ЭРДЭНЭЦАГААНЫ ОТРЯДЫН ЭРЭЛХЭГ ХИЛЧИН

🕔 2020/05/10 17:08
1942 оны 08 сарын 15 ны өдөр Монгол Улсын дархан хилийг зэвсэглэн зөрчиж ирсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй японы цэргийн бүлэгтэй эрэлхэгээр тулалдаж ялалт байгуулсан хилчин Санжаасамбуу ахлагчтай Л.Даваажав,  шинэ цэрэг Бэгз, Жамц  нарын бүрэлдэхүүнтэй хилийн манааны байгуулсан гавьяаны тухай хилийн цэргийн түүхэнд  нилээд бичигдсэн боловч энэ тулгаралтанд манаагаа удирдан орж амь насаа зориулсан хилчин Санжаасамбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх талаар тодорхой зүйл яригдаагүй  бүдгэрэн үлдсэн байдаг ажээ. 
Түүнд ямар нэг гавьяа шагнал нэхэн өгөөгүй, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх  арга хэмжээ ч авсангүй. Харин амьд үлдэж дайсантай тулалдаж гавьяа байгуулсан хилчин Л.Даваажавын тухайд бол нэлээд яригдан үнэлэгдэж ирсэн нь сайшаалтай хэрэг. 
Бид эрэлхэг хилчин Санжаасамбуугийн талааар зарим нэгэн баримтыг нэхэн сурвалжилж эх орныхоо төлөө алтан амиа зориулсан энэ хүүгийн талаар нөхдийн нь ярьсан дурсамж, архивын зарим баримт, номыг сөхөн толилуулахыг хичээлээ.
ДАРХАН ХИЛИЙН ДОМОГТ СУРГАМЖ (номноос)Монгол Улсын хилийн амьд архив хэмээн хүндлэгддэг,  дэслэгч генерал агсан
Базарын Цэдэн-Иш гуай 1979 онд бичсэн "Дархан хилийн домогт сургамж” номынхоо 33, 34-р хуудсанд "Даваажавын манханд” гэсэн гарчигтайгаар Их манханд үүрэг гүйцэтгэсэн хилчдийн  тухай өгүүлсэн байна. 
Нэгэн сонин гэвэл уг номыг эхлэхдээ "Дайсныг хол байна гэж болохгүй” Ю.Цэдэнбал гэсэн ишлэлтэй эхэлсэн байдаг.
Мөн манай хязгаарын ба дотоодын цэргийн анги салбаруудын захирагч нар ялангуяа нам улс төрийн удирдагчид, дайчдынхаа зориг санааг хилийн хамгаалалт ба түүнд тохиолдож болох саад бэрхшээлийг давж туулахад чиглүүлэн дайчилж байв. "Дайсан хол байна гэж болохгүй. Улсын хил эзгүй байх ёсгүй. Нэг ч хилчин хилийн манаанд яваагүй байх ёсгүй. Аливаа хил зөрчигч баривчлагдахгүйгээр сэм өнгөрөх ёсгүй. Нэг ч агт морь эцэнхий туранхай байх ёсгүй. Буу сум гранат хэзээд гарын дор бэлэн байх ёстой” гэсэн зарчим хилийн заставуудын ажил амьдралын бодит хууль болсон юм хэмээх агуу их утга учиртай өгүүлбэр байна. 
Номон дээрх хуудсуудыг сонирхвол: Баянцагааны отрядын 1-р заставын (Санжаасамбуу ахлагчтай, хилчин Даваажав, Бэгз, Жамц нарын бүрэлдэхүүнтэй) постын манаа 1942 оны 8 сарын 15 ны өдөр Их айлын баруун этгээдийн Их манханд үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр өдөр тэнд туслан хамгаалах ангийн газрын зургийн групп хээрийн ажил хийж офицер 1, монгол орос цэрэг 3, бүгд 4 хүн ачааны машинтай ажиллаж байжээ. 
Энэ өдрийн 11:00 цагийн үед гадаадаас морин уналагатай 4 цэрэг постын чиглэлээр улсын хилийг нэг км зөрчсөн байна. Гэтэл түүн дээр ар талаас нь ачааны машинтай 20 гаруй хүн ирж хилийн постыг чиглэн явж байжээ. Хилийн манааны ахлагч Санжаасамбуу, байлдагч Бэгз, Жамц нарыг заставт холбоо бариулан мэдээ хүргэхээр газрын зургийн ангиас машин гуйхаар явуулжээ. Гэтэл тэд нар  машинаа өгсөнгүй тул хилчид мориороо застав тийшээ хурдалсан байна. Машинтай дайсан постын байрын хажуугаар Санжаасамбуу, Даваажав нарыг үзсэнгүй гүн тийшээ явж байсан учир хилчид ар талаар нь орж байлдья. Газрын зургийн ажилтай дарга цэргүүд ирж тусална байх гэж бодож байжээ.
