Х.Нямбаатар: Т.Бадамжунайг зугтаалгасан хүн нь Женко Х.Баттулга

🕔 2023/04/10 17:28

Х.Нямбаатар: Т.Бадамжунайг зугтаалгасан хүн нь Женко Х.Баттулга

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар, ЭЦА-ны дарга Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг өнгөрсөн долоо хоногт Филиппин улсын Сэбү хотоос авчирсан. Т.Бадамжунайг нисэх буудалд буусан даруйд АТГ-ынхан хорих 461 дүгээр анги руу авч явж, шүүх 48 цагийн дараа түүнийг нэг сар хорих шийдвэр гаргасан юм. Харин түүнийг ямар гэмт хэрэг үйлдсэн учраас ийнхүү оргон зайлсан, мөн Х.Нямбаатар сайд өөртйн биеэр энэ ажиллагаанд оролцож эх оронд авчрав гэдэг асуудал олны анхаарлыг татсан хэвээр байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ер нь бол би өөрөө Филиппинд очиж авчирсан асуудал. Сөүлээс Манила руу нисээд тэндэхийн хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, гурван албан бичиг гардуулсан. "Бидэнтэй хамт Монгол руу буцаж, хэргээ шалгуулвал яасан юм" гэдгийг хэлсэн. Өөрөө болохоор "Одоогоор явж амжихгүй нь. Тавдугаар сар гаргаад шийдвэрээ гаргая" гэсэн. Хариуд нь сануулж хэлсэн. "Хэрвээ Та одоо явахгүй бол Филиппиний хуулийн байгууллагаас албадан саатуулна шүү. Яагаад гэхээр манай талаас холбогдох бичгээ өгсөн" гэдгийг тайлбарласан. Биднийг уулзсаны дараа тус улсын хуулийн байгууллагаас албадан саатуулах ажиллагааг зохион байгуулсан. Яагаад Женко дайрч байгааг ганцхан өгүүлбэрээр хэлье. Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг. Өөр нэг юм бас байна. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь "Майдар" хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг "Женко"-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж, балмагдаж байна. Т.Бадамжунайг зугтаалгасан хүн нь "Женко" шүү дээ. 2018 оны хоёрдугаар сард алдарт зэсийнхээ гэрээг өөрийнхөө төлөөний хүмүүсийг "Эрдэнэт" рүү явуулж хийлгэсэн. Тэрхүү трейдер компанийн данснаас "Эрдэнэт" рүү ч төлбөр төлөгдсөн. "Женко" цэргүүдийн данс руу ч мөнгө орж ирсэн. Уг хүн нь өөрөө дандаа мэлзэнэ. Эргэн тойрных нь бүх хүн хулгайд холбогдлоо. "Женко"-гийн зөвшөөрөлгүйгээр Г.Байгальмаа МоАХ-г барьцаалж зээл авах уу? Дандаа хүний араар орно" гэж дурджээ. Сайдын хэлснээс харвал, Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Жэнко Х.Баттулга татагдах бололтой. Түүгээр ч зогсохгүй сайд Х.Нямбаатар "Бусад бүх хувьчлалыг З.Энхболдтой нийлж хийсэн. "Баянгол", Махкомбинат, гурилын үйлдвэрүүдийг хувьчилж авсан. Дараа нь Сайншандын аж үйлдвэрийг парк барина гээд олон тэрбумыг луйвардсан. "Маккензи"-гээр төмөр замын ТЭЗҮ хийлгэсэн гэж хуурамч танилцуулга бэлдээд мөнгө идсэн. Туслах Ч.Ганбат нь АНУ руу зугтаасан. Хэрэг хуучрахгүй ээ!, гэдгийг энэхүү ярилцлагаар дамжуулж "Женко"-д тодорхой хэлж байна. 286 км төмөр замыг тавиулахгүй гэж ацалсан. Энэ хооронд Монгол Улс 80 их наядын боломжоо алдсан. Сайд болонгуутаа "Би барина" гээд 280 сая ам.доллароор овоолсон далан үүсгэсэн. Ядаж урд хилийг угтуулаад тавилгүй зөрүүлсэн. Тэрийг нь зам болгох гээд хуурамч концессоор "Бодь" групп авсан. "Женко"-гийн багийн найз "Голомт"-ын Д.Баясгалан. 18 их наядын концессыг шууд эзэмшсэн. Очоод аман дээрээ нийлээгүй. Холбох гэхээр 300 сая ам.доллар хэрэгтэй. Хүрээний гэдэг шиг "Женко"-гийн бузрыг дэлгэвэл далай шиг их юм гарна. Энэ хүн шүүх дээр очих ёстой. Үүнийг АТГ, прокуророос шаардана. Шударга ёс гэж байдаг бол Т.Бадамжунай, Б.Ганхуягтай, Д.Баясгалантай цуг шүүх дээр очих ёстой. Ингэж байж эргэлзээ тайлагдана" гэсэн байна. Мөн Х.Баттулгын тойрон хүрээлэлд байснаа хууль хяналтынханд шалгагдаж эхэлмэгцээ гадаад руу зугтсан Ч.Ганбатын талаар "Монгол Улс 23 улстай 30 гаруй эрх зүйн харилцан туслалцааны гэрээтэй. АНУ-тай харилцан туслалцах гэрээ байгуулах асуудлаар хүсэлтээ тавьсан. Саявтар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч ирсэн, уулзсан. Хүсэлтээ тавьсан. Ерөнхий сайд энэ ондоо багтааж АНУ-д айлчлах үеэр энэ асуудлыг хөндөнө. Ч.Ганбат нарын тухайд бусад улсад зорчих эрх нь нэлээд хязгаарлагдмал болно. Авлигатайгаа тэмцэж байна, энэ хүмүүсийг авчирч өгөөчээ гэсэн хүсэлтийг АНУ-ын талд удаа дараа тавьж байгаа. Нааштай шийдэгдэх болов уу? гэж бодож байна. Ч.Ганбат гэлтгүй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлын араас явж байна" гэж ярьжээ.
 
http://www.analiz.mn/postview/57223

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!