Г.Эрдэнэчимэг: Дарамталсаар байгаад л араг түшүүлж төрүүлээд, нүүрийг нь будуулахаа болиулчихлаа гэдэг

🕔 2018/12/18 22:16
Өвөрмөц өнгө төрхөөр анх олонд танигдсан "Шуранхай” хамтлагийн бүсгүйчүүд өдгөө тус тусын уран бүтээлээ хийж яваа. Тэгвэл тэдний нэгэн гишүүн, уртын дуучин, мөн нэг хэсэг загварын тайзнаа алхаж явсан Г.Эрдэнэчимэгийг урьж ярилцлаа. Мөн түүнийг УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий гэдгийг ч хэн бүхэн мэдэх биз ээ.
 
БИД ӨМНӨ НЬ Ч ХАМТЛАГ БАЙГААГҮЙ, ОДОО Ч ХАМТЛАГ БИШ
Сайхан хаваржиж байна уу. "Шуранхай” хамтлагт байсан үеэс чинь яриагаа эхэлэе гэж бодлоо?
Монгол түмэн минь сайхан хаваржиж байна уу. Мөн танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. "Шуранхай” хамтлагт уран бүтээл туурьвиж байсан үе бол хамгийн сайхан дурсамжтай, олон ч зүйлийг мэдэж, сурч авсан үе байдаг. Үүрээ, Номио бид гурав нэг багшийн шавь нар л даа. Тиймээс мэргэжил тал дээр бид гурав маш сайн найзууд.
Нэгнийхээ дуулалт болоод алдаа оноог хэлж засч өгдөг. Тэгээд анх нөхөрлөлөө бататгая хэмээн хамтарч дуулж, нөгөө хоёр найз маань анх ардын дууг гурвуулаа хамтарч дуулья гэсэн санааг гаргасан. Харин би үүнд их хашир хандсан. Бид гурвыг үзэх, сонсох хүн байх болов уу гэж бодсон. Гэхдээ тоглолт хийсний дараа хүмүүст маш их таалагдсан.
Гурван жаахан охин даашинзтай гарч ирээд ардын дуу дуулахад өвөрмөц л санагдсан байх…
Монгол ардын дууг мэргэжлийн түвшинд гурван өөр хоолой дээр дуулсан, дээр нь нас нь бага гурван охин даашинзтай гараад дуулсан нь сонсогчдод их содон санагдсан байна лээ. Хамтлаг байгуулья ч гэж төсөөлөөгүй явж байгаад, анхны тоглолтынхоо нэрээр "Шуранхай” гэдэг хамтлаг болчихсон доо /инээв/. Түүнээс биш бид өмнө нь ч хамтлаг байгаагүй одоо ч хамтлаг биш. Яг үндсэндээ бол ганцхан жилийн хугацаанд нийтдээ хоёр тоглолт, таван цомог гаргачихсан байна даа. Тэгээд л тарчихсан. Одоо бол сайхан найзууд хэвээрээ, харин уран бүтээл дээр тус тусдаа бие даагаад явж байна.
 
Магадгүй эргээд дахин хамтарч уран бүтээл хийх төлөвлөгөө бий юү?
Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй. Тухайн үед үзэгчид, сонсогчид бид нарт маш их талархдаг байсан. Учир нь бага балчир хүүхдээс авахуулаад ахмад настай буурай хүртэл ардын дуунд маш их дуртай болсон, миний хүүхдийг ардын дуунд дуртай болгосонд баярлалаа гэдэг ч юм уу тиймэрхүү талархал их ирдэг байсан. Биднийг сонсох дуртай хүмүүст насны хязгаар гэж бараг байгаагүй шүү /инээв/. Тиймээс бид дахиж нэгдэхгүй гэсэн зүйл байхгүй. Магадгүй хэзээ нэг сайхан нартай өдөр бид гурав дахин хамтарч уран бүтээлээ хийх л болов уу гэж бодож байна ш дээ.
Тухайн үед хамтлаг гэж хэлүүлэхээсээ их ичдэг байсан гэж сонссон. Яагаад вэ?