Гэтэл дайсан Санжаасамбуу, Даваажав нарыг үзээд машинаасаа бууж хилчид тийш явгалан давшиж хүчтэй гал нээж  харилцан буудалцаж байгаад хилийн манааны ахлагч Санжаасамбуу дайсны суманд оногдож нас барсан бөгөөд Даваажав ганцаар үлдэж  туслах хүчин ирэхийг хүлээж дайсантай буудалцсаар байтал дайснууд түүнд 150-иад метр ойртож иржээ. 
Даваажав дайснаас 3 этгээдийг устгасан боловч бүслэгдэхийн өмнө Их манханы бургасаар далдлан  гэдрэг ухарч дайсны машин тийш мэргэн буудаж гэмтэл учруулсан бололтой, дайснууд машинаа тойрон хориглож байлдсаар  алагдсан хүнээ аваад хил даван зугтжээ. Энэ үед 2 км ойр ажиллаж байсан газрын зургийн групп хилчдэд тусалсангүй, машиндаа суугаад далдуур зугтан алга болжээ.  Энэ  группын дотор 20-р отрядын 2 хилчин газарчилж явсан байлаа.
ДҮГНЭЛТ:  Байлдааны талбарт ганцаар үлдсэн хилчин байлдагч Даваажав дайсны 25 хүртэл хүнтэй группийн довтолгооныг няцааж түүнд хохирол учруулж хилийн цаана хөөн гаргаж чаджээ.
·         Хилийн манаанд ойрхон байсан газрын зургийí групп нь заставт холбоо барих ба  буудалцаж байхад өчүүхэн ч тусалсангүй, амин хувиа бодож зугтаасан явдал харамсалтай болсон юм.
·         Заставаас ирсэн түргэн групп, дайсан хил давж гарахаас хожимдсон бөгөөд түүнчлэн ойрын зайд байгаа заставт холбоо бариулахаар 2 хилчнийг явуулахын оронд 1 хилчин явуулж гурвуулаа байлдсан бол улам илүү амжилт олох нөхцөлтэй байжээ гэдэг дүгнэлт гарсан юм. 
·         Хилийн манааны ахлагч Санжаасамбуугийн шийдвэр, ажиллагаа зөв, сайн байлдсан байна. Хохиролгүй цусгүй байлдаан гэж байхгүй болохоор түүний амь үрэгдсэн нь харамсалтай байна гэж бичжээ.
 
ХИЛЧИД ӨГҮҮЛЖ БАЙНА (номноос) Энэхүү номыг хязгаарын цэргийн 40 жилийн ойд зориулан 1973 онд гаргасан олон хүний хамтын бүтээл дурсамжийн номонд ч А.Санжаадоржийн тухай дурсамжууд бичсэн байдгаас толилуулав. 
Жамцын Самбуу: Хязгаарын цэргийн 40 жилийн ойд зориулан гаргасан "Хилчид өгүүлж байна” номын 204-206-р хуудсанд "Хилчин нөхрийнхөө дурсгалд” гарчигтай Жамцын Самбуугийн дурсамж байна.  Энэ дурсамжинд: 
            Жамцын Самбуу миний бие Баянцагааны ... дугаар отрядын ... дугаар заставын даргаар ажиллаж байлаа. 1942 оны зун болоход манай заставын участокаар дайснууд тагнан турших, хилийн зөрчил будлиан гаргах зэрэг өдөөн хатгах ажиллагаа идэвхжиж байлаа. 
Манай заставын хилчид өөрийн хариуцсан участокыг сайн мэддэг, цаг агаарын ямарч нөхцөлд өгөгдсөн үүргээ сайн биелүүлдэг байсан тул нилээд тооны зөрчлийг илрүүлж билээ. Эдгээр зөрчил будлианыг тасгийн дарга Алтангэрэл, Өлзийхутаг, хилчин Цэдэндамба, Бүдээ, Эрэнцэндорж, Гэндэн, Дондов нар голлон илрүүлсэн тул нөхөд нь тэднийг туршлагатай хилчид гэж ярьдаг байсан. Заставын эвлэлийн үүрийн дарга Бүдээ хил хамгаалалтын тухай арга туршлагаа солилцох зөвлөгөөн хийснийг сайн санаж байна.
