ЭМЧ Б.БОЛДСАЙХАН: "АМЬДРАЛ БОГИНОХОН" /Сонирхолтой нийтлэл/

🕔 2019/01/21 11:27
Амьдрал богинохон. Нэг л мэдэхэд уураг сүүл хүлхсэн өвгөн болж өнгөрсөн амьд­ралаа шүүн тунгааж, сайн муугийн дэнсэн дээр өөрөө өөрийгөө жигнэн яллаж суух болно. Тэгээд нэг их удалгүй үхлийн чимээг сонсон хэвтэх сүүлчийн мөчүүдэд энэ амьд­рал минь утга учиртай байж уу, хүнээс ичиж өөрөөсөө ч нуугд­маар амьдарч уу, эсвэл болжээ, сүйд болохоор зөв биш юм гэхэд харамсаад бай­хааргүй амьдарч уу гэсэн эн­гийн асуултуудад хариулна. Эцсийн хэдэн хоромд ч өөрөө өөрийгөө хууралтай биш. Хуу­раад ч яах билээ. Уртын урт амьд­ралын үй түмэн үйл яв­дал, хором тохиолдлуудаас хам­гийн зөв, хамгийн буруу бай­сан үйлдлүүд, хамгийн үнэнч хамгийн хуурамч бай­сан хормууд шигшигдэн үл­дэж, амьдралын минь утга учрыг тодорхойлно. Их олон ч үйл явдал, хормууд байхгүй болов уу. Аль аль нь нийлээд гарын арван хуруунд багта­хаар байх болов уу.
Би бурхан байдаг ч бай­сан, бурхан намайг шүүдэг ч байсан айхгүй. Харин эцсийн эцэст өөрөө өөрийгөө шүүх тэр мөчид л хэтэрхий олон бу­руу үйлдэл, хэтэрхий олон ху­дал хором гарч ирж, амьдар­сан амьдрал, угтан ирж буй үхэл хоёрыг хоёуланг нь утга­гүй болгох вий гэж айна. Хойд, урд нас гэж байдаг эсэхэд би нэг их санаа тавьдаггүй. Харин энэ амьдрал минь утга учир­тай, харамсахааргүй байгаа­сай гэж би хүсдэг. Тэгвэл амьд­рал минь ч, үхэл минь ч утга учиртай болно. Тэгж амь­дарч чадаагүй бол амьдарсан минь утга учиргүй, шившигтэй болно. Үхэл минь ч тэнэг амьд­ралдаа таарсан тэнэг үхэл байх болно. Нэгэнтээ залуу гэнэн байхад бичсэн шүлэг минь хоёрхон мөртэйсэн. "Үхлийн төлөө амьдаръюу амьдралын төлөө үхсү”. Олон жилийн хойно одоо эргээд бодоход зөв л байж дээ.
Хамгийн энгийн асуултууд хамгийн хэцүү байдаг. Хүн яах гэж амьдардаг, хүмүүсээс тогтсон хүний нийгэм яах гэж оршдог, юуг хүсэн мөрөөддөг вэ гээд ярьж эхэлбэл мань мэтэд үнэхээр томдсон хоёр сэдэв болох байх л даа. Буд­да, Күнз, Аристотелиэс эх­лээд Кант, Локк, Гегель, Ницше ч хариулж чадаагүй асуултууд. Хариулах ч ёстой юм уу, ха­риулт байхгүй ч юм уу, тодор­хойгүй. Гэхдээ ядаж л мате­матикийн хязгааргүй дөхөх арга ч байдаг юм уу, ямар нэг арга, бас ч гэж чиглэл байх ёс­той мэт. Гэхдээ эдгээр мэргэ­дийн зарим нь зөвхөн хувь хүний аз жаргалд хүрэх замын тухай сургасан. Жишээ нь: Будда, Дао, Фройд. Зарим нь нийгмээрээ аз жаргалд хүрэх тухай сургасан. Жишээ нь: Күнз, Аристотель, Маркс.
Би өөрийнхөө өчүүхэн төвшинд тааруулаад энгийн чиглэлүүдийг нь ядаж тоочъё л доо. Эхлээд хувь хүний амьд­ралын утга учрын тухай хальт.
1. Дандаа хэрэггүй юм хийж амьдарсан байвал бас жаахан тиймхэн. Тийм учраас үхэхийн цагт эргээд харахад учиргүй харамсахааргүй амьдрах.
2. Үр удмаа үлдээчих. Тэд нь гайгүй эрүүл саруул, ажил амьдралтай байх. Энэ ч нэлээн амьтанлаг зөн байх аа даа, зайлуул.
