ЗАР »
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр авьяасаа тордуулсан охид
2024.08.24-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотын Сонбүг дүүрэгт анх удаа солонгос, монгол өсвөрийн моделиудын хамтарсан “Кids fashion week” арга хэмжээ болж өндөрлөлөө.
Солонгос, Монгол хоёр орон нь түүх, соёл, газар зүйн хувьд нэн ойр төдийгүй ардчилал, зах зээлийн эдийн засаг хэмээх нийтлэг үнэт зүйлс бүхий орнууд юм.
Манай хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирсэн. 2021 онд хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд дэвшүүлэн, үүнд тулгуурлаж хоёр орон улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, боловсрол, иргэд хоорондын харилцаа зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам бодитоор хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна. Өнгөрөгч 2023 оны байдлаар хоёр орны хооронд харилцан зорчсон иргэдийн тоо түүхэн дээд амжилт буюу 280 мянгад хүрчээ. “Kids fashion week” арга хэмжээг Сонбуг дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, Coнбуг дүүрэг дэхь эмэгтэйчүүдийн Донгдук их сургууль, Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо, U модель агентлаг хамтран зохион байгуулсан юм.
Сонбүг дүүргийн засаг дарга И Сон Рү, БНСУ-аас монгол улсад суугаа элчин сайд асан Ким Жун, Сонбүг дүүргийн загвар зохион бүтээгчдийн холбооны захирал Юү Жи Юун, Сонбүг дүүргийн Нийгмийн хамгааллын холбооны захирал Юн Жэ Сон нар арга хэмжээнд хүрэлцэн ирэв. Солонгос чөлөөт хувцас, монгол үндэсний хувцасны загваруудаас бүрдсэн үзүүлбэрүүдийг хоёр орны төлөөлөл болсон багачууд өмсөж үзэгчдийн хүртээл болголоо. Солонгос, монгол өсвөрийн моелиуд загвар өмсөхөөс гадна урлагийн олон талт авьяастайг шоуны хөтөлбөрт багтсан сонгодог хөгжим болон бусад үзүүлбэрүүд бэлхнээ нотолсон. Монголоос оролцсон 22, солонгост амьдарч буй 21 монгол хүүхэд, тус орны загварын агентлагийн 9 хүүхэд шоуны гол оролцогч байж бүх үзүүлбэрийг хамтын хүчин чармайлтаар сонирхолтой гүйцэтгэв.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий шоунд оролцсон бүх хүүхдэд батламж гардууллаа. “U model” агентлагийн захирал Г.Уранцэцэг багачуудын тайзны алхаа, гишгээг дасгалжуулж, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, “Охидын мисс” төвийн нэр дээр өрсөлдөж нэлээд хэдэн улсад зохиогдсон тэмцээнээс гол шагналуудыг хүртсэн, олон улсын шүүгч Э.Энхрийлэн солонгос өсвөрийн модель найзуудаа удирдан чиглүүлж яваа нь бахархууштай харагдсаныг энд дурьдах нь зүйтэй болов уу.
Зарим төрийн байгууллагын ажилтнууд хөрвөх чадвартай, аливааг болгож бүтээе гэсэн чин сэтгэлээр ханддаг нь анзаарагдсан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хөгжил хамгааллийн газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсайхан, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Анужин нар арга хэмжээг чадварлаг хөтлөж, дундуур нь зрителийг хөнгөхөөн хөгжөөж байналээ. А.Анужингийн хувьд солонгос төрийн байгууллагын төлөөллүүдийг тайзнаа үг хэлэхэд орчуулагч, багачуудыг хөтөлбөрийн дагуу Сөүл хотын худалдааны төв, алдарт “Lotte world adventure”-аар аялж зугаалахад хөтөч хийх зэрэг олон ажлыг нэгэн дор амжуулж байв. Сөүл хотын Сонбүг дүүрэгт зохион байгуулсан хоёр орны авьяаслаг багачуудын загварын үзүүлбэрүүд цаашид хийгдэх сонирхолтой шоунуудын эхлэл болов уу. Төр, хувийн хэвшлийн түншлэл энэ мэтээр хойч ирээдүйдээ гэрэлт жимийг гаргадаг уламжлал тогтоосой.
Мөн дэлхийн аль ч улс оронд амьдран суугаа монголчууд, бараг төрөхөөсөө тэнд өссөн элэг нэгтнүүддээ үндэсний соёл, загвар, уламжлалаа сурталчлаад очиж буй үе тэнгийнхнийх нь тоглолтыг өргөн олныг хамруулж үзүүлэх тал дээр эцэг, эхчүүд, тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулалттайгаар дэмжиж байгаасай гэж бодогдлоо.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!