 Тэрхүү зөвлөгөөнд:
Даваажав: Бид нэгэнт хил хамгаалж байгаа болохоор хилийн зөрчил будлианыг цаг тухайд нь илрүүлэн бут цохих хэрэгтэ. Үүний тул хамгийн гол нь сонор сэрэмжээ өндөржүүлэх нь зүйтэй.
Лувсанбалдан: Би 2 жил хилийн манаанд явахдаа унтаж, үүрэглэж үзээгүй, сонор сэрэмж алдаагүй гэсэн ч дайсантай таарсангүй.
Эрэнцэндорж: Дайсныг илрүүлсэн тухайд нь хөөж барих, устгахад морь гол үүрэг гүйцэтгэх учир морьдоо арчлан хамгаалах, өөрийнхөө тушаал биелүүлдэг болгон сургах хэрэгтэй.
Дашдорж: Ямарч нөхцөлд мэргэн бууддаг байх хэрэгтэй.
Жамьян: Хилчин хүн мөр улыг маш сайн илрүүлэн мөрддөг байх нь чухал юм, мөргүй дайсан байхгүй шүү дээ.
Санжаасамбуу: Дайсны бөөн хүчинд ойртож гранат шидэх, гэнэт дайран гардан тулалдах явдал Хасаа нуурын байлдааны нэг онцлог туршлага тул түүнийг эзэмших хэрэгтэй гэж тус тусын санал бодлоо ярилцахад. Шинэ цэрэг Бэгз нөхдөө төлөөлөн бидэнд яриад байх туршлага юу байхав. Харин эднийхаа туршлагыг эзэмшиж сурах л хэрэгтэй байна гэснээр зөвлөгөөн дуусаж. Заставын үйл ажиллагаа ганцхан улсын хил хамгаалахад чиглэгдсэн нэгэн цогц бүрэлдсэн үесэн.
1942 оны намрын нэгэн өдөр Сүүл Сэрвэнд хилийн манааны үүрэг гүйцэтгэж байсан Санжаасамбуу ахлагчтай пост хил зөрчин ирсэн Японы 20 гаруй хүнтэй тулгарч гарамгай гавьяа байгуулан Санжаасамбуу маань нас барсан юм. 
Постын ахлагч Санжаасамбуу 1939 онд Өмнөговь аймгийн Луус сумнаас цэргийн албанд татагдан Өмнөговийн цэргийн хороонд алба хааж байгаад 1940 онд тэр хороо Баянцагааны отряд болон шилжихэд цуг ирж хилчин болсон. Ханхар өргөн цээжтэй, их зоригтой, буудах ба гардан байлдах, гранат шидэхдээ сайн. МХЗЭ-ийн гишүүн хүн байсансан. Манай постынхан нэгийгээ холбоочноор явуулан дайсны нилээд хэсгий нь алж шархдуулан машиныг нь гэмтээж дархан хилээс хөөн гаргасан.
            Санжаасамбуу дайсан руу анхныхаа гранатыг шидээд 2 дахь гранатаа шидэхээр мөлхтөл дайсны суманд өртсөн юм. Биднийг тулалдаан болсон газар очиход Л. Даваажав болсон явдлын тухай илтгэв. 
Санжаасамбуугийн хориглон байлдсан гүдгэр дээр очиход тэр хэсэгхэн газар суманд сийчэгдсэн байсан. Санжаасамбуу маань сайхан алаг нүдээ харсан гранатаа гартаа атгасан чигээр насан эцэслэсэн байв. Бид хайрт байлдагч, хилчин нөхөр Санжаасамбуугаа  Аглуу гурван толгойн зүүн суганд оршуулсан юм. Тулалдаан болсон тэр газар Даваажавын нэрээр одоо хүртэл нэрлэгдэсээр байна.
Энэ номыг Ч.Алтангэрэл, У.Амарсайхан, Г.Батаа, Б.Бямбаа, Р.Сайжаа, Ч.Хасдорж нар боловсруулан бичиж хэвлэлд бэлтгэжээ. Редактор Г.Дүйнхэржав, Э.Халтар нар Хязгаарын цэргийн 40 жилийн ойд зориулан ном болгон гаргажээ. (204-206 дахь хуудас)
Түмээгийн Жамьян:1973 онд хэвлэгдсэн дээрх "ХИЛЧИД ӨГҮҮЛЖ БАЙНА” номын 143-р хуудсанд "Би хилчин байсан” гэсэн гарчигтай Түмээгийн Жамьян-ын дурсамж байна.Энэхүү дурсамжинд:
Би өөрийн саналаар 1935 онд Цэргийн Ерөнхий Сургуульд орсон юм. 1937 он юмсан энэ үед офицерын шаардлага их байлаа. Òэр учраас миний биеийг жилийн өмнө уг сургуулийг төгсүүлж ерөнхий сургуулийн их бууны дивизоны холбоонд улс төрийн орлогчоор томилсноос хойш намын товчооны дарга, хорооны комиссар зэрэг ажилуудыг 1940 оныг хүртэл хийж улмаар Баянцагааны ...р отрядыг байгуулагдахад отрядын комиссараар явуулсан юм. 
