У.Хүрэлсүхийн алга ташилт, Ц.Нямдоржийн “гэнэдэлт” юу өгүүлэв?
Хэдхэн хоногийн "Засгийн газар мөдхөн унана” гэсэн "бор шувуу”-нд ээрүүлж байсан У.Хүрэлсүх Засгийн газрын 100 дахь хоногийн тайлангаараа Монголд үүсээд байсан бараг бүх шуугиант асуудлыг эцэслэн шийдэж, алга ташилтаар мялаалгав. Нэмэгдсэн татварыг буцааж, хэвэнд нь оруулж, тэтгэврийн насыг наашлуулж байгаа /уг нь ч бас буцаагаад хэвэнд нь оруулсан л хэрэг/-гаа яруу баясгалантайгаар зарлав.
Оны эхний өдрүүдэд 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс давхар татварт "шулуулж", онцгой албан татварын "нэмэгдэл”-тэй бензин олдохоо больж, нийслэл даяар ШТС-ын гадаа өнжин хонох шахуу дугаарлаж байсан бүхнийг нэг далайлтаар шийднэ гэхээр мундаг байгаа биз дээ.
Үнэндээ ОУВС-гийн шахалтаар хийсэн гэх татварын нэмэгдэл тэлж ядаж байсан эдийн засаг, тамирдаж буй иргэдэд том дарамт, эрх баригчдад засгаа хөнтрүүлж ч болох эсэргүүцэл бий болгоод байсан. Нэгэнт үүсээд байсан энэ хилэгнэл дээр сөрөг хүчин Ардчилсан нам аль хэдийнэ тоглолт хийж, хоёрдугаар сарын 1-нд хийнэ гэсэн эсэргүүцлийн жагсаалын том шалтгаан болж байв. Харин одоо Ардчилсан намынхан жагсаал хийх шалтгаанаа дахин "тодотгох” шаардлагатай боллоо гэсэн хошин яриа үүсээд байна. Нэг цаг мөчид У.Хүрэлсүх татварын нэмэгдлийг буурууллаа гэж мэдэгдэл хийж байхад нөгөө талд Ардчилсан нам татвар нэмснийг эсэргүүцэж жагсаал хийнэ гэж хэд хашгираад яах билээ дээ. Мэдээж бодлого, цар хүрээний хувьд ч эсэргүүцлийн жагсаал хийх хангалттай шалтаг, шалтгаан байгаа ч У.Хүрэлсүхийн топ мэдэгдэл өнөөхөндөө олон нийтийн анхаарлыг сарниулж, зарим нэгнийг нь нулимсыг асгартал баярлуулж чадлаа.
Наад зах нь Ц.Нямдоржийн "Лексус”-ийн сенсацийг хар даа. Шударга, үнэнч, бүр хошноор хэлэхэд ядуу гэж "алдаршсан” Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 300 гаруй сая төгрөгийн үнэтэй "Лексус” машин унаж байна гэсэн сенсаци гэхэд жагсаал, цуглааны хилэнг хангалттай өдөөчихсөн байсан. Харин үүний хариуд Ерөнхий сайд Ц.Нямдоржийг машинаа зар гэж хэлсэн гэх үг л олон хүний хилэнг намдааж чадлаа. Ерөнхий сайдын хувьд маш гоё тоглолт. Угаасаа ч "мань эр” олон нийтэд таалагдах тоглолт хийхдээ чадамгай. Энэ удаагийн 100 дахь тоглолт лавтайяа +500 оноо ч авсан байж магад. Ард түмнийхээ шүүмжлэлийг сонсч, алдаагаа засч чадаж байна гэдэг мундаг. Адаглаад л чих зөөлөнтэй Засгийн газар юм гэж магтаж болохоор. Нөгөө талаасаа иргэд бид эсэргүүцээд алдаатай алхмыг нь засуулж чадлаа гэж бахархал төрүүлэм.
