СУВДАН САРТ /өгүүллэг/

🕔 2018/05/24 14:02

 

Оройн нар уулсын оройгоор далд орж улааран шаргалтах туяа нь аажмаар замхарч бүрий нөмрөв. Тэнгэрт гэгээ муутай шинийн тавны сар сэмжин үүлний дундаас цухуйх агаад харанхуй дунд хэдэн бараан адуу сүүмийж хааяа нэг тургилах нь дэргэд юм шиг тод сонсогдоно.Ойролцоохон нохой хуцах нь чимээ сонссон бололтой. Удалгүй алсаас машин дуугарч баруун доод хөндийгөөс гэрэл анивчих нь тод харагдана. Машины дуу ойртож гэрэл нь тодорсоор нөгөө хэдэн адууны хажуугийн зүүн хөтлөөр даван оронгуут гэрэл нь цаад уулын оройд тусаж нэг далд орон муригнасаар нэгэн жалга гатлан гарч ирвэл машины гэрэлд хоёр гэр орж ирэв. Хотон дахь цөөвтөрхөн бог нь дэрхийн үргэж хоёр нохой машины хойгуур урдуур хоргоон ээрэхэд баруун талын гэрээс гарч ирсэн хүн нохойгоо хорив. ”Ланд ” 200 машины хаалга онгойж дөрвөн хүн бууж баруун талын гэрлүү орохдоо нохой хорьсон хүнтэй мэндлэн гэрт орлоо. Унинд уясан бүдэгхэн гэрэл ёлтойх агаад орж ирсэн хүмүүсийг 4-6 насны бололтой хоёр хүүхэд сонирхон харна. Гэрийн эзэн Сүхээ гэж 40 эргэм насны хүрэн царайтай эр өврөө уудалж хөөрөгөө гарган хамгийн дээд талын хүнд барингаа

- За сайхан хаваржиж байна уу? Хаанаасаа хаана хүрч явна гэхэд Дээд талд нь суусан 40 эргэм насны цэргийн эрээн хувцастай хүн

-Сайхан сайхан хаваржиж байна уу гээд хотоос явна танайхыг зорьж ирлээ гэв.

Энэ хүмүүсийн зорьж ирсэн гол учир нь энэ айлд удам угшил сайтай нэг үрээ байгаа бөгөөд түүнийг нь аль болох хямдхан салгачих санаатай ирсэн нь энэ байлаа. Учир нь энэ айлаар хэдэн жилийн өмнө хотод байдаг нэг найз нь адуугаа харуулж байсан бөгөөд хавар адуугаа авах гэж 3 сарын эхээр ирэхэд нь гэрийн эзэн Сүхээгийн авгай төрж хүүтэй болсон ба мөн тэр шөнө найзынх нь адуунд нэг гүү унагалаж эр унага гарсан байсанд найз нь билэгшээж Сүхээгийн ганц хүүд эхтэй нь хамт бэлэглэжээ. Удалгүй Сүхээгийн хүүд унагатай гүү бэлэглэсэн найзынх нь морьд улс бүсийн наадамд сайн давхих болсон нь олон хүн түүний адууны удам угшлыг нь сонирхоход хүрсэн байна. Одоо тэр унага ногооны соёолон үрээ болсон бөгөөд нутаг усанд нь мэдэхгүй хүнгүй болсон байна. Ноднин отроор ирсэн хүмүүс нутгийн хүнээс хар үрээний угшил удмыг сонссон нь явсаар эдгээр хүмүүсийн чихэнд хүрсэн бөгөөд Сүхээгийн хар үрээг авахаар шөнөөр яаран ирсэн нь энэ байв.

Сүхээ гайхангүй бүгдийг нүд гүйлгэн харснаа
-Хэрэг зориг юунд билээ гэж асуув
Доороосоо хоёрд сууж байсан монгол дээлтэй залуу ам нээж
-Сүхээ гуай та намайг танихгүй байна уу? Би танай нутагт ноднин адуу оторлон ирж байсан гэвэл Сүхээ
-Аан тийм танайх доод Агьтын хоолойд өвөлжсөн айл мөн үү гэхэд
Монгол дээлтэй залуу
-Тиймээ гээд. Бид таны хар үрээг чинь худалдаж авахаар ирлээ гэв
Сүхээ тэгэхэд
- Хэн намайг үрээгээ зарна гэж байна гэв.
Монгол дээлтэй залуу
-Би таны хар үрээний чинь удам угшил болон эцэг эхий нь ч бүгдийг мэднэ. Манай энэ ах л худалдаж авъя гэсэн юм гэхэд дээр сууж байсан цэргийн эрээн хувцастай хүн гараа сунган
-Батбилэг гэвэл
Сүхээ ч гэсэн гарыг нь барингаа
-Сүхээ гэв
Батбилэг Сүхээд хандаж
-Наймаа тохирно байх гэж бодож байна. Үрээгээ хэдэд өгөх юм. Үнэ хөлсийг нь хангалттай өгье гэвэл
Сүхээ харин бодолхийлснээ
-Би зарахгүй ээ манай хүүд хүн бэлэглэсэн юм гэж тэгээд ганц хоёр жилдээ төлий нь хармаар байна гэв
Гэрт хэсэг зуур чимээгүй боллоо
Батбилэг монгол дээлтэй залууруу харан дохивол тэрээр гарснаа удалгүй хайрцагтай юм барин орж ирэн Батбилэгд баривал хайрцагыг задалж гадаад нэртэй архи гаргаж ирэн Сүхээд баривал тэрээр хэсэг тээнэглзснээ авчихав. Батбилэг болон цуг ирсэн хүмүүс шөнө дунд хүртэл Сүхээг шахаж шалсаар байгаад зөвшөөрүүлж дөнгөв. Батбилэг хар үрээг нь наадмын дараа ирж авахаар болон явав. Одоо аваад явна гэсэн боловч гүүнүүд нь азарганы хөлд гараагүй гээд хойшлуулсан ба хэрэв Сүхээгийн гүүнүүдээс эр унага гарахгүй бол хүүд нь Батбилэг хар азарганы эхний эр унагы нь бэлэглэхээр болов.