Тийм ээ. Маш их ичдэг байсан /инээв/. Уртын дууны "Шуранхай” хамтлаг гэхээр урт, сунжралдсан ч юм шиг санагддаг байсан. Гэхдээ энэ нэр маань бид гурвын овог шиг л болсон, одоо ч энд тэнд энэ нэрээр минь дуудаж байдаг. Найман жилийн өмнө бид мэдээж хүмүүст хүрч чадсан болоод л өдийг хүртэл энэ нэр маань дурдагдсаар яваа юм болов уу гэж бодож байна.
ХАРСААР БАЙГААД ГАЗАР НУТАГ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ, ХҮҮХДЭЭ ХАРИЙН ХҮНТЭЙ ГЭРЛҮҮЛЧИХ ҮҮ
Та хувийн уран бүтээл дээр хэр ажиллаж байна. Ажиглаад байхад сүүлийн үед рекламд их тоглох болсон юм шиг ээ?
Рекламны саналууд ирдэг л дээ. Гэхдээ рекламд тоглохдоо нэгдүгээрт би өөрийнхөө үнэ цэнийг бодно, хоёрдугаарт тухайн бүтээгдэхүүнийг сурталчилхад бидэнд хариуцлага хэрэгтэй. Учир нь түүнийг сайн, чанартай гээд рекламдвал хүмүүс сайн л гэж бодно. Магадгүй би хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнээ сайн гээд рекламдвал утгагүй шүү дээ. Харин тухайн бүтээгдэхүүнээ би өөрөө хэрэглэж үзээд таалагдвал рекламдаж болно. Иймэрхүү босго тавьдаг.
Хувийн уран бүтээл дээр гэвэл "Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд хийж байна. Өнгөрсөн сар шинийн баяраар "Зургаан ханатай гэр” гээд Өвөрмонголын Хишигтэн түмний дууг дуулсан. Дараа нь Халимагийн "Энкэр ээж минь” дууг дуулж, эмэгтэйчүүдийн баяраар клипээ хүргэсэн. Эдгээр дуунууд маань бас нэлээд амжилттай явсан. Цаашид Буриад хэлээр дуулах бодол байна. Бас уртын дуугаа орхилгүй бэлтгэл сургуулилтаа байнга хийдэг.
Таны нөхөр МУГЖ С.Жавхлан та хоёрыг монгол туургатан уран бүтээлчдийг нэгтгэж чадсан гэдгээр тань ард түмэн их үнэлдэг юм билээ…
"Хамаг Монгол” төсөл маань өөрөө хамрах хүрээ өргөн учраас Шинжаан Уйгур, Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад гэх мэт олон газар хүрсэн байна. Тиймээс нэг дуу гаргалаа гэхэд зөвхөн төв монголдоо биш "Хамаг Монгол” төслийн хүрээнд тархаж, олонд хүрч байдаг юм. Үүнд миний ханийн мухашгүй, зоригтой зан чанар нь маш их нөлөөлсөн. Монгол улсын хийх ёстой ажлыг хийж, Хамаг монголоо нэгтгэсэн гайхалтай ажлын ард тухайн үедээ гарч байсан шүү.
Ингэж явснаараа бас багагүй хэл аманд өртөж, элдвээр хэлүүлж байсан үе ч бий байх аа?
Тийм ээ. Гол нь улстөрд орлоо гэж их хэл аманд өртсөн. Гэхдээ би улстөрийг оролдох биш улстөр намайг оролдоод байна гэдэг шиг яалтач үгүй бидний алхам тутамд, хүүхдийн маань ирээдүйд улстөр гэдэг зүйл оролцоод, нөлөөлөөд байгаа байхгүй юу. Тиймээс харсаар байгаад газар нутаг, тусгаар тогтнолоо алдчих ёстой юу, хүүхдээ харийн хүнтэй гэрлүүлчих үү, тийм биз дээ. Тиймээс С.Жавхлан нь ч байна уу, хэн ч байсан энэ бүхний төлөө тэмцэж, дуугарч байх л хэрэгтэй. Би бол нөхрөө 100 хувь дэмждэг. Ингэж байж бидний улс, хүүхдийн маань ирээдүй баталгаатай байх болов уу гэж боддог.
