САР ШИНИЙН ҮЕИЙН ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ЭРГЭН ТОЙРОН...

🕔 2019/02/08 14:19
Сар шинийн баяр Монголын ард түмний уламжлалт сайхан баярын нэг. Бүх нийтээр ахас дээдэстээ хүндэтгэл үзүүлэн золгож бүх нийтээр баясан цэнгэдэг энэ баяраа уламжлал, шинэчлэлийг хослуулан сайхан тэмдэглэж байна. Монголын төр, засаг, аймаг орон нутаг  ч тэргүүн сайчуудаа, ялангуяа шилдэг малчдаа шалгаруулан шагнаж баяр дээр баяр нэмдэг.    Харин энэ шагналыг гардуулах ёслол арай л нүсэрдээд байна уу даа. "Улсын аварга малчин” "Улсын аварга тариаланч” ... гэх мэт шагналыг Засгийн газраас олгодог учир Засгийн газрын гишүүн гардуулах нь зохилтой ч бодох юм байх шиг. Шагналыг малчны хотонд очиж гардуулж байгаа нь хүндэтгэл байж болох ч түүнийг дагалдаад аймаг, сумын архайж дархайсан дарга нар бөөнөөр дагалдан данхайсан жип машин  олноор цуврах хэрэг байна уу.  Энэ нь бүр орон даяар жишиг болчихсоныг гажуудал гэвэл буруутахгүй л болов уу? Засгийн Газрын гишүүн ирж гардуулж болдог юмаа гэхэд аймаг, сумыг нэг нэг дарга төлөөлөөд дагалдахад л болмоор санагдана. За тэгээд УИХ-ын эрхэм гишүүд бол шагнал гардуулах гэж булаацалдах нь холгүй юм болдог бололтой.  Бүр УИХ-ын гишүүн хүн суманд оччихоод "Танай сумаас энэ онд Улсын аварга малчин” төрүүлэхээ амлаж байна” гэж олон нийтэд зарлахыг ч сонслоо.  За тэгээд шагнал гардуулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймгийн олон дарга нар мөнгөн аяга,  агт морь,  хундан цагаан хонийг цуглуулах шиг болох юм аа.  Хангайн нэгэн аймгаас тодорсон Улсын аваргынд  шагнал гардуулахаар малчны хотонд ирсэн машин хорь гаруйгаар  эгнэснийг телевизээр  харуулж байх юм. Энэ ёслолд оролцсон хүн бүрт бэлэг бэлддэг жишиг тогтчихсоноос гардуулсан шагналын мөнгөн илэрхийллээс хэд дахин давсан зардал гарч байх шиг.   Тэр бүхнийг бэлдэхэд ямар хөрөнгө зардал, явдал чирэгдэл гардгийг тооцсон албан тушаалтан бий болов уу.  МҮОНРТ-ийн Монголын радиогийн "Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн”-ий болон аймгийн Аварга малчны шагнал гардуулах ч  Улсын аварга малчны шагнал гардуулахаас дутахгүй нүсэр болж өргөжив. Шагналын нэр хүнд ингэж өсч байгаад талархаж болох ч  ингэтэл сүр бадруулсан олон дарга даамал малчны хот руу сүрэглэн хөдлөх хэрэг юун. Тухайн байгууллага, сум орны нэг нэг төлөөлөл байхад л хангалттай.
Энэ бүхэн тухайн хүний төр, засгийн шагналаа дээдэлсэн, Засаг төрийн төлөөлөгчөө хүндэтгэсэн сайхан сэтгэлийн бэлэг гэдгийг зөвтгөхөөс аргагүй ч шагнал гардуулахад ямар зэрэг зиндааны хэн хэн гэдэг зочин оролцохыг протоколоор зохицуулахад болохгүй юм байхгүй. Төр засгаас аваад аймаг, сум ч энэ талаар дүрэм журам боловсруулж мөрдөхөд яагаад болохгүй гэж.
Тэр ч бүү хэл төр засаг, аймгийн шагналаар шагнагдах хүмүүсийг аймгийн төвд ирүүлэн шагналыг ёс төртэй, хүндэтгэлтэй гардуулахад ямар их зардал аль аль талаас хэмнэх бол оо.  Монгол ардын "Золгох биш зовоох, эргэх биш элээх” гэсэн үг  энд  тохироод байх шиг.
Dundgovi.mn   Тоймч

САР ШИНИЙН ҮЕИЙН ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ЭРГЭН ТОЙРОН...

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!