Б.ЭНХЖАРГАЛ: ЯПОНЧУУД ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТОД ДУРГҮЙ, БҮХНИЙГ ХАМТДАА БҮТЭЭДЭГ
Япон улсын Кобе хот дахь "Airbus group”-ийн Нисдэг тэрэгний үйлдвэрийн инженер Б. Энхжаргалтай ярилцлаа. 11 жилийн өмнө Монголоос 32-уулаа гарсан балчир хүүхдүүдээс одоо Японд нисдэг тэрэгний инженер болж, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь Б. Энхжаргал ажээ. Түүний дайчин чанар, эх орноо гэсэн сэтгэл үе тэнгийн залууст нь үлгэр дууриал болно гэдэгт итгэлтэй байна.
-Хэдэн настайдаа Японд ирсэн бэ. Японд анх очсон талаараа эхэлж ярихгүй юу?
-2006 онд 15 настайдаа Японд очсон. Өмнө нь Хөгжим бүжгийн коллежид үлээвэр хөгжмийн ангид сурч байлаа. Нэг удаа Ширчинбаатар багш намайг дуудаад "Япон руу явах шалгалт өгөөч” гэсэн юм.
Ерөнхий эрдмийн шалгалт өгч, япон сургуулийг төлөөлсөн нэг хүнтэй орчуулагчаар дамжуулан ярилцлага өгсөн. Манай сургуулиас таван хүүхэд тэнцсэн. Тэр жил нийтдээ 32 хүүхэд Япон руу явсан. Ширчинбаатар багш бол миний мэргэжлийн багш. Одоогийн бүх эхлэлийг тавьж өгсөн ачтай хүн шүү. Багшдаа маш их талархаж явдаг.
-Японд ирээд ямар нэртэй сургуульд сурсан бэ. Сургуулийн жилүүд ямархуу өнгөрсөн бэ?
-Японы Ишикава мужийн Важима хотын Нисэхийн академийн ахлах сургуульд суралцаж эхэлсэн. Японоор бол Нихон коүкүү гакуен, англиар Japan aviation academy гэж хэлдэг. Энэ академи нь дунд, ахлах сургууль, коллеж, нарийн мэргэжлийн гэсэн зэрэглэлтэй. Японы өнцөг булан бүрээс, мөн дэлхийн олон орноос сурагч, оюутнууд ирж суралцдаг. 85 жилийн түүхтэй сайхан сургууль.
Японд очсон анхны өдрөөсөө маш завгүй, өндөр шаардлагатай нөхцөлд суралцаж эхэлсэн. Хичээл өглөө 09:00 цагт эхэлнэ. 16:00 цагт тараад, 30 минутын завсарлагааны дараа 19:00 цаг хүртэл 2-3 цаг хөгжмийн бэлтгэл хийнэ. Би marching band буюу хөгжмийн маршийн дугуйланд явдаг байлаа. Орой ирээд 8-9 цагийн хооронд даалгавраа хийгээд 9-10 цагийн хооронд усанд ороод унтана. Яг 10 цагт гэрэл унтардаг.
Өглөө, оройдоо жагсаж тоолуулна, рапорт өгнө, дээд ангийн ах, эгч нартаа захирагдана гэх мэт хагас цэрэгжилтийн байдалтай суралцсан. Ийм нөхцөлд ачаалал даах, бие, сэтгэлийн чадвар суусан. Цагийн юмыг цагт нь амжуулж, ажил амьдралаа дэг журамтай зохицуулах ухааныг суралцсан гэж боддог.
Бас амралтын өдрүүдээр Хөгжим бүжгийн коллежоос очсон бид тав хөгжимдөж, бүжиглэж өөр сургуулиудаар явж Монголоо сурталчилдаг байсан. Би эхэндээ онц сураад, бүх талаараа цойлоод гараад ирье гэж их зүтгэсэн. Их чармайсан.
-Тэгээд чадсан биз дээ?
-Чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Япончууд ганцаарчилсан тоглолтод дургүй, "Хамтдаа” гэсэн хүмүүжлээр өссөн улс. Багаараа нэг нэгнээ дэмжиж, ойлголцож ажиллахын чухлыг япон хүмүүсээс сурсан. Сурч байхдаа би уралдаанд япон хэлээр эсээ бичиж өөрийгөө сорьдог байсан.
Хэдийгээр байр эзлэхгүй ч захирлыгаа заавал уншаач гэж гуйдаг байсан. Төгссөн сургуультайгаа одоо ч холбоотой байдаг. Боломжийн хэрээр уулзалт, арга хэмжээнд нь очиж оролцдог. Манай сургуулийн захирал Үмэзава Шигео гээд их сайн хүн байдаг юм. Ширүүн ааштай ч цаанаа их дулаан, гадаад оюутнуудыг их дэмждэг хүн л дээ.