Бие биенээ ойлгож дэмжиж гэмээнэ л сайн, сайхан гэр бүл оршин тогтнодог байх. Ханьтайгаа анх хэрхэн танилцаж байсан талаараа дурсвал?
Урлаг л бид хоёрыг холбосон доо. Түүнээс биш намайг С.Жавхлан гэдэг, намайг Эрдэнэчимэг гэдэг гээд л танилцаж байгаагүй л дээ. Адилхан урлагийн хүмүүс учраас аливаа нэг тоглолт дээр хааяа тааралддаг л байсан.
Хүүхдүүдийн тань нэр их содон санагддаг. Хэн өгдөг вэ нэрийг нь?
Манай монголчууд хүүхдээ төрөөд гурав хоног ажиглаад нэрийг нь өгдөг байсан юм билээ. Тиймээс аав нь хүүхдүүдээ төрөхөөр нь яг тэгэж гурав хоногийн дотор нэрийг нь өгдөг. Том охиныг маань Үжингүнж гэдэг. Айлын хамгийн том охин, эрх танхил учраас ийм нэр өгсөн байх.
Дараагийн охиндоо Өдрийнцолмон гэж нэр хайрласан. Яагаад гэвэл тэр жил нар, сар, од гурав зэрэг гарч байсан. Түүнийг монголчууд Өдрийнцолмон гийсэн өдөр гэж бэлэгшээдэг бөгөөд энэ нь 2000 жилд нэг удаа тохиодог байгалийн үзэгдэл юм билээ. Бага хүүг маань Цэгц гэдэг. Аливаа юманд цэгцтэй, нямбай зарим тохиолдолд чиглүүлэгч, удирдагч гэсэн тайлбартай байдаг. Тиймээс энэ бүгдийг бэлэгдэж ийн нэрлэсэн дээ.
Монголчууд үрээн танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян гэдэг шүү дээ..
Үртэй хүн жаргалтай гэж үнэхээр үнэн үг шүү. Мэдээж дахиж хүүхэд гаргана, одон авна /инээв/. Гэхдээ арай болоогүй. Яагаад ч юм өөрийгөө хөгшин, настай болчихсоноор төсөөлөөд бодохоор нэг хүүхэд маань эргээд явахад дараагийн хүүхэд маань ирээд л ерөөсөө тасралтгүй. Тийм байлгах үүднээс тооцоолоод бодохоор гурав ч юмуу дөрвөн хүүхэд бага юм шиг санагддаг ш дээ /инээв/.
МИСС ГЭЖ ХЭЛҮҮЛЭХЭЭС ИЧДЭГ
Тэртээ найман жилийн өмнө гарч ирж байсан "Шуранхай”-н Эрдэнэчимэгийн тэр үзэсгэлэнтэй төрх одоо ч хэвээрээ. Энэ л төрхөөрөө гайхуулж миссийн тэмцээнд оролцож байсан ч үе танд бий байх аа?
Тийм ээ. Бас нэгэн гайхалтай дурсамжуудын маань нэг. Гэхдээ би нэг хэсэг мисс Эрдэнэчимэг гэж бичихээр маш их ичдэг байсан. Тухайн үед буюу 2007 онд байх аа, миссийн тэмцээн маш их болдог байсан. Бараг л жаахан өндөр л бол мисс болчихдог байлаа шүү дээ. Тиймээс тухайн үедээ дэмий ч тэмцээнд орчихов уу даа гэж боддог байсан. Монголдоо үндэсний ялагч нь болоод Нөхөрсөг миссээр шалгарч байсан, нийт гурван шагналыг нь авч байсан ч одоо санадаггүй юм аа /инээв/.
