Ямар улсын иргэд биднээс өөр онд амьдарч байгаа вэ?

🕔 2021/10/08 18:55

Ямар улсын иргэд биднээс өөр онд амьдарч байгаа вэ?

 

Орчин үеийн дэлхий Григорийн тооллоор өдөр хоногоо хэмждэг тул бид 2021 онд амьдарч байгаа билээ. Энэ тооллыг анх 13-р зуунд Ромын Пап Григори зохиож, яваандаа дэлхий нийтийн хэрэглээ болсон учраас "Нийтийн тоолол" гэж нэрлэх нь ч бий. Гэхдээ хэсэг орнууд өөрсдийн уламжлалт он тооллыг Григорийн тооллын хажуугаар давхар хөтлөн яваа гэдгийг тэр хүмүүс мэдээд байдаггүй. Энэ үүднээс та бүхэнд тэрхүү "2021 онд амьдрахгүй байгаа" орнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

1Тайланд - 2564 он

 

Тайландчууд Григорийн тооллоос гадна Бурхан багш гэгээрсэн оноос эхлээд тоолдог "Тьантхаракхати" хэмээх хуанлитай юм. МЭӨ 543 онд Бурхан багш гэгээрэлд хүрсэн гэдэг тул өдгөө Тайландад 2564 он болж байгаа аж. 

Энэхүү он тоолол нь сарны мөчлөг дээр суурилсан учраас зарим өдрийг хөрвүүлэхэд зөрдөг гэнэ. Жишээлбэл бусад оронд 1-р сар болж байхад Тайландчуудын хувьд 12-р сар дуусаагүй байдаг аж. Мөн "Тьантхаракхати"-ийн сарууд нь нэргүй, харин манайхтай адил дэс дугаартай байдаг юм. 1940 онд эзэн хаан 8-р Рамагийн зарлигаар нийтийн тоололд Тайланд шилжсэн ч тус орны иргэд хуучин хуанлигаа өдөр тутмын амьдралдаа ашигласан хэвээр байгаа гэнэ. 

 

Тайланд - 2564 он

2Этиоп - 2013 он

 

Этиоп бол үнэхээр өвөрмөц орон юм. Нэгт тус улс Африк тивийнх боловч Христийн шашин, тэр дундаа Үнэн алдартны урсгал зонхилдог байна. Хоёрт гэвэл Этиоп клоничлогдож байгаагүй цор ганц Африк тивийн улс гэж тооцогддог.

Тус орон нь христийн тоололд эрт шилжсэн ч зарим нэг үл ойлголцлоос болоод дэлхий нийтээс 8 жил хоцорч явдаг байна. Этиопын хуанлигаар нэг жил 12 сартай бөгөөд нэг сар нь дунджаар 30 хоногтой байдаг ч зарим жилүүд 13 дахь сартай байдаг гэнэ. Тэрхүү илүү сар нь ердөө 5-6 хоног үргэлжилдэг. Мөн Этиопчууд шөнө дунд биш үүр цайхад хоног солигдлоо гэж үздэг. 

 

Этиоп - 2013 он

3Иран ба Афганистан - 1399 он

 

Иран ба Афганистанд амьдардаг хүмүүс одон орны нарны хуанли дагадаг аж. Тус хуанлиг 11-р зуунд зохиосон бөгөдө он цагийн эрхээр хэд хэдэн шинэчлэлт хийжээ. Дээрх 2 орны иргэд он тооллыг бурхны элч Мухаммад Меккагаас Медина руу нүүсэн үеэс буюу нийтийн тооллын 522 оноос эхлэн тоолдог байна. 

Афганистанчуудын хувьд нарны хөдөлгөөнөөс шалтгаалан зарим сар 32 хнонгтой болдог гэнэ. Сонирхуулахад энэ 2 оронд амьдарч байгаа хүмүүсийн ажлын өдрүүд Даваа биш Бямба гарагт эхлэдэг аж. 

 

Иран ба Афганистан - 1399 он

4Энэтхэг - 1942 он

 

Энэтхэг улс хэл соёл өөр хэдэн зуун үндэстнээс бүрддэг орон юм. Үүнийг дагаад үндэстэн бүр нь өөрсдийн гэсэн цаг тоололтой байдаг. Харин 1957 онд Энэтхэгийн засгийн газраас бүх үндэстнээ нэгдсэн нэг цаг тоололд оруулахаар шийдсэн бөгөөд үүндээ Сака хэмээх хуанлиг сонгосон юм. 

МЭ 78 онд энэхүү хуанлиг домогт Сатавахана гүрний хаан Шаливахана зохиосон гэж эрдэмтэд үздэг. Сака хуанли нь нар сарны хөдөлгөөн дээр суурилдаг бөгөөд Григорийн хуанли шиг нэг жил нь 365 хоног, 12 сараас бүрдэнэ. Сака хуанлигийн он тоолол МЭ 78 оны 3-р сарын 15-д буюу Шаливахана Энэтхэгийн тусгаар тогтнолыг хадгалж үлдэх тулаанд ялалт байгуулсан өдрөөс эхэлдэг байна. 

 

Энэтхэг - 1942 он

5Хойд Солонгос - 110

 

Бүнд Найрамдах Ардчилсан Солонгос улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Сун 1997 онд таалал төгссөний дараа Хойд Солонгосын он тоолол буюу Жүче хуанлиг зохиосон юм. Ким Ил Сун 1912 онд төрсөн учраас тус оныг Бүнд Найрамдах Ардчилсан Солонгосын нэгдүгээр он хэмээн тооцох болжээ. 

 

Хойд Солонгос - 110

6Хятад - 4718 он

 

Хятадын соёлд он тоолол Их Хуан Ди буюу Шар эзэн хаан МЭӨ 2697 онд анхны хятад гүрнийг байгуулсан үеэс эхэлсэн гэж тооцдог байна. Шар эзэн хаан үнэхээр байсан эсэх нь өнөө хүртэл маргаан дагуулдаг ч албан ёсоор тус орны иргэд Хуан Диг бүх Хятадын өвөг дээдэс, бумбын шашныг үндэслэгч гэж үздэг.

 

Хятад - 4718 он

7Израйль - 5781 он

 

Еврейн шашинд дэлхий ертөнцийг үүссэн өдрөөс он тооллоо эхлүүлдэг байна. Үүний дагуу МЭӨ 3761 оны 10-р сарын 7-ны Даваа гарагт тэд хорвоо ертөнцийг бурхан бүтээсэн хэмээдэг аж. Тэгээд зогсохгүй 10-р сарын 7-ны 17 цаг 11 минут 20 секундэд бурхан ажлаа дууссан гэдгийг Еврейн шашинд тооцолж гаргасан аж. 

Шинэ жилийн хувьд мөн нарийн нарийн тооцооллын дагуу 9 юмуу 10-р сард болно. Сонирхуулахад Израильчууд шинэ жилээ 2 өдөр дараалж тэмдэглэдэг юм. 

 

Израйль - 5781 он
 
 
https://www.caak.mn/view/8288509/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!