-Их сургуульд орсон тухайгаа яриач?
-Ахлах сургуулиа төгсөөд Онгоцны загвар зохион бүтээх инженерээр суралцахдаа 80 хувийн тэтгэлэг авсан. Оюутны жилүүд бас л зав багатай, өндөр ачаалалтай өнгөрсөн. Хичээлийн хажуугаар Оюутны байрны зохицуулагч, хөгжмийн дугуйлангийн багш хийж сургуулийн гал тогоонд ажилладаг байлаа. Оюутан байхдаа хичээж суралцсаны хүчинд япон хэлний N1 шалгалтад тэнцсэн. N1 гэдэг нь гадаадын хүн япон хэлийг хамгийн дээд түвшинд сурсныг батлах шалгалт юм.
Мөн оюутан байхдаа aeronautical radio operator’s licence авсан. Энэ лицензээр олон улсын онгоцны буудал дээр онгоц хөөрөх, буух зохицуулалтыг хянаж хийх эрхтэй болдог. Энэ лицензийг авсан нь төгссөний дараа миний ажил олох өргөдөл дээр мэргэжлийн ажлаа хийх сонирхолтойг, бас хичээж байгааг минь харуулсан нэг үзүүлэлт болж чадсан шүү.
-Чи уг нь нисэхийн загвар зохион бүтээгчээр сурсан юм байна. Яаж яваад нисдэг тэрэгний инженер болсон бэ?
-Гуравдугаар курст байхад манай сургууль дээр одоо миний ажилладаг нисдэг тэрэгний компанийн хүмүүс ирж танилцуулга хийсэн юм. Тэр үеэс би "Энэ нисдэг тэрэгний компанид л орж ажиллая” гэж бодсон. Тэр үед манай компани "Euro-copter” гэдэг нэртэй, тэр үедээ Нисдэг тэрэгний үйлдвэрлэлээр дэлхийд номер 1 Европын компани байлаа.
Сүүлд нь Airbus-ийн гэр бүлд нэгдэж үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээнд ажилладаг болсон. Одоо ч нисдэг тэрэгний үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт цойлж явна. Багшаараа би тус компани руу утасдуулаад "Гадаад хүн ажилд авах уу?” гэж асуулгасан. Гэтэл "Гадаад хүн ажилд авахгүй” гэсэн хариу сонссон. Энэ нь надад их сонин санагдсан л даа. Японд ажиллаж байгаа гадаад компани байж яагаад гадаад хүн ажилд авдаггүй юм бол? Дотор нь мэдээж олон гадаад хүн ажиллаж байгаа байлгүй дээ гэж би бодсон.
Тэгэхээр нь би үйлдвэр танилцуулах аялалд нь намайг багтааж өгөөч гэж багшийгаа шалаад. Азаар аялалд нь багтсан. Үйлдвэр дотуураа явж танилцуулсны дараа Боловсон хүчнийх нь дарга биднээс "Асуух асуулт байна уу?” гэсэн. Тэгэхээр нь би гараа өргөж босоод "Би Монголоос ирсэн оюутан байна. Би Японд долоо дахь жилдээ сурч байна. Танайх олон улсын компани мөртлөө яагаад гадаад оюутан авахгүй байгаа юм бэ? Миний япон болон англи хэлний түвшин танай компанид ажиллахад тэнцэнэ. Би танай компанид ажилламаар байна” гэсэн.
Боловсон хүчний захирал нь тэр өдөртөө надад шалгалт егөх эрх өгсөн. Сарын дараа бичгийн шалгалт өгч, ярилцлагад орсон. Долоо хоногийн дараа "ТЭНЦСЭН” гэсэн хариу ирсэн.
-Энэ дайчин, өөртөө итгэлтэй зан өөрт чинь хэзээнээс бий болсон бол?
-Багаасаа сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж ээж, аав маань ярьдаг. Бага ангидаа ангийн дарга хийдэг байсан болохоор хүмүүстэй нээлттэй харьцахад бага сагаар суралцсан байх. 13 настай, Хөгжим бүжигт сурч байхдаа спортын "Одод” студийн хүүхдийн нэвтрүүлэгт ажиллаж эхэлсэн. Миний нэвтрүүлэг тэр үедээ UBS TV-ээр цацагддаг байлаа. Япон явтлаа энд хоёр жил ажилласан.