Тухайн үед авч байсан цом, өргөмжлөл маань Архангайнд аавынд маань байдаг. Нэг өдөр очихдоо бүр сайн харая гэж бодож байгаа шүү. Солонгос руу олон улсын тэмцээнд явж байсан. Шалгуур маш өндөртэй, англи хэл дээр илтгэл тавих даалгавартай байсан нь хамгийн хүнд санагдаж байсан. Яагаад гэвэл би англи хэлэндээ тийм ч сайн биш. Тэгээд хоёр минут Чингис хаан яагаад, яаж дэлхийн талыг эзэлсэн бэ гэдэг сэдвээр тавьж байсан.
Энэ илтгэлийн маань гол утга санаа нь дэлхий нийтийн хүн төрөлхтөнийг нэгэн дээвэр дор эв нэгдэлтэй амьдруулах үүднээс дэлхийг ийн байлдан дагуулж байсан, тиймээс биш харгис хүйтэн дайн биш юм гэдэг утгыг агуулсан нь бүх хүмүүст тухайн үед маш их таалагдсан. Ямартай 30 гаруй улс оролцсон энэ том тэмцээнээс "Энхийн элчин сайд” өргөмжлөлийг авч байсан. Энэ тэмцээнээс маш их зүйлсийг сурч мэдэж авч, одоогийн зан төлөвшилд маань ч их нөлөөлсөн. Хүн ер нь өөрийгөө аливаа зүйлд сорьж үзэж байх л хэрэгтэй юм байна гэж ойлгосон.
 
Магадгүй дуучин Эрдэнэчимэг биш өдгөө мисс Эрдэнэчимэг байсан бол?
Дээр хэлсэнчлэн би мисс гэдэг нэрэндээ тийм ч дуртай байгаагүй ээ. Энэ тэмцээнээс хойш Хятад, Турк, Орос улсуудруу миссийн тэмцээнд явах саналууд ирж байсан. Гэхдээ яагаад ч юм надад хэрэггүй л юм шиг санагдсан. Тэртээ тэргүй Энхийн элчин сайд гээд сайхан шагнал авчихсан, энэ миний хувьд хангалттай гэж бодсон.
Тэгэхээр мисс, уртын дуучин, "Шуранхай”-н Эрдэнэчимэг гээд нэрний тань урд нэлээд урт гуншин явах нь ээ?
Харин тийм ээ /инээв/. Бас намайг аливаа тоглолт дээр зарлахдаа СТА гэж зарлаад байдаг. Угтаа бол би чинь энэ шагналыг аваагүй ш дээ.
Гэхдээ амны билгээс ашдын билгэ гэдэг шүү дээ?
Нөгөө ард түмний гавьяат гэдэг шиг үү /инээв/. Гэхдээ төр засаг намайг үнэлээгүй байхад ингэж дуудах нь дэмий юм шиг санагддаг. Зарим нэг нь ганц, хоёр дуу дуулаад СТА авчихсан л байдаг л даа. Миний хувьд бол соёлыг тэргүүлж байгаа ажилтан гэдэг маань хариуцлагатай том шагнал гэж боддог. Тиймээс нэлээд их юм хийж гэмээнэ энэ шагналыг авах ёстой юм болов уу. Би бол энэ шагналыг хүртэх болоогүй.
Таныг МУГЖ С.Жавхлантай ханилснаас хойш л гэнэт дээл өмсөөд л монголжуу болчихсон гэж ойлгох нь элбэг шүү дээ. Бараг л хүчээр шахуу ийм зүйл хийгээд байдаг юм уу ч гэдэг?
Намайг бага байхад манайх зусланд буюу мал дээр их гардаг айл байсан. Тийм болохоор монгол ахуйтай их ойр өссөн. Ер нь хотод орж ирсэн цагаас хойш бодоод байхаар миний хамгийн аз жаргалтай сайхан байсан үе маань бол хөдөө мал дээр ээж, аавтайгаа, хурга ишигээ хариулаад явж байсан үе маань байдаг. Тоглох ч завгүй, өглөө босоод айргаа уугаад л үнээндээ гардаг. Тиймээс бид хоёрын хувьд ч бас мэдээж үзэл бодол, сонирхол нийлж байж л бие биедээ татагдаж ханилна л даа. Гэхдээ миний сурсан, үзсэн энэ суурь хүмүүжил дээр нэмээд нөхрөөсөө маш их зүйлсийг сурсан.
