У.Хүрэлсүхийн төрсөн өдрөөр улс даяараа амардаг болох уу?

🕔 2024/04/11 14:29

Иргэдийн ажил, амьдралыг дээшлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх үүрэгтэй парламентын гишүүд нь дээлийн хээ хуар, тэмдэглэлт өдөр судар ярих нь цөөнгүй. Жишээ нь, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэх өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн Баасан гаригт өргөн барьжээ. Уг төсөлд, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу зургадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төсөлд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж хууль санаачилагчид нь үзэж байгаа бололтой.
Сүүлийн үед шүүхэд итгэх олон нийтийн итгэл суларсан нь үнэн. Энэ нь "Шүүхийн өдөр"-ийг тэмдэглээгүйгээс болсон юм биш. Шүүх засаглалд тэмдэглэлт өдөртэй болж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулах гээд иргэдийн шүүхэд итгэх итгэл мэдээж нэмэгдэхгүй. Шүүх засаглал нь шударга бус шийдвэр гаргадагт иргэд бухимдаж эсэргүүцдэг. Шударга ёс шүүхийн танхимаас эхлээгүй нөхцөлд "Шүүхийн өдөр”-тэй боллоо гээд шүүх засаглалын нэр хүнд нэмэгдэхгүй, юу ч өөрчлөгдөхгүй.
Нөгөөтэйгүүр "Шүүхийн өдөр" болгохоор хуулийн төсөлд суулгаж өгсөн зургадугаар сарын 14 бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдрийг /06.14/ тэмдэглэлт өдөр болгож бэлэг барих гэсэн нэг арга заль байж болох юм гэсэн нэг хардлага байна.
Ямар ч байсан УИХ-аар уг хуулийн төсөлд оруулсан нэмэлтийг буюу зургадугаар сарын 14-ныг "Шүүхийн өдөр" болгохыг дэмжсэн тохиолдолд У.Хүрэлсүхийн төрсөн өдрөөр улс даяараа шүүхийн өдрийг "тэмдэглэх" нь.
Дашрамд сонирхуулахад, Ким Ир Сений төрсөн өдрийг Хойд Солонгосчууд "Нарны өдөр" хэмээн нэрийдэж, ард түмнээрээ тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай юм.
Б.ШАРХҮҮ
https://news.mn/r/2713827/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!