Төрөөс тэрбум тэрбумаар нь "хүртдэгч", ард түмэндээ олимп үзүүлж чаддаггүй МҮОНРТ-ийн статусыг өөрчилье

🕔 2021/07/23 12:04

 

Хүн төрөлхтний их баяр цэнгэл зуны XXII дахь олимпын наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Цар тахлаас болж жил хойшилсон "Токио 2020” олимпын наадам үзэгдчийг 17 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө "уяж”, дэлхий нийт олимпизмоор амьсгалах гэж байна.

Энэ удаагийн олимпыг өргөн нэвтрүүлгийн C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV зэрэг 13 телевиз онцгой эрхтэйгээр шууд дамжуулна. Харин олон нийтийн статустай МҮОНРТ л олимпыг шууд дамжуулж чадсангүй. Бусад орнуудын олон нийтийн статустай бүх телевизүүд нээлтээс нь хаалт хүртэлх бүхий л уралдаан, тэмцээнийг шууд дамжуулж, нийт ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байхад ганцхан манай олон нийтийн телевиз л таг. Нүдэн балай, чих нь дүлий 23 хоногийг өнгөрүүлэх нь.

Эрхээ авч шууд дамжуулж байгаа телевизүүд болон холбооны талаар хэлэх юм алга. Гэхдээ "ганцхан үндэсний статустай телевизээ багтаачихгүй дээ” гэх матрын нулимсыг тэр хэддээ зориулаад унгачихъя.

Харин үндэсний гэдэг статустай, олон нийтэд үйлчлэхээр хуульчлагдаж, жил бүр улсын төсвөөс татаас авдаг телевизийн удирдлагууд яагаад дөрвөн жилд ганцхан болдог дэлхийн хамгийн том тэмцээнийг шууд дамжуулж чадаагүй вэ гэдэг л хамгийн том асуудал. Өнгөрсөн жил гэхэд л 9 тэрбум төгрөгийг төрөөс авах байсан ч бидний мөнгийг хасчихлаа. Үүнээс нь болоод ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна гээд хэрэлдээд байсан. 2019 онд төрөөс мөн 9 тэрбум, айл өрхөөс хураамж гэж 5.1 тэрбум төгрөгийг авсан байх жишээтэй. 2015 он хүртэлх санхүүжилтийг доорх хүснэгтээс тодорхой харж болно.

/Эх сурвалж: https://jargaldefacto.com/

Муулах гэж муулж байгаа юм биш. Энэ бол үнэхээр хариуцлагагүй, сэтгэлгүй, арчаагүй байдлын илрэл шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд үндэсний телевизийнхэн дарга цэрэггүй сандал суудлаа булаалдаж гүйхийн оронд ажлаа хийх л ёстой байсан юм. Удирдлагуудынх нь ажлаа хийж чадаагүйн гороор өнөөдөр хоосон үлдлээ.

Спортын тэмцээн уралдааныг шууд дамжуулах эрх сүүлийн жилүүдэд маш өндөр өртөгтэй болсныг мэдэж байна. Гэвч үүнийгээ дагаад реклам, зар сурталчилгаа болон дагасан маркетингаа сайн хийвэл гаргасан мөнгөө олдоггүй юм аа гэхэд хангалттай нөхчихдөг. Өөрөөр хэлбэл, мөнчигрөөрөө яваа хувийн хэд нь мөнгө олоод олимп үзүүлэх эрхээ авчихаад байхад төрөөс мөнгө, иргэдээс хураамж авдаг хувьсгалын ганц телевиз нь яагаад хоосон үлдчихээд байгааг үнэндээ ойлгох юм алга. МҮОНРТ төрөөс татаас авахаас гадна арилжааны телевизүүдийн нэгэн адил маркетинг, менежменттэй. Яам тамгын газруудтай хамтарч ажилладаг, арилжаа сурталчилгааны орлого нь бусдыг бодвол хамаагүй илүү.

Гэтэл нийт ард иргэдийнхээ үзэх эрхийг хангаж чадахгүй, хүндэтгэж чадахгүй, хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бол. За яахав, хот суурин газруудад өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг үзээд болчих л байх. Тэгвэл алслагдсан хөдөө орон нутгийн үзэгчид юугаа үзэх вэ. Тиймээс ажилдаа хариуцлагагүй хандсан МҮОНРТ-ийн удирдлагуудаас хариуцлага нэхэх хэрэгтэй. Ер нь цаашдаа төрийн нэр зүүчихээд байнгын албан тушаалын хэрүүл, уруултай, менежментийн тал дээр арилжааны телевизүүдээсээ хол хаягдаж яваа МҮОНТВ-ын статусыг өөрчилж, менежментийн хувьчлал хийвэл таарна. Ялсан намын эрх мэдэлтнүүд нь "дуугаа” дуулах зорилгоор төрийн гэх статусыг нь хадгалж, мэргэжлийн чадвараас илүү улс төрийн бодлогоо баримталж дарга удирдлагуудын тавьсаар байгаад энэ телевизийн телевиз гэх мөн чанар нь алдагдаад дууслаа. Хатуухан хэлэхэд үнэндээ үндэсний телевизээсээ үзэх юм хайгаад олохгүй л суугаа. Адаг сүүлдээ улс төрийн албан тушаал шиг өөр хоорондоо булаацалдаж, жагсаал тэмцлээр ажилчид нь хүртэл талцаж хуваагддаг боллоо. Мэддэг, чаддаг, хүмүүст нь удирдлагыг нь шилжүүлэхэд хэнээс ч дутахгүй гүйцэтгэл хийж чадах чадвартай телевизийн мундаг мэргэжилтэн, сэтгүүлч, зураглаач, найруулагчид бүгд л МҮОНРТ-д байгаа. Гагцхүү удирдлага зохион байгуулалт нь өнөөдрийн олимпын шууд дамжуулалт шиг таг зогсчихоод байна.

Олон нийтээ олимпизмоор амьсгалуулж чадаагүй нь мөнгөгүй дээ болов уу, удирдлагуудынх нь сэтгэл зүтгэл нь дутсан уу бүү мэд. Үзэгч, уншигчид та бүхэн өөрсдөө дүгнэх биз ээ.

Г.Лхагвадорж

UBN.mn



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!