Нөхөртөө ч бас хэлдэг, Эрдэнэчимэг гэдэг хүнийг ингэж өнгөлж, миний амьдралыг хөгжүүлж, ундруулж байгаад маш их баярлалаа гэж. Харин одоо бол би өөрөө монгол ухаанаар, арга барилаар яаж зөв, эрүүл амьдрах уу гэдэгт хорхойсож, дурладаг болсон. Монгол хувцас л өмсөхгүй бол европ хувцас чимэггүй ч юм шиг санагддаг болж, эсвэл холиод өөрийнхөөрөө өмсвөл илүү гоё нийцтэй юм шиг санагддаг ш дээ.
Нэг хэсэг бол Жавхлангийн дарамтаар энэ хүүхэн ингэж байна гэх ойлголт байсан, дарамталсаар байгаад л араг түшүүлээд төрүүлчихлээ, одоо бүр нүүрийг нь будуулахаа болиод, үсийг нь хоёр салаа сүлжүүлээд, нөгөө миссийн тэмцээнд орж байсан бүсгүй ч өнгөрлөө гэж ярих нь их байсан /инээв/. Ямар ч байсан монголоороо байснаар бидний амьдрал маш амттай байдаг.
Тийм шүү та хоёрыг хувцаслалтаас хүртэл Монголоо гэсэн сэтгэл "үнэртддэг”…
Манай нөхөр бол 100 хувь монгол хувцастай, нэг ч европ хувцас байхгүй. Би болохоор гоё өмсмөөр санагдсаг европ хувцсаа монгол ахуйтайгаа холиод өмсчихнө. Дээл өмсөх орчин нөхцөлтэй байвал дээлээ өмсөнө. Хүүхдүүддээ ч гэсэн бид хоёр үлгэр дууриалал болж болж өгвөл монголжуу хэв маягаар хувцасладаг. Даяаршлын энэ нийгэмд бас хүүхдүүдээ дан монголоор хувцаслана гэхээр хүүхэд учраас заримдаа даашинз өмсхийг хүснэ шүү дээ. Дээлээ ч гэсэн өмсмөөр байна гэдэг. Гадуур хүртэл дагуулж явахаар хүмүүс өхөөрдөөд сайхан байдаг ш дээ. Бас хүүхдүүддээ зүгээр ч дээл өмсгөх биш, үеийн хүүхдүүддээ бас үлгэр дууриалал болж байгаа болов уу гэж боддог.
Таныг үйлэнд уран гэж их магтдаг. Тиймээс нөхөр, хүүхдүүдийнхээ хувцсыг та өөрөө урладаг уу. Загвар дизайнаа хаанаас бодож олдог вэ, бас одоо хэчнээн дээлтэй болоод байна?
Дээлээ яг тоолж бол үзэээгүй. Гэхдээ ямар ч байсан хувцасны шүүгээндээ багтахгүй болтлоо болчихоогүй л байна, багтаж байгаа /инээв/. 20-30 хооронд л байгаа байх. Дээлний загварын хувьд гэвэл яг үнэндээ тэр ганган, чамин дээлнүүдийг чинь би өөрөө оёдоггүй ш дээ.
Хүмүүс л намайг заримдаа хэтэрхий магтчих юм даа. Би бүр заримдаа яана аа гээд санаа зовдог. Гэхдээ ингэж магтсан урмыг нь алдчихгүй юмсан даа гэж их л хичээж явна даа. Харин тоглолтын сайхан дээлнүүдийг маань нөхрийн дүү оёно, "Нуман донж” урлан, "Эртний монгол хийц” урлан зэрэг газрууд хийдэг байгаа.
Таныг монгол гэргийн болоод бүсгүй хүний гайхалтай шинжүүдийг өөртөө шигтгэж чадсан эмэгтэй гээд л нээрээ их магтдаг юм билээ?
