Манай улсын 6900 иргэн бүрэн хараагүй

🕔 2016/10/13 14:28

Манай улсын 6900 иргэн бүрэн хараагүй

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлагаас жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг  Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Эл өдрийг " Хамтдаа хүчтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нүдний мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Уранчимэг, ДЭМБ-ын хөтөлбөрийн зохицуулагч Доктор Воо Жин, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий даяар 285 сая  хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай аж. Харин манай улсын хувьд 6900 орчим хүн бүрэн сохор, 6800 гаруй хүн хүнд, 36700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарчээ.

 

Дэлхий нийтийн харааны сулралтай хүмүүсийн 14 саяыг нь хүүхэд эзэлж байгаа аж. Мөн сохор хүүхэд найм орчим сая орчим байна. Иймд харааны сулралаас урьдчилсан сэргийлж, нүдний шил зүүх нь ач холбогдолтой болохыг ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү зөвлөж байна.

 Тэрбээр "Зайлсхийж болох засагдаж болох хугарлын гажиг дэлхийн нийтэд анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл шил зүүдэг хүүхдүүдийн асуудал чухал болоод байгаа. Учир нь хараа сулралыг эрт илрүүлээд чанартай нүдний шилээр хангаж чадвал хүүхдэд сул хараа үүсэхээс сэргийлж, сохрохоос хамгаалж чадна. Тиймээс бид энэхүү өдрийг угтан ЕБС-ийн 3000 орчим хүүхдэд харааны үзлэг хийлээ. Үзлэгийн үед нүдний шил зүүх ёстой 600 гаруй хүүхэд илэрсэн” хэмээв.

 

Шалтгаанаар нь авч үзвэл сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгаан нь эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог байна. Мөн нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын хоёр дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд гурав дахь гол шалтгаан болдог аж. Бүх сохролын 87.8 хувь нь сэргийлж болох 41.1 хувь нь эмчлэгдэх боломжтой ба 26.7 хувь нь нүдний анхан шатны тусламжийн 20 хувь нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.

 

Дэлхийн хараа хамгаалах өдрийн хүрээнд энэ сарын 11-нд Нийслэлийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төв дээр УНТЭ, УХТЭ, УГТЭ, "Болор мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллах юм байна. Улмаар иргэдэд нүдний торлогын гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!