ХУУЛИЙНХНЫ ХҮЧИРДЭГГҮЙ ХЭРГҮҮДИЙГ ҮАБЗ-Д МАТАХ НЬ ЭЦСИЙН АРГА УУ

🕔 2018/03/16 12:30

 

Төр, засгийн эрх мэдэл дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр солигдож, аль нэг нам нь өөрсдийн эрх, дархаа тогтоосоор ирсэн. Үндсэндээ парламентын сонгуульд хэн нь сайн пиар хийж олны дэмжлэгийг авсан улс төрийн хүчин нь УИХ, Засгийн газрыг гартаа атгаж, улс орныг удирдсаар байгаа. Гэхдээ хэрхэн яаж удирдаж байна вэ гэдэг чухал. 

Энэ удаагийн засаглал МАН-ынх болж, тэд эдийн засаг, нийгмийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг ярьсаар. Учир нь, өнгөрсөн үед чамгүй их алдаа гарснаас улбаатайгаар эдийн засаг доройтоод зогсохгүй бүр хүнээр бол эмчилгээгээ хүлээн сэхээнд орсон гэж дүгнэсэн юм. Ер нь, үе үеийн төр баригчид өнгөрсөн үеэ муулдаг нь нууц биш. Гэхдээ АН-ын засаглалд алдаа гарсан нь их гэж дүгнэх хүмүүс өнөөдөр элбэг болжээ. Гарсан алдааг засах, хариуцлага тооцох асуудал Монгол Улсад байхгүй гэхэд нэг их буруудахгүй. Төрийн эрх баригчдын талаархи гомдол хууль хүчнийхний ширээнд дээр бий. АТГ-т шалгагдаад л байна гэх мэдээлэл өнөөдрийг хүртэл тасрахгүй яваа. Яасан ч шалгаж дуусдаггүй хэрэг гэхээр олон жилийн нүүр үздэг юм бол гэсэн яриа нийгэмд үүссэн. Магадгүй ямар нэгэн албан тушаалгүй, жирийн иргэн хэдэн арван саяар нь төрийн мөнгө идчихсэн бол 14 хоног хүрэхгүй хугацаанд асуудал нь шийдэгдчихсэн, өнөөдөр аавын хаалга татаж, байгаа хөрөнгөө хураалгасан суугаа. 

Томчуудын гэх тодотголтой болохоор цаанаа учиртай, удааж элдэв асуудал үүсгэдэг тухай яриа ч байдаг. Олны үг ортой гэдэг. Цензургүй яриа нэвтрүүлгээр гишүүн Х.Нямбаатар нэлээд ноцтой зүйлүүдийг дурдсан нь ч бий. Түмний халааснаас бараг л суйлж, төрийн гэх нэрийдэлтэй мөнгө бий болдог. Үүнийг үрэн таран хийж байгаа эрхмүүд хэзээ хариуцлага хүлээх юм бол гэсэн хүлээлт нийгэмд байна. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "АН-ын үед хариуцлагын алдаа гаргасан хүмүүсийн асуудлыг ҮАБЗ-өөр ярих ёстой. Засгийн газрыг тэргүүлсэн төдийгүй салбар хариуцсан сайд нар улс эх орны эрх ашигтай холбоотой асуудлаар дур мэдэн шийдвэр гаргаж, эрх мэдлээ хэтрүүлж байсныг хуулийнхан баримтаар тогтоож байгаа" гэж дуулгав. Түүний хэлснээр зөвхөн хариуцсан салбарт нь гарсан гажуудлыг хэлж байгаа. Ерөнхийдөө АТГ, хуулийнхны хүчирдэггүй хэргүүдийг ҮАБЗ-д матах нь эцсийн арга болж байх шиг. Ийнхүү ганц салбараар тогтохгүй бусад салбарт юу үүссэн нь цаашид чихний чимэг болон дуулдаж, ҮАБЗ-ийн хурлаар орох шинжтэй. 

Ямартай ч салбар хариуцсан сайд асуудалтай тууштай тэмцэж, хариуцлага хүлээлгэхээ амлалаа. Тодорхой албан тушаал хашсан нөхдүүд хуулийн байгууллагын хаалга татах нь. Харин хариуцлага хүлээх болов уу гэдэг нь сонирхол татна. Өмнөх засаглалын үеийн сайд, гишүүн байсан эрхмүүдийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй явааг санах хэрэгтэй. Уг нь, бүх асуудал нь тодорхой байгаа гэдэг ч яагаад хариуцлагыг нь хүлээлгэж болдоггүй нь хачирхалтай. Тодорхой хэлбэл, Б.Гарамгайбаатар, фортуна Б.Батбаяр гээд л ар араасаа хөвөрдөг. 

Буруутайг нь тогтоож чадахгүй, байцааж магадлахаас цааш хэтэрдэггүй юм бол дуулиан шуугиан дэгдээж, гэмт хэрэгтэн мэт мэдээллэх нь хэр оновчтой юм бол. Магадгүй энэ удаад ч өмнөхтэй адилаар нэг их дуулиан дэгдээгээд таг чиг болох байх гэсэн таамаглал байна. Монгол Улсын хууль цааз төрийн дээдсүүдэд, албан тушаалаа ашигласан нөхдөд үйлчилдэггүй бололтой. Хуулиа мөрдөж, хариуцлагаа тооцож чадахгүйгээс хойш элдэв дэг журам сахиулах хууль батлан гаргаад байх шаардлага байгаа ч юм уу гэсэн бодол төрөх.

Эх сурвалж:24tsag.mn

Линк: http://www.24tsag.mn/a/160425

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!