3. Нэг их жаргадаггүй юмаа гэхэд ядаж бага шиг зовох. Гэхдээ бас яахаараа жаргаад, яахаараа зовоод байгаа нь ч айхтар ялгаа, заагтай биш хэцүү л дээ.
4. Болдогсон бол амьдарч байгаа хором болгондоо зүрх минь зөв гэж байгаа сонголт хийх.
Гэсхийгээд л бараг болчих болов уу. Миний бодлоор бол шүү дээ. Гэхдээ зарим хүн ч бас бус өөр янз бүрийн юм хүсдэг юм шиг байгаам аа янз нь. Жишээ нь: эрх мэдэл, олон сайхан эр юм уу, бүсгүйтэй учрах, мөнгө, алдар нэр, хүлээн зөвшөөрөгдөх, тансаг амьдрал, урлагийн таашаал авах, бусдаас дутахгүй байх юм уу, болбол илүү байх ч гэх шиг. Ийм нарийн ширийн мундаг хүслүүд бол над мэтэд нэлээн ахадсан эд.
Харин хүмүүсийн олонлог юуг хүсдэг байж болох вэ?
1. Аль болох олон хувь хүн хүссэнээрээ аз жаргалтай амьдрах бололцоотой байх. Өөрөөр хэлбэл дээр бичсэн амьдралын зорилгоо гүйцэл­дүүлэх боломж аль болох олон хүнд нээлттэй байх. Бусдыг зохион байгуулах сонирхол чад­вар илүүтэй хэсэг тэр аж­лаа хийх буюу зохицуулагч нар байх хэрэгцээ эндээс үүснэ.
2. Бүгдээрээ дотоодын юм уу гаднын аюул заналд хом­рогдон өртөхгүй байх. Цэрэг цагдаатай байх шаардлага эндээс үүснэ.
3. Хүмүүс нэг нэгэндээ аль болохоор дэм болохоос биш саад гай болох нь бага байх дотоод бүтэц, функцтэй нийгэмтэй болох. Хууль, шүүх­тэй байх шаардлага эн­дээс үүснэ. Хамтаараа байвал дан дангаараа зүтгэснээс арай жаргалтай амьдрах боломж бий болгох гэх юм уу даа.
За нэг иймэрхүү л юм байх болов уу. Гэхдээ бас өөр өөр хүмүүс өөр өөрөөр мэдээж тодорхойлсон байдаг л даа. Жишээ нь: Күнзийнхээр бол нийгэм гармоник буюу зохис­той байх ёстой. Үүний тулд гэр бүл дотроо ахмадаа хүндэлж, улс дотроо ноёдоо дээдэлж, боол нь боолоороо, ноён нь ноёноороо сайн ажиллаж гэх мэт. Марксынхыг бид сайн мэднэ: ажилчин ангийн намын удирдлагаар, бүгд чадлын хэрээр ажиллаж, олсноо тэгшхэн шиг хувааж авах, бүгд жигд ойролцоо хэмжээтэй жаргах нийгэм байгуулна гэдэг бил үү дээ. Адам Сми­тийн­хээр бол хувь хүн бүр эдийн засгийн эрх чөлөөтэй байвал аяндаа зах зээлийн үл үзэгдэх гараар зохицуулагд­сан илүү баян иргэдтэй ний­гэм бий болж хүмүүс илүү дээр амьдарна. Орчин үеийн моодны чиглэлээр бол иргэн хүн их сайн идэвхтэй байж эрхээ хамгаалж, хянаж байх. Гэх мэт.
Гэхдээ өдий хүртэл хувь хүний ч бай, нийгмийн ч бай, энэ мөрөөдөл биелж байсан түүх алга байна. Түүхийн аль ч үе, газар зүйн хувьд хаана ч, өөр өөр нийгмийн байгуул­лын нэгнийх нь ч үед биелээ­гүй л байна. Ер нь биелэхгүй байх магадлал нь биелэх бодот бололцооноосоо хэтэр­хий их мэт санагдана. Ялан­гуяа нийгмийн хувьд. Бараг гишүүн болгон нь өөрийн хүсэл зоргоор хувь хүний аз жаргалтай амьдралаар амьд­рах боломжтой болно гэсэн үг. Нэлээн тохиолдолд хувь хүний аз жаргалтай амьдрах ба тухайн хүний амьдарч байгаа нийгмийн шаардлага хоёр хоорондоо зөрж зөрчил­дөж байдаг. Нийгэм нэгэнт хамаагүй хүчирхэг, том, мундаг тул хувь хүнийг өөрийн хүслээр байлгах гэж хууль, төрийн бүх арга чаргаараа хүчирхийлнэ, ядахнаа тархийг нь угаана.
