ЗАР »
Л.Оюун-Эрдэнэ: Ах нар шигээ битгий эмзэглэ, С.Зоригийг хөнөөсөн хэргийг танай манай ах нар хуйвалдаж 20 гаруй жил дарсан шүү
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар цахим сүлжээнд нэгэн “пост” бичжээ. Тэр нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөөний газрыг хүртэл худалдчихсан цаг үе өнгөрчээ. Шинэ цагийн залуус түүнд хүндэтгэл үзүүлж, талбай дүүрэн цугларчээ. Үзэл санаа, үнэт зүйл, үнэн үргэлж ялдаг. Залуус аа, С.Зоригийн хэргийг ахуйн золгүй явдал болгож, түүх өөрчлөхийн төлөө гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн гашуун үнэнээс хэзээ ч битгий тойроорой. Түүх түүхээрээ үлдэж байж ирээдүй илүү тод байна.
Харин ардчилсан хувьсгалын үзэл санаагаа авлигалаар худалдсан ах нарт хандаж хэлэхэд, та нар яаж ч хуйвалдаад үнэнээс зугтаж чадахгүй” гэж бичжээ. Л.Оюун-Эрдэнийн тухайд “С.Зоригийг “Эрдэнэт”-ээс болж хөнөөсөн. Энэ эмгэнэлт явдлын дараа Монголын улс төрд системийн авлига хөгжсөн. Товчхондоо С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага.
Хэргийн мөрийг буруулах гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” гэж бат итгэдэг нэгэн. Ингэж олон удаа ярьсан. 2024 оны дөрөвдүгээр сарын эхээр л гэхэд “1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демократ намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг. Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан. 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-ийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу “Сэргээн босголт” банкийг “Голомт” банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. Тухайн үед Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм. Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, “Эрдэнэт”-ийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм.
Хэн нь “Эрдэнэт”-ийг хянаж байна, тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан. Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн.
Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван сарын хугацаанд улс төр нэлээд халсан. Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд “Улаанбаатар” зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа.
Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.
Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг. Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй” гэж ярьсан байдаг.
Ер нь Л.Оюун-Эрдэнэ энэ хэрэгт нэлээд анхаарч ирсэн байдаг. Ерөнхий сайд болоод сар гаруйн дараа Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж Т.Чимгээтэй холбоотой материалыг улсын нууцаас гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 31-ний хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь улсын нууцаас гаргаж байв. Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас “Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргах” шийдвэрийг гаргасан. Бас 2023 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын одоогийн дарга, тухайн үед ЭЦА-ны дарга байсан Т.Сүхболдоор ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан. Энэ ажлын хэсгийн мөрдөн шалгалтын явц нэлээд урагштай байгаа гэх мэдээлэл сүүлийн үед байн байн гарсаар байна.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ “Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана” гэв.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрынхаа ирэх жилүүдийн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэрлэхдээ С.Зориг агсны нэрийг оруулсан гэдэг. Хамтарсан Засгийн газар УИХ-ын ээлжит бус чуулганаа “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” нэртэй хөтөлбөрийг батлуулсан. Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн энэ “пост”-ыг бичихээсээ хэд хоногийн өмнө улс төрийн хүрээний залуустай уулзжээ. Нам намын нэлээд хүн цугласан байгаа юм. Тэр үеэр “АН-ынхан минь авлигач ах нараасаа салах цаг болсон. Зоригтойгоо хамт, үеэрээ явцгаая. Ийм хүнд цаг үеийг бүтээсэн Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдийг битгий өмгөөл л дөө. Тэд үнэнд гүйцэгдэнэ. Тийм учраас өөрсдийгөө хамгаалах гэж та нарыг ашиглах гээд байна. Битгий тэдний өмнөөс шатаач. Намайг С.Зоригийн асуудлыг гаргаж ирж байгаад ах нар шигээ битгий эмзэглэ. Эцэстээ энэ асуудал бүгдийнх нь төлөө шүү дээ. Тиймээс үзэл санаа, үнэт зүйл дээр нам харгалзахгүй хамт байя. Цаана нь танай, манай зарим ах нарын хуйвалдаан байгаа шүү. Тэгж энэ хэргийг 20 гаруй жил дарсан шүү. Гэхдээ тэд хуйвалдаад бидний шинэ үеийг дийлэх ёсгүй. Тийм цаг хугацаа ирнэ, цагийн зүү ухрахгүй” гэж ярьжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!