Спортын амжилт гаргаж яваа хүүхдүүдийг олж, нэвтрүүлэгтээ оруулдаг байсан. Нэвтрүүлэгтээ урих зочноо өөрөө сонгоно. Асуултаа өөрөө бэлдэнэ. Энэ үедээ Олимпын хороо руу залгаад юм тодруулах гэхээр хүүхэд гээд намайг тоохгүй. Тэгэхээр нь ааваараа яриулаад мэдээллээ авч байсан тохиолдол ч бий. Энэ хоёр жилдээ л хувь хүний хувьд их задарсан юм болов уу гэж боддог. "Одод” студийн Н.Тамир захирал болон бусад хамт олонтойгоо одоо ч гэсэн холбоотой байдаг.
-Өөрийн чинь ярианаас нэг зүйл анзаарлаа. Сурагч болж энд ирснээс хойш гэрээсээ мөнгө, элдэв татаас авч үзсэн болов уу гэж?
-Би 11 жилийн өмнө Японд ирсэн. Гэрийнхнээсээ бараг мөнгө авч үзээгүй. Их сургууль төгсөх жил сургуулийн маань захирал үлдсэн төлбөрөө төлөх төлөвлөгөө гаргаж өг гэсэн. Тэр болтол бид тэтгэлгээр сурсан хүмүүс шүү дээ. Аав, ээж маань төлөх боломжгүй. Ажил дээр гараад сардаа бага багаар төлсөөр байгаад дуусгасан.
-Airbus компанийнхаа тухай дэлгэрэнгүй яриач. Хэчнээн оронд салбартай, хэдэн хүн ажиллаж байна?
-Манай "Airbus group” нь Хойд Америк, Европ, Африк, Азийн орнуудад нийт 180 салбартай. 2016 оны байдлаар 130 үндэстнээс бүрдсэн 133,782 ажилчинтай, Дэлхийн номер нэг нисдэг тэрэгний үйлдвэр. Хэмжээгээрээ дэлхийд хоёрт орох space компани. Дэлхийд Топ-10-т ордог defence компани. 37,000 патент эзэмшдэг. 2017 оны гурван сарын байдлаар дэлхийд манай компанийн 10,344 хүн тээврийн онгоц, 12,000 нисдэг тэрэг нисэж явна. Эйрбас, Боинг хоёр удаан хугацааны турш дэлхийн агаарын тээврийн хөгжлийг хурдтай хөгжүүлсээр байна гэж боддог.
Японы Эзэн хаан манай компанийн нисдэг тэргийг хэрэглэдэг. Япон дахь салбар нь нисдэг тэрэг борлуулахаас гадна засвар үйлчилгээ, нэмэлт тоноглолыг нь хариуцдаг. Монголын нэг компани манай компанийн үйлдвэрлэсэн нисдэг тэргийг худалдаж авсан байсан. Одоо би продакшн инженер хийдэг. Продакшн инженерийн үүрэг нь эвдрэлтэй нисдэг тэрэг орж ирвэл гэмтлийг тодорхойлоод, хэрхэн засварлах талаар заавар бичиж, засварын баг руу шилжүүлдэг. Маркетинг, борлуулалтынхантай уулзаж борлуулах гэж байгаа онгоцныхоо тухай нарийн ширийнийг хэлж өгнө. Худалдан авагчтай уулзаж, зөвлөгөө өгнө.
Airbus-ийн хэрэглэгдэж байгаа нисдэг тэрэгт жил бүр аюулгүй байдлын үзлэг хийж баталгаа гаргаж өгнө. Продакшн инженер хүн олон хүнтэй харьцаж байнга хөдөлгөөнтэй ажилладаг. Намайг Air-bus-т тэнцсэний дараа газар, хэлтэс бүр дээр тус бүр 14 хоногоос нэг cap ажиллуулсан. Ур чадвар нь аль хэлтэст илүү тохирох вэ гэдгийг харж байгаа юм. Би засварын хэлтэст илүү удсан. Ингээд хоёр дахь жилээс миний хүсэлтийг ч асуусан, боловсон хүчний бодлогоороо ч "энэ хүн засварын хэсэгт илүү тохиромжтой юм байна” гэж үзсэн юм шиг байна лээ. Энэ ажил маань надад их тохирдог. Ажлынхан маань намайг их дэмждэг.
-Өдөр тутмын ажлын хуваариа сонирхуулаач?
-07.00 цагт босдог. 08 цагийн үед гэрээс гардаг. Ажил маань гэрээс ойрхон, 15 минутын зайтай. Ажлын цаг 09 цагт эхэлдэг боловч эрт ирэх ёстой. Оройтлоо гэхэд 08:50 гэхэд ажил дээрээ байж байна. Ердийн үед ажил 17:30 цагт дуусдаг. Эхний жилд 22:00 цаг хүргэх үе олон байсан. Одоо бол цагтаа тарахын тулд ажлаа амжуулахыг хичээдэг болсон.
