний албан тушаалд сонгон шалгаруулалт хараахан зарлагдаагүй боловч, тун удахгүй жинхлэх нь тодорхой биз. Шинжлэх ухааны доктор хүн давж гарахгүй байгаа Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг тэд төдөх юмгүй давчихна гэдэгт үнэндээ итгэж чадахгүй л байна.  Энэ мэтээр намын сэтэртэй бүхэн тэнцэж, нам бус нь бүдэрдэг юм бол ер нь ТАХ-ын мэргэшлийн шалгалт гэж байгаад ч яах юм, бүр халчихвал дээр биш үү.

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!