Улс гүрнүүд сул дорой, уруудан буурч байх үед мэдээж хэрэг нийгэм ч, хувь хүн ч аль аль нь зовно, ядар­на. Улс гүрэн хүчирхэг байх үед нийгэм олноороо маш том амжилтад хүрч байгаа хараг­давч харин тухайн нийгмийн гишүүдийн хэдэн хувь нь өөрийн зоргоор жаргалтай амьдарч байна гэдэг бол сонирхолтой асуудал. Жишээ нь Хүн гүрэн цэцэглэн мандаж байсан МЭӨ I, II зууны үед, Их Монгол Улсын үед монголчууд хүний ертөнцийг удирдан залж байх үед тэр үеийн монгол хүмүүсийн хэдэн хувь нь аз жаргалтай байсан бэ гэдэг сонин асуулт болно. Зөвхөн Монгол ч биш, хатан хаан Вик­торийн үеийн Их Британийн эзэнт гүрэн, өнөөгийн Хятад улс, Османы Түрэг улс, Их Могол улс, Ромын эзэнт гүрэн, Гитлерийн III Рейх, ЗХУ, Мая Инк, Ацтек, Хятадын Хан улс, Шёогуны ба өнөөгийн Япон, ХХ зууны хоёрдугаар хагасын АНУ гээд тухайн үндэстний­хээ хувьд дээд амжилтдаа хүрч байх үед хувь хүмүүсийн хэдэн хувь нь жаргалтай байсан бол?
Англосаксон угсаатны бий болгосон өнөөгийн ардчилсан эрх чөлөөт нийгэмд л арай олон хувь хүн хүссэнээрээ амь­дарч чадаж байх шиг. Ялангуяа энэ системийг хү­лээж аваад эдийн засаг, цэрэг, соёлын хувьд хүчтэй болж бус­дын хараат биш байж чад­сан улс үндэстнүүд. Учир нь зөвхөн Англосаксоний орчин үеийн нийгэм л түүхэнд анх удаа хувь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн тулгын чулуунууд дээр нийгмийн барилгаа барьжээ. Өмнөх бүх үеийн дээр дурьд­сан боол, социалист, феода­лын аль ч нийгэм, төрийн үед хэзээ ч тухайн нийгмийн хувь хүн бүрийн эрх ашгийг суурь болгож байсангүй. Эзэн хаан, удам залгасан ноён, ажилчин ангийн нам, шашны дээд ан­гийнхан зэрэг хэн нэгэн ганц хү­ний, хэсэгхэн бүлгийн хү­сэл мөрөөдөл л тэр улс, нийгмийн тэргүүн эрх ашиг байлаа.
Тийм Их Монгол Улсын үед ч монголчуудын дийлэнх олонхи нь хувь хүний аз жаргалтай байгаагүй байх гэж мунхаглан бодно. Магад Мон­голын их хаад, цэргийн дээд удирдагчдын хувьд Япон тэнгисээс Германы Лейгниц, хойд туйлаас Индонезийн арлууд хүртэл Еврази тивийн дайдад хэдэн арван улс гүрнүүдийг хүсэл зоргоороо даран мөхөөж, шинээр зохион байгуулах одоо ч бидний тө­сөөлөх чадвараас хэт давсан агуу их үйлсийг хийж байхад гайхам бахтай, тэнгэрлэг байсан гэдэгт огтхон ч үл эргэлзэнэ. Гэхдээ эгэл монгол цэрэг, түүний ар гэр, үр хүүх­дэд ямар байсан бол? Цэрэг Бат 16 наснаас Тангудад хоёр жил, хойд Хятадад гурван жил, Дундад Азид долоон жил, гэртээ хавар нь ирээд намар нь дахиад Тангудад хоёр жил, тэгснээ гэнэт Хүлэгийг даган Ойрхи Дорнодод Сири, Египет, Иран, Иракт таван жил, удал­гүй дахин Орос, Зүүн бөгөөд Төв Европ: Унгар, Польш, Бол­гарт гэх мэтээр зогсоо зайгүй дайнд мордож 60 насандаа Монгол нутагтаа ирэхэд ямар байсан бол.