Найман сарын сүүлээр бороо шивэрсэн нэгэн өглөөгүүр Батбилэг ачааны машинтай давхин ирээд үрээг нь аван одов. Хэдийгээр хангалттай үнэ өгсөн ч Сүхээгийн сэтгэл нэг л гундуу байлаа. Хойтон хавар Сүхээгийн адуунд гурван гүү унагалсан бөгөөд хоёр нь эр унага байсанд тэрээр маш их баярлаж байв. Дараа хавар нь учир битүүлгээр эр охин хоёр сарвай нь ойрхон алга болчихов. Эрэл сурал болон хичнээн явсан боловч олсонгүй. Үлдсэн ганц сарвайгаа эхтэй нь гэрийнхээ гадаа авчирч хаврын ногооны эхээр сайн өдрийг сонгон байж амыг нь хагалж уяа сойлгонд бэлтгэв.

Наадмын өглөө даагаа мордуулчихаад сууж байхдаа Сүхээ их л догдлон байлаа. Хар даага нь хэдий үсэргээ сунгаанд сайн байгаагүй ч Сүхээд бол горьдлого дүүрэн байсан ба айргийн тавын хаана нь уу л гэж бодож байв. Даага гараад ирлээ гэж хүмүүс шуугилдахад Сүхээ ч босон харайж дурандвал өнгөнд л хар даага харагдсангүй ахиулан сайн дурандваас хар даага нь 8-9 хавьд л явж байлаа. Одоо барианд иртэл 3-4 км-н газар байна гэж бодон хүүдээ цагаан хошуу тойруулаад л тавиад өгөөрэй гэж хэлснээ санав. Даага ч цагаан хошуу тойрон гарч ирвэл хар даага өнгөнд гараад ирэв. Тугтай машины араас хар даага улам тасран гарч барианд орж ирлээ.

Өөрийн эрхгүй огшсон Сүхээ хүүгээ тэврэн үнсэж дааганыхаа магнайг илбэн нулмис унагалаа. Энэ цагаас хойш хар даага сумынхаа наадамд соёолон хүртлээ жил дараалан түрүүлээд зогсохгүй зэргэлдээ сумын наадам зэрэг 10-д наадамд түрүүлэн "Сувдан сарт" хэмээн алдаршив. Сүхээ энэ нэрийг өгөөгүй бөгөөд нэг л мэдэхэд ийм нэртэй болсон байв. Учир нь хар үрээ духан дээрээ олон жижиг таруу сартай учир ийнхүү нэрлэжээ. Сүхээ сувдан сартаараа азарга тавьж хэдэн гүү хураалгасан бөгөөд улсад уралдаж үзье гэж эртнээс бодох болсон тул Сүхээ хавар эртнээс бэлдэн найзтайгаа ярьж тэдний галтай нийлэхээр боллоо. Зургаан сарын эхээр Сүхээ сувдан сарттайгаа өөр хоёр насны морьтойгоо ирж найзынхаа галд ирж нийлэв.

Анх удаа том наадамд уралдаж байгаа болохоор Сүхээд мэдэхгүй чадахгүй юм их байлаа. Энэ бүхэнд найз нь л тусалж байв. Батбилэг нэг сунгаан дээр таарч гал дээрээ аваачиж танилцуулав. Тэрээр Сүхээд хандаж

-За Сүхээ минь би чамд баярлаж явдаг шүү. Чиний хар азаргаар л би алдарт авлаа. Хар азарга улс бүсийн наадмаас надад 10-д айраг түрүү авч өглөө. Одоо ч би хар азаргандаа л найдаж байна. Түрүүчийн эр төл нь энэ жил хязаалан настай болж байна. Ер нь эр бүх нь давхих янзтай энэ наадамд эцэг хүү хоёр л уралдаж дээ. Би чиний сувдан сартыг яаж давхиж байгааг сонссон гэснээ

-Аан тийм энд нэг хар азарга байна миний хар азаргатай их адилхан юм байна лээ. Тэр биеийн хэлбэр хийц харайлт давхилт нь ямар адилхан гэж санана хоёулаа очиж үзье гэв.

