Хэн нь үнэн яриад байна вэ

🕔 2018/05/11 13:34

 

С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат тус хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг дэлгээд байгаа.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ч прокурорын хийсэн баримтууд няцаалт өгсөн. Олон нийтийн дунд Хууль зүй, дотоод хэргийн сайдад итгэх үү, УЕП-ын орлогч даргад итгэх үү гэсэн төөрөгдөл үүсээд байгаа. Тэдний хэрэгтэй холбоотой дэлгэсэн  эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

 

Хэн нь үнэн яриад байна вэ?

 

УЕП-ын орлогч дарга Г.Эрдэнэбат:

 

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материалтай танилцах эрхгүй мөртлөө хууль зөрчөөд танилцсан байдаг.
  •  
  • Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй. Түүнийг анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн.
  •  
  • Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 27 хавтаст хэрэг хүлээн авч байв.
  •  
  • Прокурор шүүхэд шилжүүлэхдээ 58, шүүх дээр ирээд 66 хавтаст хэрэг болов. Энэ дунд тоологдоогүй, гүйцэтгэх ажлаар олж авсан нууц материалууд дунд нь бий.
  •  
  • 1998 оны аравдугаар сарын 3-наас буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өнөөг хүртэл долоон удаа түтгэлзүүлж, буцаан сэргээсэн байдаг. Энэ дунд гэхдээ гүйцэтгэх ажил зогсоогүй, тасралтгүй мөрдсөн.

 

  • Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй ч байж мэднэ. Шаардлага хангаагүй ч байж мэднэ.

 

  • Энэ хэргийг би үйлдсэн, сайн мэднэ гэсэн тохиолдол бүрийг шалгасан. Энэ хэрэгт 41 хүнийг сэжигтнээр тогтоож шалгаад, хэрэг мухарлаад хэрэгсэхгүй болгосон байдаг.С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа.

 

  • Нууц мөрдөн шалгаж байгаа хүнээ хуулийнхан бид айлгаагүй. Энгийн тактикаар авч үзэхэд магадгүй хэргийн холбогдогч нар Т.Чимгээгээ айлгах гэж хашаанд нь тийм зүйл оруулсан болов уу гэж харж байна.

 

  • Олон улсын эрүүгийн практикт анх гүйцэтгэгчийг олоод дараа нь захиалагчийг олдог. Захиалагчийг анхлан олоход хэцүү, ул мөр нь бүдэг байдаг.

 

  • Энэ хэргийг зохиомол гэж ярьсан бүхнийг шалгаж байна. Аман зураг Б.Булганы мэдүүлэг болоод өөр хоёр гэрчийн мэдүүлгээр гарсан.

 

  • Миний ажлын хэсгийг ахалж байх хугацаанд таамаглаж шалгалт хийгээгүй, баримтаар л шалгасан.

 

  • Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг судлаж энэ хэрэгт оролцуулсан. Хүмүүс цуутай онц ноцтой гэмт хэрэгтэн үйлдсэн гэж ярьдаг, төсөөлдөг. Гэтэл ойрын харилцааны хэдэн хүн хийсэн нь тогтоогддог.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

 

  • Би хэргийн материалтай танилцаагүй. Өнөөдөр ч танилцаагүй.

 

  • Б.Булганыг хэргийн хамжигч гэж нэг жил хорьчихоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгочихоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм бэ. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байсан.

 

  • Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Г.Эрдэнэбат прокурор биш.

 

  • Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм. Чимгээ гээд хүүхний нотолгоогоо гаргаж ир гэсэн нь ямар хамаатай юм, тийм биз.

 

  • Наад яригдаж байгаа асуудал чинь ялгаа заагтай юм. Ямар ялгаа зааг байна вэ гэхээр нэгдүгээрт, энэ хэрэгт холбогдуулан гурван хүн шүүхээр шийтгүүлчихсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа.

 

  • Хэрэг үүсгэсэн гэж яриад байна лээ. Ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад, 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Энэ уулзалтаас хойш Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж би ойлгосон.

 

  • Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь цогцос аваачиж хаясан гэж цагдаагийнхан надад хэлсэн. Ирээд хэлсэн. Үнэн л байсан.

 

  • Захиалагчийг нь олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгнө. Түүнээс биш, үнэгүйгээр хүн алдаг гүйцэтгэгч гэж байхгүй. Тэгээд захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно.

 

  • Булганы хэлсэн ам зургаар хүн ялласан. Гэтэл Булганыг хуралд нь оруулахгүй байгаа биз дээ. Хуралд нь оруулаад "Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асууж, таньж олуулах ёстой юм байгаа биз дээ.

 

  • Нотлох баримтаа гаргаад тавиач дээ. Чимгээ хэрэг хийхэд ингэж оролцсон, бид ийм ийм баримтаар нотолсон, нэг, хоёр, гурав гээд. Тэр баримтаа л гаргаж ир.

 

  • Захиалагчийг нь олоогүй гэсэн хэрнээ "тэр аймар ухаантай захиалагч байна лээ, баригдахгүйн тулд зориуд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байгаа юм” гэж л прокурор хүн яриад байгаа юм даа.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!