Харин тийм /инээв/. Саяхан нэг судалгаагаар хамгийн их даган дуурайдаг, үлгэр дууриалал болдог эмэгтэйгээр тодорсон байна гэж байсан. Үүнийг би маш их санаа зовж хүлээж авсан. Учир нь намайг хүмүүс хараад үлгэрлээд байдаг, харин би өөрөө хүн үлгэрлэх хэмжээнд байна уу гэж бодсон чинь тийм ч чамлахаар биш ч цаашдаа маш их зүйлсийг сурах, мэдэх шаардлагатай гэж бодсон. Маш том хариуцлага энэ бол.
ТӨРӨХИЙГ ӨВЧИН ГЭЖ БОДООГҮЙ БОЛОХООР ЭМНЭЛЭГТ ОЧООГҮЙ
Та эмнэлэгт биш, монгол гэрт гурван хүүхдээ төрүүлсэн. Энэ бас л одоогийн эмэгтэй хүнээс гарамгүй гайхалтай зориг шүү… 
Тийм ээ. Гурван хүүхдээ араг түшиж, монгол гэрт төрүүлсэн. Би төрөхийг өвчин гэж бодоогүй. Тийм учраас эмнэлэг очих шаардлагагүй гэж бодсон. Дээр үед эмнэлэггүй байхад яаж төрдөг байсан юм. Бас л жам ёсоороо монгол ахуйгаараа төрсөн шүү дээ. Би бас аливаа гайгүй гэж бодсон зүйлдээ тэгээд л бодчихдог, жаахан хэнэггүй талдаа хүн гэх үү дээ. Магадгүй миний энэ зан нөлөөлсөн байх л даа. Дээрээс нь нөхөр бид хоёр ярилцаж байгаад шийдсэн. Гэхдээ манай хадмууд болоод гэрийнхэн эсэргүүцэж, их зөрчилдсөн дөө. Манай нөхрийг хүртэл чи өөрөө төрж үзсэн юм уу гээд манай эгч загинаж байсан. Тэгээд л болно гээд зөрсөөр байгаад л төрчихсөн.
Саяхан С.Жавхлан, Т.Баясгалан нар олон жилийн дараа хамтарч тоглолтоо хийлээ. Харин тэднийг хамтрахад таныг дурамжхан байсан гэх яриа гарсан байсан?
Сайн, муу нийлж байж сав дүүрдэг гэдэг шиг дандаа магтуулаад байна гэж юу байх вэ дээ /инээв/. Гэхдээ би хэнд ч дурамжхан байна, энэ хоёрыг тоглолт хийхэд дургүй байна гэж хэлээгүй. Энэ бол өөр нэг хүний л бодол байх. Надад ч тийм бодол төрөөгүй.
 
"Монголоороо сэрэхүй” ТББ –аа давхар удирдаж байгаа гэсэн. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг төв бэ?
Монголоороо сургалтын төв гэж явдаг. Монгол бичиг, бие биелгээ, уртын дуу, монгол бясалгал, эсгий урлал зэргийг зааж сургадаг. Яагаад энэ төвийг нээх болсон бэ гэвэл би өөрөө анх уртын дуугаа дуулж, дадлагажих, бас монгол бичиг, бие биелгээ сурая гээд тиймэрхүү газар хайсан боловч байгаагүй.
Тиймээс над шиг сурахыг хүссэн хүмүүс байдаг байх гэж бодоод монгол ахуйн зан заншлын зүйлээ нэг газраас сурах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Мөн хүүхдүүддээ зориулж нээсэн. Өөрөө хажууд нь үлгэрлэж, орчныг нь бүрдүүлж өгөхгүй бол хүүхдээ мянга ингэ, тэг гээд загнаад байвал нэмэргүй шүү дээ. Харин одоо манай сургалтыг сонирхох хүн их болсон байна. манай охидууд ч бас бие биелгээндээ явдаг. Эсгий урлалыг бол хүмүүс нээгээгүй байхад л залгаад явмаар байна гэж байсан.