Нээрээ очиж үзвэл яг л хар азарга л байлаа. Эзэн нь сайн ойртуулсангүй. Удам угшлыг нь асуувал зүүн чигийнх гэв. Сүхээ бодов. Миний сарвайнд алддаг адуу арай биш байгаа даа тамга нь их халанхайтсан байна олон тамга давхарлаж дарсан бололтой юу ч гэсэн наадмын дараа сайн судлая гэж бодлоо.

Наадам ч боллоо эхний өдөр Сүхээ хоёр бага насаа уралдуулсан ч гавьтай давхисангүй. Харин найз нь хоёр айраг Батбилэг нэг айраг авлаа. Маргааш өглөө эрт азарга мордов. Нийтдээ 500 гаруй азарга мордож Сүхээ ч сувдан сартаа мордууллаа.

Сүхээ их л догдлон байж зурагтаар л азарга эргэхийг харсан ба азарга ч эмх цэгцтэй сайхан эргэв. Харин сувдан сартаа олж харж чадсангүй. Азарга ч зул задарч эхлэв. Эхний 10-д азарга дотор Батбилэгийн хар азарга болон найзынх халтар азарга хурдалж байх нь харагдсан ба харин дараагийн бөөн азарганы цээжинд сувдан сарт мөн нөгөө адилхан азарга хоёр өнгөлж байлаа. Азарга ч улам цуварч эхлэв. Сувдан сарт нэхсээр эхний бөөн азарган дээр ирж нийлэв. Газар дундаа орж Батбилэгийн хар азарга болон найзынх нь халтар азарга зэрэг улсад олон жил уралдсан азаргууд өнгө алдахгүй л давхиж байв. Харин сувдан сарт эхний арав дотор л явж байлаа.

Бариа ч ойртлоо. Энэ л зайд азарганууд жинхэнэ хурдаа гаргах цаг ирэв. Сувдан сарт азаргын тарладаг зайнд орж ирэхэд нь хүү ч ташуур өгөн тонгойлоо. Хурдны гайхамшгийг амсаж дассан долоон худгийн өгсүүр энэ л жаахан зайд азарганууд тарлан гарч ирлээ. Зурхай гишгих тэр л мөчид Батбилэгийн хар азарга болон өөр нэг хээр азарганы хажуугаар сувдан сарт дайрч амжив. Түрүү морины пайз барьсан морь бариач тонгойн сувдан сартын жолоон дээрээс нь барьж авлаа. Ийнхүү сувдан сарт анх удаагаа улсын их баяр наадамд хавчиг насандаа түрүүлж нутаг усныхаа нэрийг гаргасан бол Батбилэгийн хар азарга аман хүзүүлж өөр нэг нэртэй хээр азарга гурвалж найзынх нь халтар азарга дөрвөлж нөгөө адилхан гэгдэж байсан хар азарга тавд давхисан байлаа.

Сүхээ тавд давхисан хар азарганы эзэнтэй уулзаж ярилцвал шүдлэн үрээнд нь хүнээс худалдаж авсан гэв. Найздаа энэ тухай хэлвэл цусны шинжилгээ хийлгээд үз гэв. Тэр хүнд учир байдлаа хэлж мал эмнэлэгийн хүрээлэнд хандаж шинжилгээ хийлгэж үзвэл ойрхон гарсанд Батбилэгийн хар азаргатай үзвэл мөн ижил гарч алдсан хар сарвай яг мөн байлаа. Эзэнтэй нь учраа олж хулгай хийсэн хүний нь олохоор цагдаад өргөдөл гаргачаад Сүхээ нутгийн зүг жолоо залах болов. Ийнхүү азарганы уралдааны эхний тавд ах дүү аав хүү хамаатан зэрэг 4 азарга айрагдаж түрүүлэн өвөрмөц түүхийг үлдээв. Хожим найзаасаа сувдан сартынхаа эцэг хар азарганы угшил удмыг нь асуувал

-Гарал үүсэл нь эцэг тал нь баруун зүгийн тэсийн голын гаралтай юм аа. Харин эх тал зүүн зүгийн адуу байгаа юм гэв. Одоо надаас авсан энэ удмын 10 гаруй азарга ид уралдаж байна. Хамгийн сайн давхиж байгаа нь Батбилэгийн хар азарга чиний "сувдан сарт” хоёр л байна даа гэв. Ийнхүү Сүхээ сувдан сартынхаа буянаар олон сайхан хүнтэй танилцаж мөн шинэ цагийн морины уяа болон газар газрын морь уях онцлогийн талаар олон зүйл мэдэж аван нутагтаа ирэв. Нутгаас нь анх удаагаа улсад морь түрүүлсэн тэр тусмаа унаган морь нь түрүүлсэнд нутгийн олон ч тун баяртайгаар угтан авч өргөн дэлгэр найрыг хийлээ.


Зохиолч: Н.Тайванжаргал

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!