Би 1943 оны 11-р сар хүртэл энэ ажлыг хийсэн билээ. Отряд маань 2 суман, 10 заставтай Тамсагийн Цагаан уулын баруун урдаас Халх голын Сүмбэрийн уул хүртэлх газрыг харьяалан хил хязгаараа хамгаалдаг байлаа. Энэ нь онцгой үе байв. 
Гитлерийн Ãерман итгэлийг эвдэн ЗХУ-д довтлон эх орны дайн дэгдээсний дээр манай хилээр Японы милитаристууд их хэмжээний хүч цуглуулан түрэлтэнд бэлтгэж өдөөн хатгах, тагнах асуудал ихэссэн үе юмсан. Отрядын өмнө улсынхаа дархан хилийг нүд цавчилгүй сахин хамгаалж тайван байлгах үүрэг даалгаварыг наì, засаг, цэргийн дээд командлалаас тавьж байлаа. 
Отряд шинэ тутам байгууллагдсан цаг уурын байдал хүнд зэрэг олон бэрхшээлийг манай хилчид зоригтой даван туулж эх орны үүрэг даалгавраа нарèéн чанд биелүүлж байсан юм. Эдний тоонд õилчин Гончигжав, Даваажав, Балжинням нарыг зүй ёсоор нэрлэх ёстой хүмүүс гэж би санàдаг. Энэ хүмүүс хилчнийхээ үүргийг сахилга бат, зориг тэвчээртэй гүйцэтгэж Японы тагнуул барих, тэдний грóппийг устãàхад их хувь нэмэр оруулж төрийн дээд шагнал одон медалаар шагнагдсан юм. 
Манай отряд дайны бэлэн байдалд орсон болохоор шаардлага өндөр байлаа. Цэрэг дайны бэлтгэл хичээл сургуулийг программын дагуу цаг ямагт хоёр ээлжээр хийж байлдааны ба улс төрийн бэлтгэлийг аль болохоор өндөр байлгахын төлөө чармайж байв. Хил хамгаалалтыг 24 цагт хэдэн давхар гаргаж ард талаар нь мөр шалгах грóпп гаргадаг байлаа.  Улс төр байлдааны бэлтгэл сургах талаар нилээд дадлагатай хүмүүст заставын дарга Нанзай, орлогч Шагдар, байлдагч Санжаасамбуу нарыг нэрлэж болно. 
Намайг 1943 оны 11 сарыг хүртэл ажиллах хугацаанд тус отрядын даргаар Гандал, Гомбо нар ажиллаж байлаа... хэмээн бичсэн байдаг.
*                 *                       *
Мөн номын 29-р хуудсанд: Баянцагааны отрядын тасгийн дарга Содном дайсны тагнуулын грóппийн дарга офицерыг анхныхаа сумаар буудаж унагàсан бөгөөд мөн отрядын байлдагч Даваажав анхныхаа сумаар дайсны автомашины моторыг унтартал буудаж Японы 20 шахам офицертой ганцаараа байлдаж тэднийг хил давуулан хөөжээ.
ХИЛЧИН: (номноос) Õязгаарын цэргийн 35 жилийн ойд зориулан хэвлэсэн "Хилчин” гэх 1967 оны номын 16-р хуудсаны дороосоо 19-р мөрөнд 1942 оны 8-р сард Баянцагааны отрядын заставын байлдагч Даваажав, Санжаасамбуу, Бэгз нар хилийн манааны үүргийг гүйцэтгэж явтал гадаадаас дайсны ачааны машин бүхий 20 гаруй хүмүүс улсын хилийг зөрчин нэвтэрсэн байна.
 Манааны ахлагчаас нэгийг ангидаа холбоочноор явуулаад үлдсэн хоёр нь дайсныг буцааж гаргахгүйн тулд ард талаар нь орж хил талыг аваад дайсанруу галыг нээв гэтэл дайсны машин дороо зогсож дээр нь явсан хүмүүс явгалаад газар эзлэн давшиж хилчин 2 байлдагчийг бүсэлж хүчтэй галыг нээв. 