Та өөрөө багшилдаг уу?
Хааяа уртын дууны багштайгаа солигдож хичээл заадаг. Ер нь тэгээд гурван хүүхдээ өөрөө хардаг болохоор багшлаад байх зав гардаггүй. Тиймээс хааяахан энэ төвөөрөө дөрвүүлээ хөвөрч орж ирж эргэчихээд л, хоёр охиноо бүжгийнх нь хичээлийг хийлгээд, өөрөө дасгал гамм уншчихаад л гэрлүүгээ явдаг.
МАНАЙ ГЭР БАРАГ Л МУЗЕЙ ДЭЭ 
Нэг хэсэг монгол гэрт галаа түлээд, тоггүй газар, таван цулаа идээд амьдарч байна гээд л шуугисан даа?
Одоо "Монголоороо” төвийнхөө дээр амьдарч байна. Гэхдээ ер нь манайх гэрт амьдардаг ш дээ. Гачууртад байдаг. Зундаа найман ханатай гэр бариад зусланд гарчихдаг юм. "Хар хархан харц” дууны клип дээр гардаг гэр чинь манайх шүү дээ. Бараг л музей дээ манай гэр бол. Гадаадын юу ч байхгүй гээд бод доо. Модон ор, малын арьсаар хийсэн уут, ширээ, сандал, тулга гээд л яг л монгол ахуй.
Нөгөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрахсан гэдэг шиг үнэхээр тийм мэдрэмж төрдөг. Зун бол заавал зусланд гэрээ барина гээд л гараад явчихдаг. Тэгээд тулгандаа галаа түлж цайгаа чанаад, хаяагаар салхи сэвэлзээд л, оройдоо тулганы гэрэлтэй учраас лаа барих шаардлагагүй, ер нь л гайхалтай ш дээ. Хамтын амьдрал гэдэг үгний утга учир тэнд л оршиж байгаа болов уу. Байшин ч гэсэн ус нь хананаас урсаад бүх зүйл нь амар ч, монгол гэрт өөрийн гараар бүх зүйлээ бүтээгээд хийнэ гэдэг аз жаргал, кайф.
Өдгөө хотондоо хэчнээн тооны малтай болсон бэ?
Яг тоолж үзээгүй юм байна. Хүний бэлэглэсэн гээд л ямар ч байсан тэмээнээс бусад буюу дөрвөн хошуу малтай.
Урин цаг ирж байна. Удахгүй зүлгэн дээрээ гэрээ бариад л…
Ер нь жилийн дөрвөн улирал очдог ш дээ. Зун нь бүр мал дээр хөдөө гардаг. Хийх ажилгүй лагерийн гэрт сууж байхаар хөдөө мал хуй дээр байсан нь илүү сайхан.
Ярилцлагын төгсгөлд уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?
Хүн болгон энэ хорвоо дээр ямар заяа тавиланг амсах гэж ирсэн, өөрийнхөө наслах ёстой насыг наслаж жам ёсоороо насаа дүүргэж, дандаа аз жаргалаа мэдэрч амьдраасай гэж ерөөе. Би цацал өргөхдөө дандаа энэ ерөөлийг хэлдэг юм.
Энэ ерөөлийн хүн болгон гэдэг үгэнд дэлхий нийтийн бүхий л хүмүүсийг хамруулж ерөөж байгаа юм шүү.
Урилга хүлээн авч халуун дотно яриа өрнүүлсэнд баярлалаа. Танай гэр бүл болоод таны ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Ярилцсан: Д.Тэмүүлэн
ЭХ СУРВАЛЖ: HOTNEWS сэтгүүл /хуулбарлахыг хориглоно/
 

Г.Эрдэнэчимэг: Дарамталсаар байгаад л араг түшүүлж төрүүлээд, нүүрийг нь будуулахаа болиулчихлаа гэдэг

 

 

Г.Эрдэнэчимэг: Дарамталсаар байгаад л араг түшүүлж төрүүлээд, нүүрийг нь будуулахаа болиулчихлаа гэдэг

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!