СУУДАЛ БӨГЛӨСӨН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАР

🕔 2023/06/06 16:32

СУУДАЛ БӨГЛӨСӨН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАР

 

Даргын суудалд дурлагчид Байнгын хороод руу хошуурдаг болчихлоо. Хамгийн хариуцлагатай албыг хэн дуртайд нь "таараадаг” болтол Байнгын хороодын нэр хүнд унаж байна даа.  


     Уг нь Байнгын хорооны даргад жинхэнэ хууль сахиулагчид, мэргэжлийн хүмүүсийг томилдоод хуулийн төслүүдийн хамгийн ажил хэрэгчээр хэлэлцүүлэн үг үсэг бүрийг нь нятлан шүүж, хуулийн төсөл шиг төсөл болгоод чуулган руу оруулж хэлэлцүүлдэг баймаар. Харамсалтай нь, энэ зарчимаасаа Их хурал ухарч, даргын суудал горилогчдын запасны суудал болтлоо нэр хүндгүй болгочихжээ.

    Өнөөдөр УИХ-ын дэргэд 11 Байнгын хороо үйл ажиллагаагаа явуулж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн шүүж байна. Үндсэндээ 11 хүн даргын суудалд тухалчихсан төсвийн хөрөнгөөр нэмэлтээр цалинжиж байна гэсэн үг. Хамгийн хариуцлагатай ажил хэрэгч байх үүрэгтэй Байнгын хороод хуулийн төслүүдээ нэг бүрчлэн шүүх нь битгий хэл ирцээ бүрдүүлэх гэж, үйлээ үздэг нь нууц биш юм. Тэр байтугай Байнгын хорооны дарга нар нь хэлэлүүлж байгаа асуудлаа мэдэхгүй, хуулийн төслүүддээ төөрч будилах нь бий. Тэгвэл УИХ-ын дэргэдэх 11 Байнгын хороог хэн хэн даргалж байгааг танилцуулж байна.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХ-АМГАЛАН

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, гадаад бодлого, гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал, Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал,цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлогоын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй. Тус Байнгын хороог УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан даргалж буй.

    Б.Энх-Амгалангийн хувьд хоёр удаагийн парламентад сууж, "давхар” дээлтэй сайдын алба хашиж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж буй.

      Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболдын захиалгаар тушаал гаргаж, түүний хамаарал бүхий этгээдүүдийн "Страто” ХХК, "Их дэлгэмэл ингүүн” ХХК-иудад хууль бусаар нүүрс тээврийн зам бэлдэж өгсөн хэргээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан 2019 оны тавдугаар сарын 3-нд "Авто замын ангилал шилжүүлэх тухай” 134 дугаартай тушаал гаргаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг "Улсын чанартай авто зам” статустай болгож шийдвэрлэсэн. Ийнхүү "Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нүүрс зөөх маршрут буюу Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон зам "Улсын чанартай авто зам” статустай болсноор орон нутгийн удирдлагууд оролцох эрхгүй болсон байгаа юм. Ийн түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.САРАНЧИМЭГ

         Тус Байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Саранчимэг даргалаад бүтэн жил тойрчээ. Торойх ажилгүй, товлосон хуралгүй шахам сүүлийн хэдэн сарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрөөж байна. Түүгээр ч зогсохгүй Байнгын хороо даргалагч нь Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдоод амжсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1999 онд БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Гавайн Пасифик их сургуульд Мэдээллийн систем мэргэжлээр сурсан байдаг.

       Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нь газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал, хөдөөгийн хөгжлийн бодлого, мал аж ахуйн бодлог, малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг, улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар, геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт, агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, байгаль орчны судалгаа, хөгжил, ан агнуур, газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт, газрын кадастр, зураглал зэрэг асуудлуудыг хэлэлцэх хуулийн зохицуулалтай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.МӨНХЦЭЦЭГ

      УИХ-д хоёр парламент дамнан сонгогдсон ч хийсэн ажилгүй, хэлэх үггүй, төрд шургалсан чимээгүй гишүүд цөөнгүй бий. Түүний нэг нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Түүнийг олон нийт яруу найрагч, сэтгүүлч гэдгээр нь илүү мэдэхээс улстөрч гэдэг талаас нь таних хүн ховор.

    Харин тэрбээр жилийн өмнөөс Боловсрол шинжлэх ухаан, спортын байнгын хороог даргалж, давхар хаалгатай өрөөнд, даргын суудалд суух болсон. Г.Мөнхцэцэг парламентад чимээгүй ч, төрийн албанд бол томордог нэгэн гэх цуу яриа олны дунд бий. Ялангуяа түүний төрлөх нутаг Дорноговь аймгийн Зам-Үүд сумыг  Г.Мөнхцэцэг гишүүний хамаатнууд "атгачихсан” авлига албан тушаалын хэргийг цэцэглүүлж байгаа гэх баримтууд ч гарч байлаа. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар Боловсролын багц хуулийг хэлэлцүүлэн батлах том тус Байнгын хороонд харъяалагдаж буй.

ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БАТТӨМӨР

     Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдээр эхний ээлжид зарлагдаж байсан Б.Баттөмөр гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог даргалж байна. Нүүрсний хулгайд холбогдсон эхний таван гишүүнийг зарлахад тэрбээр "Нүүрс хулгай хийх нь битгий хэл Гашуунсухайтын боомт хаана байдгийг ч мэдэхгүй” гэх тайлбар өгч байсан удаатай. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа хоёр Байнгын хороо даргалаад амжсан.

Тэрбээр "Тэс петролиум”  ХХК-аараа монголын шатахууны бизнесийг базаж, төрийн тендерүүдийг түүдэг баримтуудыг бид өмнө сануулж байсан. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо нь төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хорооны асуудал, гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг, Улсын Их Хурлын болон гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын асуудал, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй.

ИННОВАЦ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.БАТШУГАР

      Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнгөрсөн оны наймдугаар сард сайд болсон тул түүний оронд УИХ-ын гишүүн Энхбаярын Батшугарыг тус хорооны даргаар томилсон билээ.

     Энхбаярын Батшугар нь АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү гэдгээр нь олон нийт илүү танина. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулснаар Их хуралд орж ирсэн түүнийг гишүүнээр томилоод удалгүй Байнгын хорооны даргад томилсон. Улс төрд ийн богино хугацаанд хөлөө олж, даргын суудалд дэвшсэнийг олон нийт аавынх нь нөлөө их бий гэдэг.

НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА П.АНУЖИН

Нийгмийн бодлогын байнгын хороог УИХ2ын гишүүн П.Анужин даргалаад багагүй хугацаа өнгөрсөн. Түүнийг сайн улстөрч гэхээс илүүтэй Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн нэвтрүүлэгч гэдгээр нь олон нийт илүү мэднэ.  П.Анужин УИХ-д сонгогдсоныхоо дараа албан тушаалын хэрэгт нэр холбогдсон удаатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байв.   

     Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч, эзэмшсэн гэх хэргээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд "Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, билльяард, авто угаалгын ил зогсоол ажиллуулсан гэдэг.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.ЭНХБОЛД

       Төрийн ордонд 20 гаруй жил суусан ч даргын суудлаас буудаггүй гишүүн яах аргагүй УИХ-ын гишүүн Н.Энхболд. Тэрбээр энэ удаагийн парламентад Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж, сүүлийн үед хэлэлцүүлж байгаа гол хуулийн төслүүд дээр ажиллаж байна.

     Үндсэн хуулийн өөрчлөлтийг Байнгын хорооны 100 хувийн саналаар дэмжүүлж чадсан тэрбээр Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гэсэн хаврын чуулганы гол хуулиудын ажлын хэсгийг ахалж явна.

Н.Энхболдын хувьд өөрөө Ардын намаас авахаа авч, төрсөн дүү, төрсөн хүү, хүргэн, бэрүүдээ, хадмуудтай нь төрд төвхнүүлж амжсан. Тайзнаас буухад түүнд тийм ч хэцүү биш болов уу. Н.Энхболдын Гадаад хэргийн сайд байх үед төрсөн дүү нь хүүгээ дагуулаад Германы элчинд очсон. Өөрөө тэндээ төхнөж, харин хүү нь буцаж ирээд Ерөнхийлөгчийн зөвлөх болчихсон. Бас нэг дүү нь Багануур дүүргийн прокурорын газрын дарга болсон. Харин Н.Энхболдын өөрийнх нь хүү нь өдгөө Төрийн ёслолын газрын даргаар ажиллаж буй. Хүүгийнх нь хадам ээж А.Цогцэцэг нь 2016 онд Эрүүл мэндийн сайд болж байлаа. Харин охиных нь нөхөр буюу хүргэн нь Солонгосын элчинд даргаар томилогдож ажилласан. Өдгөө ҮАБЗ-д ажиллаж буй. Энэ мэтээр Н.Энхболд хүү, охин, хүргэн, бэрүүдээ төрд хангалттай төвхнүүлсэн.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Г.ТЭМҮҮЛЭН

     Их хуралд хоёр удаа сонгогдсон энэ удаагийн парламентын "хунтайж” нарын нэг нь яах аргагүй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Улс төрд тэр дундаа МАН-д түүний гэхээсээ аавынх нөлөө их. Тодруулбал, "Эрдэнэт”-ийн Ганзориг хэмээн алдаршсан түүний аав Ч.Ганзориг МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг.