Энэ үед байлдагч Санжаасамбуу дайсны суманд өртөн алагдаж ганц Даваажав үлдэв.  Дайсан улам хүчтэй галлаж байлдагч Даваажавыг буугаа хаяаад бууж өг! Үгүй бол ална гэж хашгирч байлаа. Гэвч эрэлхэг хилчин Даваажав 20 гаруй дайсны дунд ганцаараа үлдсэндээ сандарсангүй харин ашигтай газрыг эзэлж өөрийн эзэмшиж буй зэвсгийн мэргэн галаар дайснаас 3-ыг алж хэдийг шархдуулан үлдсэнийг ухруулан хөөв гэжээ.
            Улаанбаатар хотод 1968 онд хэвлэгдсэн энэхүү номыг М.Батхуяг эмхэтгэж, Ц.Балжинням, Л.Ёндон-Ойдов нар редакторласан байна. 
ТАЙЛБАР:…
Жамцын Самбуугийн дурсамжинд Санжаасамбууг Аглуу гурван толгойн зүүн суганд оршуулсан гэж гардаг.  Аглуу гурван толгой гэдэг нь 1942 онд Баянцагааны отрядын харьяа газар байсан байна. Баянцагааны отряд нь 1940 өөд оны сүүлчээр татан буугдаж түүний харьяа зарим газрууд одоогийн Эрдэнэцагааны отрядын харьяанд оржээ. Санжаасамбуугийн шарил байгаа газар нь хилийн цэргийн 0144-р салбар буюу Аглуугийн заставын  зүүн урд талд 300 м орчимд байгаа юм. Энэ салбар нь Аглуу  гурван толгойн урд энгэрт байрладаг.
Л.Даваажав, Санжаасамбуу нарын байлдаан хийсэн газар нь элсэн манхантай газар бөгөөд тэр газрыг одоо Даваажавын манхан гэж зарим хүмүүс ярьж нэрлэдэг болсон байна.
"Дархан хилийн домогт сургамж” номонд генерал Б.Цэдэн Ишийн бичсэнээр: Их айлын баруун этгээдийн Их манхан гэдэг нь байлдаан болсон газрын албан ёсны нэр билээ.
Одоо энэ газар нь Эрдэнэцагааны отрядын Сүүл сэрвэнгийн заставын харьяа газар юм. Эрдэнэцагааны отрядын 80 жилийн ой 2016 онд болоход Даваажавын ах дүү нар Сүүл сэрвэнгийн заставт ирж байлдаан болсон Их манханд гоёмсог чулуун самбар босгосон бөгөөд үүн дээр хамт байсан Санжаасамбуугийн нэрийг бичиж үлдээсэн байна.
Их Манхан, 0144-р салбар 2-ын хооронд 100 гаруй км зайтай юм. Даваажавын гавьяа зүтгэлийг бид өчүүхэн ч бууруулах гээгүй бөгөөд зөвхөн эрэлхэг хилчин Санжаасамбуугийн дурсгалыг мөнхжүүлэх, түүний ах дүүсийг олох, улмаар 144-р салбарын дэргэд буй шарил дээр нь дурсгалын багана ч гэсэн босгох, ах дүүсээр  нь хүндэтгэл үзүүлгэх зорилгоор энэхүү материалыг бэлтгэсэн болно.

Санжаасамбуу, Даваажав нар нэг аймаг нутаг, хошууны хүмүүс бөгөөд эх орныхоо төлөө эрэлхэгээр мөр зэрэгцэн тэмцэж явсан хилчин цэрэг эрс бөгөөд тухайн үед улс нийгмийн байдал, амьдралаас шалтгаалан үрэгдсэн нэгнийхээ араас хөөцөлдөх хойноос явах учраа олж чадаагүй байх гэдэгт эргэлзэх зүйлгүй, болов уу. 
Баатарлаг хилчин цэрэг эрсийн талаар ном хэвлэлд иймэрхүү дурсамж үлдээсэн явдал ах дүү ураг төрлийн элэг зүрхийг дэвтээж, эх орон ард түмнийхээ төлөө алтан амь биеэ зориулсан гэдгээр нь бахархан, сэтгэлийн учгийг тайлна гэдэгт найдаж байна. 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Ахмад хилчин  Ч.БУД
Луус сумын уугуул иргэн  Л.ШАСНААБАДРАА
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!