Б.Сарантуяа: Би болзохыг хүсдэг. Гэвч...

🕔 2016/10/24 15:39

Б.Сарантуяа: Би болзохыг хүсдэг. Гэвч...

 

Зууны манлай дуучин Б.Сарантуяа 30 жилийн турш ард түмнээ дуугаараа мялааж сэтгэлийг нь сэргээж явна.

Тийм ч учраас тэрээр аравдугаар сарын 29 нд урлагийн тайзнаа уран бүтээлээ туурвисны 30 жилийн ойн баяраа өөрийн үнэнч фэнүүдтэйгээ болон энэ цаг үед хамтдаа байсан рок попын хамтлаг дуучидтайгаа хамт нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр боллоо.

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа энэ хугацаанд тасралтгүй уран бүтээлээрээ сонсогчдоо ундаалж явсан ч гэлээ түүний хувийн амьдрал урлагийн зам шиг нь тийм ч дардан шулуун байсангүй. 

Н.Ганхуяг, Л.Болдхуяг хэмээх хоёр эртэй нэр холбогдож байсан хэдий ч тэдний аль аль нь насны хань нь байсангүй.  Б.Сарантуяа энэ тухай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "25 насандаа би хамгийн гоё дурлалтайгаа учирч байсан. Тэгээд 36 насандаа ахин хайр дурлалтай учирсан. Миний амьдарч байсан эрчүүд бол аягүй сайхан улсууд. Үнэхээр достойный  улсууд байсан учраас тэдний тухай хөндөж хэлчихмээр таагүй сэтгэгдэл надад байдаггүй. Хэрвээ би гомддог байсан бол бас эргээд таагүй зүйл ярих байх л даа. Би ерөөсөө эмэгтэй хүн болж чадаагүй байхдаа Н.Ганхуягтай амьдарч байсан. Дөнгөж эмэгтэй хүн болж эхлээд Л.Болдхуягтай амьдарсан.  Одоо олон жил  хань ижилгүй амьдарчээ.  Гэхдээ би аягүй тийм хөөрхөн залуучуудтай амьдарч байсан юм шиг ээ . Эргээд бодохоор хөөрхөн санагддаг" хэмээн хэлсэн байдаг. 

Тэгвэл ард түмний хайртай дуучин бүсгүй маань "Танайд хоноё"  нэвтрүүлэгт  өчигдөр оролцож хувийн амьдралынхаа талаар дахин ний нуугүй ярилаа. Тэрээр "би болзохыг хүсдэг. Гэвч амьдрал намайг болзох боломжгүй болгочихсон. Уран бүтээл, хүүхдүүд, тоо томшгүй аялалууд намайг ямар ч болзох завгүй болгодог.  Ийш тийш явахгүйгээр гэртээ өнждөг амралтын өдөр нэг ч  надад байдаггүй" хэмээн болзох завгүй амьдарч байгаагаа хэллээ.

Үнэхээр л  "тийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна" гэж олон жилийн өмнө түүний  хэлж байсан шиг өнөөдрийг хүртэл тэр өөр нэг агуу хайртай учрах завгүй л явна. 

 

Б.Алтжин

ЭХ СУРВАЛЖ: Breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!