-Япон хүн ер нь ямар ааш араншинтай вэ. Монголчуудын гаргадаг алдаа гэвэл юу вэ?
-Эхний нэг жил надад Япон орон маш их таалагддаг байсан. Идэж байгаа хоол нь хүртэл гоё санагдаад л. Тэгтэл хоёр дахь жилээс яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй хүмүүс шиг санагдаад дургүй болж эхэлсэн. Гурав дахь жилдээ ч нэг их дуртай байгаагүй, үнэнийг хэлэхэд. Харин дөрөв, тав дахь жилээсээ япон хүний ажлын болон харилцааны арга барилыг ойлгодог болсноос хойш татагдах болсон.
Одоо бол би япон арга барилаар ажлаа хийх юмсан гэж хичээдэг. Ер нь япон хэлийг сайн сурч гэмээн япон хүний мөн чанарыг ойлгоно. Япон хэл хүндэтгэлийн үг хэллэг ихтэй, шатлалтай учраас хүндэтгэлийн хэллэгийг их хэрэглэх тусам хөндий, хол мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үүнийг нь монголчууд маань ойлгохгүй байх шиг байдаг.
-Хэлний хувьд ийм байж. Сэтгэлгээний хувьд?
-Япончууд тутаргаа суулгахдаа хүртэл нэг эгнээнд зогсож ажилладаг. Нэг нь хоцорно гэдэг нь бусдадаа түвэг удаж байгаа юм. Бусдадаа түвэг удаж байгаа хүнд япончууд дургүй. Шууд хэлэхгүй ч гадуурхах уур амьсгал мэдрэгдэнэ. Япон хүний эрхэмлэдэг зан чанар бол бусдадаа түвэг удахгүй амьдрах.
Би Монголд байхдаа хичээлээсээ их хоцордог байсан. Японд ирээд ч эхний жил хичээлдээ байнга хоцордог байсан. Бид очоод удаагүй, жаахан хүүхдүүд байсан шүү дээ. Гэтэл удалгүй япончууд биднээс зайгаа барьж эхэлсэн. Япончууд бол багаараа ажилладаг. Бүх зүйлд багийг чухалчилдаг.
Япончуудын хамгийн их хэрэглэдэг үг нь "Хичээгээрэй!". Хичээж байгаа хүнд маш дуртай, их дэмждэг. "Хэрэв та нар ингэж харьцаж байгаа бол би ч гэсэн чадна” гэсэн байдлаар холдоод байвал тэр хүнийг ардаа орхиод, нүүрээ буруулаад яваад өгдөг. Будаа тарихтай адил бусдаасаа хоцрох юм бол нийтээсээ хоцорно гэсэн үг. Өөрийн алдааг ухамсарлаад хичээгээд байвал "хамт явж болох хүн байна” гээд цуг явдаг ийм нийгэм байхгүй юу.
Би бол одоо юунаас ч хоцордоггүй. Хоцрохгүй ч гэж их хичээдэг. Япончуудын энэ хандлагыг ойлгоод би хичээлдээ шамдаж эхлэв ээ. Долоо хоног хичээхэд л хүүхдүүдийн зан хандлага шууд эргээд эхэлж байгаа юм. Завсарлагаанаар хичээлээ хийгээд сууж байхад ундаа, шоколад авч өгнө. Миний хажууд сууж байгаа хүүхдүүд надад саад болохгүй гээд хоорондоо юм ярихгүй байх жишээний. Хүнийг бодсон сэтгэлээ япон хүн ингэж чимээгүй илэрхийлдэг. Хажуугаар өнгөрөхдөө нөгөө л үгээ хэлнэ. "Хичээгээрэй!” гэж.
-Ажил дээр гарсны дараа япончуудтай ойлголцохгүй байх тохиолдол хэр их байсан бэ?
-Мэдээж байсан. Гэхдээ би хүнээс зугтах дургүй. Тэр хүн надад хэчнээн муу байлаа ч бид хоёр хамтран ажиллах ёстой. Зарим хүн "Энэ надад дургүй юм чинь” гээд шантраад улам холдоод өгдөг. Би бол бууж өгдөггүй. Хэсэг хугацааны дараа намайг ойлгоод ирэхээрээ надад их сайн болдог. Манай компанид лав надад дургүй хүн байхгүй байх аа /инээв.сур/.
Зууны мэдээ
Д.Төв