ЭЭЖИЙН ЗЭХСЭН МӨНГӨН ЗҮҮНИЙ МЯНДСАН УЧГИЙГ ЗӨВ СҮВЛЭН УР УХААНАА СОРЬЖ ЯВАА ХҮҮ

🕔 2019/01/20 22:06
Мандалговьд болсон нэгэн уралдаанаар хатан ухаант уран хатгамалч эрхэмсэг хүүхнүүдийн дунд сууж байгаа  нэгэн залуу анхаарал татсан юм. Энэ залуу нь Ганболдын Отгонбямба.  Дундговь аймагтаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг мужааны мэргэжлээр төгсч цэргийн алба хаан   эр бие тэгширч ид хийж бүтээх насандаа яваа энэ залуу оёдол, тэгэхдээ бүр зүү ороох уламжлалт уран хатгамалын урлагийг сонгосон нь  ээжийг нь ч , эгч дүү нарыг нь ч гайхшруулсан байна. 
Есөн хүүхдийн ээж Дамдинжавын Цэвээнжав тус аймгийн Луус сумын уугуул,  дунд сургууль төгсөөд насаараа  малчин явсан хүн.   Цэвээнжав отгон хүү Отгонбямбынхаа уран хатгамалын урлал сонгосон тухайд нь сонирхоход:
            -Миний отгон хүү бага ангийн номон дээрээс даалингийн зураг харчихаад л "Ээжээ би үүнийг оёъё. Ээж утас, торго өг” гэхээр нь "Чи яаж чаддаг юм.” гэсэн чинь янз бүрийн зураг зурсаар оёсоор байгаад дуусгасан.  Дуусгаад хүргэн ахдаа бэлэглэсэн чинь гайхцгаасан. Манайд уран удган уламжлал байхгүй. Зүү ороохын хувьд аргыг нь мэднэ үү гэхээс би ёстой үзээгүй. Би яахав дээл хувцас хийдэг. Хүү маань мужааны мэргэжлийг дөрөвдүгээр зэрэгтэй эзэмшсэн хүн ш дээ. Мужааныхаа хувьд ч сайн мужаан. Тэгсэн чинь ингээд оёдолчин болчих юм. Анх оёсон хийснийг нь би л авч очоод үзэсгэлэн дээр хүүгийнхээ ур чадварыг сурталчлаад суудаг байлаа. Хүүхнүүдийн хийдэг ажил гээд ичдэг байсан юм байлгүй. Харин уралдаанд хэд шалгараад, хот руу хурал зөвлөгөөнд оролцоод одоо бол юм юманд өөрөө оролцоод явдаг болсон. Сайхан юм урладаг хүүгээрээ бахархаж байна. Сайхан байна гэлээ.
            Есөн хүүхэдтэй өнөр гэр бүлд  бужигнаж өссөн Отгонбямба хэнээс ч дутахгүй мужаан, гэр орныхоо авдар, шүүгээ, сандал, ширээг гар багажаар хийчихнэ.  Зүү ороон даалин, оймсны хараа урлана. Зүү ороох  нь уйгагүй хөдөлмөр, тэвчээр, оюуны санааны төвлөрөл, ур ухаан, цаг хугацаа шаардсан урлал юм. Энэ бүхнийг өөртөө шингээсэн хүн нь Отгонбямба учраас уран хатгамалын аймгийн уралдаанд сум сумаас шалгаран ирсэн хорь гучин үйлчин хүүхнүүдийг ардаа орхин хоёр ч уралдааны гран-при шагналыг хүртсэн байж таарна. Уран хатгамалыг дэмжих "Эгнэшгүй санаа” төвийн тэргүүн З.Цэнгэлсайхан Отгонбямбын урласан даалингуудын зургийг  өөрийн туурвисан "Уран хатгамалын гайхамшиг” номондоо онцлон оруулсныг бодоход улсын хэмжээний уран хатгамалчидтай өрсөлдөх хэмжээний үйлчин, уран хатгамалч болсныг нотолно.  Өнөө жил болсон уралдаанд уригдан ирсэн Цэнгэлсайхан багш нь өмнөх уралдаанд оролцсон бүтээл дээр нь өгсөн зөвлөгөөг сайн тусгаж ур чадвар нь иот өссөнийг онцолж байлаа.   Отгонбямба  Ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтны улсын зөвлөгөөнд оролцож "Ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан” цол хүртсэн нь урам нэмжээ.   Соёлын энэ  төрлийн ховор нандин  биет бус өвийг тээгч нар хорвоогийн жамаар биднийг орхин одсоор ч тэдний халааг аван тэр чухал өвийг тээгч Отгонбямба, түүн шиг залуус гарч ирсээр байгаа нь бахархалтай.  Ер нь эмэгтэйчүүдийн ур ухаан л оёдол, хатгамлын төрөлд шингэн уламжлагдсаар ирсэн, бараг хүний нийгмийн  байгалиас заяасан хөдөлмөрийн хуваарийг Отгонбямба гэх энэ хөдөөх залуу эвдэн гарч иржээ.
