ЗАР »
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая доллар зарцуулна
ХААН Банк жил бүр эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч, уулзалт арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа ХААН Банк цамхагт салбар бүрийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 70 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд банкны зүгээс “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өө танилцуулснаараа онцлог байлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулахаар зорьж буй. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгч нарт тусгайлан зориулсан, бизнесийн таатай нөхцөл бүхий зээлийн шинэ бүтээгдэхүүн санал болгож буйгаа энэ үеэр танилцуулсан юм. Мөн арга хэмжээний үеэр өртөөчилсөн булангууд ажиллаж, бизнесээ хэрхэн ногоон болгох, ногоон санхүүжилтийн боломжууд, хамтдаа суралцаж амжилтаа ахиулах дэмжих хөтөлбөрүүдийн талаар, мөн макро эдийн засгийн орчны тухай мэдээлэл, зөвлөгөө өглөө.
ХААН Банк “Тогтвортой хөгжлөөр манлайлж ажиллана” хэмээн үнэт зүйлдээ тусгасны дагуу Тогтвортой хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн тавдугаар зорилгод заасан жендерийн тэгш байдлыг хангах, дэмжихэд анхаарч, өнгөрсөн хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдаа бүх талаар дэмжиж, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, 2022 оны байдлаар ХААН Банк ЖДБ-ийн салбарын 19 мянган эмэгтэй бизнес эрхлэгч 856.4 тэрбум төгрөгийн бизнесийн зээл олгосны зэрэгцээ Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан 1000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг сургаж, чадавхжуулаад буй. Мөн үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын эмэгтэйчүүдийн дунд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.ХААН Банк ЕСБХБ-ны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам доллар, ОУСК-иас эмэгтэйчүүдийг дэмжихэд 65 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бөгөөд энэхүү эх үүсвэрийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжийн санхүүжүүлэхэд тусгайлан зарцуулах юм.
Арга хэмжээний нээлтэд зориулж, ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч хатагтай Б.Эрдэнэдэлгэр хэлсэн үгэндээ: “Монгол Улсын бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал өндөр. Өнөөдөр тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж буй үндэсний олон аж ахуйн нэгж, бизнесүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. Манай нийт зээлийн багцын 48 хувийг эмэгтэйчүүд, ЖДБ-ийн зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон зээл эзэлж байна. Иргэдийн банкны нийт зээлийн 47 хувь, хадгаламж эзэмшигчдийн 48.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь монгол эмэгтэйчүүд санхүүгийн чадавх харьцангуй сайтай байгааг харуулж байна. Бид “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өөр дамжуулан бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхийг сайжруулах, бизнесийг дэмжих, санхүүжилтийн хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд тогтмол анхаарч, эмэгтэйчүүддээ илүү ойр, хамтарч ажиллах болно” хэмээн онцолсон юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!