Гэвч хагас жил хүрэхгүй хугацаанд элгээрээ хэвтлээ, үүнээс өөр аргагүй гэж байсан шийдвэрүүдийг ингэж эргүүлэх байсан юм бол ард түмнийг ингэтэл бухимдуулах тоглоом шиг Засгийн газар байж болох уу гэсэн асуултыг мартаж болохгүй. Эдийн засгийн урт хугацааны бодлого эс юм гэхэд жилийн дотор гарч болох өөрчлөлтийг тооцоолох ухаан, зохистой шийдлийг гаргах чадавхи, хурд энэ удаад дутагдах шиг боллоо. Шинэ оны өмнө Монголбанк бодлогын хүүг бууруулж, үүгээрээ зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэх дохиог өгсөн. Өөрөөр хэлбэл, мөнгөний тэлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл нөгөө талд Засгийн газрын Сангийн бодлого нь хумих бодлого болоод хувирчихсан. Өөрөөр хэлбэл, Монголбанк мөнгөний тэлэх бодлого баримталж, эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг өсгөх бодлого хэрэгжүүлж байхад сангийн бодлого нь эсрэгээрээ татвар нэмэгдүүлэх замаар мөнгийг хумих алхмууд хийчихсэн. Энэ хоёр бодлого зөрчилдөж эхэлсэн тэр үед л татвар нэмэх талаарх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын шийдвэрийг эргэн харах ёстой байлаа.
Сайд Ц.Нямдоржийн лексус машин ч гэсэн зохицуулалтгүйн л гай байв. Үүнээс болоод жигтэйхэн том улс төрийн хэрэг мандах шахлаа шүү дээ. Өмнө нь үнэтэй машинаас татгалзах хөдөлгөөнийг өрнүүлж л байсан, АН-ын Засгийн газрын үед билүү дээ. Бүсээ чангалахаас өөр аргагүй боллоо гэж дээр дооргүй ярьж л байсан. Гэтэл яамд хоорондын дотоод зохицуулалт хийгдээд гэв гэнэт үнэтэй машин унадаг болчихсон шахуу тайлбар бол үнэндээ л жул. Хүүхдүүд наадахдаа ч өөрсдийн гэсэн дүрэм, журмаа тогтоодог. Зохистой бус жишээ хэдий ч мөрийтэй тоглоом ч дүрэмтэй. Үүний адилаар журам гаргаад төрийн ямар албан тушаалтан ямар үнэтэй машин унахыг журамлаад зохицуулчихсан бол мань эр ийм хэл аманд унахгүй байв. Наад зах нь төрийн албанд төдөөс илүү үнэтэй машин хэрэглэхийг хориглоно. Ийм албан тушаалтанд ийм хэмжээний унаа унах, эсвэл хангамж авах ёстой гэсэн дүрэм журам байж болдоггүй юм уу, ямар ч шударга "Нямдорж", шударга бус "Нямдорж"-оос эс хамаараад.
Нэг гэнэн сайд үнэтэй машин унах гэснийг нэг шударга Ерөнхий сайд тас цохиж болиулж байгаа үйл явдал зарим нэгний сайшаалыг хүртэж, заримд нь нэмэх оноо, нөгөөд нь хасах оноо өгч тоглолт хийгээд ч яах юм билээ? Бүх зүйл дүрэм, журам, хязгаар зохицуулалттай байх талаар бодож болохгүй юу манайхаан. Энд хэдийгээр машины жишээ тод сонсогдож байгаа ч гэсэн эдийн засгийг бүхэлд нь өөрчилж болох, иргэдийн ам амьжиргаа, явцуугаар хэлэхэд дургүйцэл эсэргүүцлийг төрүүлж болох, гэхдээ өмнө нь зохицуулалт байж болох асуудлуудыг ийн хуйрнуулан шуугиулсаар байх уу?
Одоо тэгээд бид баярлаад уйлах ёстой юу, үгүй юу.
А.Алтантуяа
Эх сурвалж: Infomongol.mn
https://www.infomongol.mn/content/read/155712.htm