     Тиймдээ ч өнгөрсөн долоон жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр суухдаа намынхаа бялуу хуваалтаас хол хоцроогүй нэгэн. Өнгөрсөн оны наймдугаар сараас Төсвийн байнгын хороог даргалж, "Төсөвт шинэчлэл хийнэ” хэмээн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт хийж амжсан.  Сайны хажуугаар саар гэгчээр тэрбээр анх УИХ-д сонгогдсон даруйдаа ЖДҮХС-аас зээл авсан 49 гишүүний нэгээр тодорч байсан удаатай. Эдийн засгийн гол цэгийг атгадаг Төсвийн байнгын хороог даргалана гэдэг түүний хувьд том боломж гэсэн үг. Түүнийг Ерөнхий сайд Боомтын хариуцсан сайдаар томилох санал тавьсан ч татгалзсан хэмээн мэдэгдэж байсан удаатай.

ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Т.ЭНХТҮВШИН

        Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсноор тус байнгын хороог УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин даргалах болсон.  Тойрогтоо танигдсан ч ард түмэнд танигдаагүй, "хэлгүй” гишүүдийн буухиаг Дорноговь аймгаас сонгогдсон Т.Энхтүвшин гишүүн үргэлжлүүлж байна.

     Аймгийн Засаг дарга болон НМХГ-т дарга гэх мэтчилэн төрд ажилласан туршлага нь бусад гишүүдээсээ хавь илүү ч Их хуралд орж ирснээсээ хойш амаа үдүүлсэн аятай ирцээ бүртгүүлж, кноп дардаг, төрийн ажлаас хойш суусан гишүүдийн нэг нь Т.Энхтүвшин болоод байна. Үлдвэржилтийн байнгйн хороог ахалснаасаа хойш хэд хэдэн үйлдвэрүүдтэй танилцаж байгаа гэх зургаа цахим орчинд нийтэлсэн ч аж үлйдвэрийг хөгжүүлэх талаар доривтой ажил санаачилж, олны анхаарлыг татах ажил хийхгүй байсаар суудлаа буух нь бололтой.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР

      Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр ч удаа даргыг нь сольсон Хууль зүйн байнгын хороог өдгөө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж байна. Тэрбээр Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг даргалж, намынхаа гишүүдээс оноо авч олонд танигдах ажлаа амжуулж чадсан "заль”-тай улстөрчийн нэг.

     Үе үеийн Хууль зүйн байнгын хороог МАН-ынхан том алба хариуцах гишүүддээ олгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Тиймдээ ч Б.Энхбаярыг дараагийн том албанд томилох эхлэлийг нь Хууль зүйн байнгын хорооны даргын албаас эхлүүлсэн байж магадгүй гэж үзэж болохоор байна. Тухайлбал, тус Байнгын хороог ахалж байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдын албанд очсон бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зам тээвэр хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болгон  дэвшүүлээд буй.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ЦЭРЭНПУНЦАГ

     Үе үеийн Эдийн засгийн байнгын хороог улс төрийн томоохон бизнесмэнүүд хашиж байсан бол тэднийг буухайг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг үргэлжүүлж буй.

      Бүхэл бүтэн Эдийн засгийн байнгын хороог даргалах нь битгий хэл эдийн засгийн ойлголтгүй нэгэн гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ удаа дараа батлан харуулж байлаа. Тухайлбал, саяхан УИХ-ын даргаас үнийн хөөрөгдлийг судлах ажлын хэсэг томилж, Эдийн засгийн байнгын хорооны хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулж байсан удаатай. Харин үнийн хөөрөгдлийг судласан Байнгын хорооны дарга "Бид захаар явсан. Махны үнэ нэмэгдсэн. Сүүлийн саруудад инфляц өссөн гол шалтгаан нь махны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Мах, гурилын үнэ нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд мах, гурилын үнэ хавар өсдөг хандлага гарчихсан байна. Худалдаачдын хэлж байгаагаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой махны үнэ нэмэгдсэн. Мөн тээврийн зардал нэмэгдсэн гэж байна. Хоёрдугаарт, малчид хаврын цагт мал туранхай учраас зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна. Ийм үндэслэлтэй шалтгаанууд байна. Малчид ченж нарын хооронд маргаан гардаг талаар бидэнд мэдээлэл өгсөн. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд зөв ойлгуулах хэрэгтэй гэж байна. Үхрийн мах 20 мянган төгрөг хүрсэн гээд байгаа. Гэхдээ үүний 25 хувь нь яс гардаг. Мөн өөх хаягдлыг ялган ангилаад гарцаагүй өртөг нь шингэдэг гэж байна” гэх мэдэгдэл хийж зогссон. Түүнчлэн тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоод амжсан ч Эдийн засгийн байнгын хороог даргалж сууна.

     Энэ мэтээр суудал бөглөсөн, асуудлаа мэддэггүй дарга нараар Байнгын хороог ахлуулж байна. Угтаа бол Байнгын хорооны дарга нар УИХ ямар чадамжтай вэ, гэдгийг нотлон харуулж байгаа том нотолгоо болж байна.

https://ergelt.mn/news/175/single/33812

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!