Түүний багын найз Тө­мөр нь Индонезийн ар­лууд, Япон тэнгисийн да­лайн шуурга, Вьетнам, Бир­мийн шугуйн пар­ти­заны дайны тухай бүр ч аймшигтай түүх ярин түмэн шарх сорви болсон биесээ сувилан Аваргын халуун шаварт хэвтэж байхад сай­хан байсан болов уу. Мань мэтийн эмээлээс өөр даваа даваагүй өчүүхэн эрсийн тархи зүрхэнд тэр их эр­сийн ухаан, зориг алга болохоор сайн ойлгох арга үгүй. Гэхдээ монгол эрсийн хэд нь хүний нутагт харь цэргийн илдэн дор амь алдаж, хэд нь эх нутгаа санан шаналж, хувь хүний гэх амьдралгүй явсан бол. Япон тэнгисийн шуурганд живж, Сирийн цөлд ангаж цанган Айн Жаюд алуулж, Вьетнамын шугуйд хум­хаагаар халууран нөгцөж, Кавказын ууланд Дарь­яалын хавцлыг өвлийн шуур­ганаар дайсны суман мөндөр дор давж явсан тэр баатар эрсийг өөрийн зор­гоор жаргаж байсан нь тэр гэж хэлэх нэг хэцүү, байх нэг хэцүү. Ямар цагийн машинаар нисч очоод асуумж тарааж судлалтай биштэй дээ.
Өнөө бид Англосаксон маягийн ардчилсан ний­гэмд орсон ч бас л нэг их олон нь жаргасан юм алга байна. Гэхдээ дахин нэг хүний үеийн хугацаанд ухаан зарж, чармайн хө­дөл­мөрлөж, зөв сонголт хийвэл магад өнөөгийн Америк, Англи, Сингапур, Герман мэт улсын иргэ­дийн зэрэгт хүрч одоо­гийнхоос хамаагүй олон хувь хүн хүссэн зор­гоороо жаргалтай амьдарч чадах биз ээ. Улс төр, эдийн за­саг, цэрэг хүч, соёлын хувьд бусдад дар­луулахгүй хү­чирхэг болж байж. Ганцхан аюух юм нэгэн байгаа нь монгол­чууд бид дахин сэр­гэн ман­далынхаа дөнгөж эхэнд байгаатай холбоо­тойгоор хүн амын ихэнх маань бо­ловсрол мэдлэг сулхан байгаагаас өөрс­дийнх нь өмнөөс нийгмийг зохион байгуулж, өөрсдөд нь үйлч­лэх хүмүүсээ зөв сонгох­гүй, одоо нэгэнт улс төрийн өндөрлөгт гарагсад нь тэгж хүсэхгүй удваас хувь хүн бүрийн эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн тулгын чулуутай биш, ха­рин өмнөх үеийнх шиг цөөн хэдэн хүний эрх ашиг, баялгийн төлөө л ядуу урам зориггүй хүн ард дур­тай дургүй зүтгэж бай­даг улс болох вий гэж эмээнэ.
Улс орон болгон ямар нэгэн нууцаар хөгжсөнийг нь бид л мэдэхгүй байна гэж санагсад олон байдаг. Японы хөгжлийн нууц, Син­гапур, Германы нууц ч гэх шиг. Ямар ч арга чарга хэрэглэсэн бай ганцхан нууц биш нууц байдаг. Иргэн бүр нь шударга чар­майн ажиллавал сайн сай­хан амьдралд хүрч болно гэсэн итгэл үнэмшилтэй байх. Ийм итгэлийг иргэд­дээ бий болгож, бүгдийнх нь сэтгэл оюуны их хүч чадлыг асааж чадсан улс­төрчид л улс орноо хөг­жүүлсэн байдаг. Аль ч цаг үед ийм л ганц нууц бай­сан. Модун, Тэмүжиний үгээс авахуулаад хамгийн сүү­лийн үеийн ноетис ухааны итгэхэд бэрх нээл­түуд ч аль аль нь хүний сэтгэл итгэлийг авбал, хүн ардынхаа сэтгэл итгэлийг асааж чадвал тэр ард тү­мэн гарцаагүй хүчирхэгжин мандана гэж баталж бай­на. Тэгэх тусмаа Монгол шиг мандан босох бол­гондоо хүн төрөлхтний магнайд гарч байж л санаа нь амардаг хэт их эрмэл­зэлтэй, архаг зуршилтай ард түмэнд дахин хүчир­хэгжин мандах нь бидний энэ насанд ч дахин тохиох магадлал нэн өндөр. Ма­гад ирэх 10-20 жилд бид МЭӨ 209, МЭ 1206 оны удаахь гурав дахь их сэргэн мандлынхаа оргилд дөхөх болов уу. Мянганы дав­тамжтай цаг нь болж бай­на. Тэнгэр гурвын тоонд дуртай гэл үү.
Монгол хүн хувь хүний­хээ хувьд ч, Монгол Улс нийгэм төрийнхөө хувьд ч сансрын хурдаар хүчир­хэгжин мандах болтугай. Тэнгэр мэднэ.
Нийтлэлч, Монгол улсын Хүний гавьяат  эмч Б.БОЛДСАЙХАН

ЭМЧ Б.БОЛДСАЙХАН: "АМЬДРАЛ БОГИНОХОН"    /Сонирхолтой нийтлэл/

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!