-Санаандгүй оёж эхэлсэн чинь сүүлдээ миний хобби болчихсон. Ер нь өөрөөс шалтгаалах ажил юм. Өөр ажил хийнэ гэхээр ямар ч хүнтэй ажиллах билээ.  Хүн янз бүрийн ааш араншинтай болохоор тэр болгонд зохицож ажиллах түвэгтэй санагдсан.   Тиймээс үе дамжин хэрэглэгдсээр ирсэн ч  сүүлд нэлээд мартагдаж байсан  зүүн ороох, зоосон ширээ зэрэг уран хатгамлын арга зүйг сэргээн эзэмших нь өнөөгийн залуу хүний хувьд хойч үеийнхийхээ өмнө нүүр  хүлээх хариуцлага юм. Энэ  өв уламжлалын тасалдлыг бид сэргээхгүй бол хэн сэргээх юм бэ  гэж бодогдсон шүү. Уламжлалт зоосон сүлжээ хийхээр ширээг хийчихлээ. Зүгээр л олон хээ биш уламжлалт зураг их сонирхох юм. Оёхын тулд түүхийн ном уншиж санаа авах хэрэгтэй юм билээ гэж Отгонбямба ярьж байна.
Ид эр бие жагссан залуу гэрээс гарахгүй үйл мэтгэн өвөржин сууж шөнө орой  болтол хурц гэрэл асаан тэр л дурлаж сонирхсон уран хатгамал, оёдлын ажлаа үргэлжлүүлнэ гэдэг их тэвчээр, уйгагүй хөдөлмөр санагдана.  Дээлээ өөрөө оёно. Өөрийн өмсөх бүх хувцсаа хүний царай харахгүй оёчихно. Өөр хүний оёсон \хувцас аль нэг талаараа санаанд нийцэхгүй.  Зүгээр л нэг хээ угалз оёод байдаггүй, даалангийн нэг талд аймгийнхаа сүлдийг битүү зүү ороон оёсон бол нөгөө тал дээр нь аймгийнхаа газрын зургийг өнгө ялган мэтгэсэн байх жишээний...
Үргэлж шинийг эрэлхийж явдан үйлчин, уран хатгамалч залуу одоо "Зоосон сүлжээ” хатгамалд өөрийгөө сорихоор шийдэж "Зоосон сүлжээ”-ний ширээг өөрөө хийж бэлджээ. Нэгэнт мэргэжлийн мужаан болохоор тэр бүхэнд түүртсэнгүй. Зоосон сүлжээ хатгамал нь ихэс дээдэс, ноёд хатдын эдлэл хэрэглэл, гутал хувцсан дээр хийдэг хатгамалын арга тул илүү нарийн ур, их хөдөлмөр  шаардах ажээ.
Отгонбямбаас утасны нь дугаарыг авах гэтэл "Би гар утас барьдаггүй” гэхээр гайхлаа. Зүү ороон оёсон нэг даалин нь л гэхэд нэг сая төгрөг хүрэх орлоготой оёдолчин эр гар утасгүй гэхэд нэг л итгэж өгөлгүй лавлавал "Гар утас лайтай юм билээ” гэнэ. Түүнд цаг хором бүхэн алт юм билээ.
Ёстой л "Ээжийн зэхсэн мөнгөн зүүний мяндсан учгийг зөв сүвлэж” үйл мэтгэн урлаж яваа Ганболдын Отгонбямба гэх энэ залуу Монголын уран хатгамалчдын эгнээнд  эрэгтэй хүнийхээ хувьд нэгэн шинэ өнгө аяс нэмж байна.
 
 
 
            ЗУРАГ ДЭЭР. 1.Г.Отгонбямба өөрийн урласан "Зоосон ширээ” дээр хатгамал урлаж буй нь 2. Г.Отгонбямбын урласан даалин 3. Г.Отгонбямба
                                                            С.ПҮРЭВСҮРЭН 

 

ЭЭЖИЙН ЗЭХСЭН МӨНГӨН ЗҮҮНИЙ МЯНДСАН УЧГИЙГ ЗӨВ СҮВЛЭН УР УХААНАА СОРЬЖ ЯВАА  ХҮҮ

 

ЭЭЖИЙН ЗЭХСЭН МӨНГӨН ЗҮҮНИЙ МЯНДСАН УЧГИЙГ ЗӨВ СҮВЛЭН УР УХААНАА СОРЬЖ ЯВАА  ХҮҮ

 

  
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!