ВЬЕТНАМЧУУДЫН ШҮТЭЭН ОДОС ҮХЭРИЙН ТУХАЙ

🕔 2018/03/05 15:55

 

1979 онд Хятад Вьетнамын хооронд өрнөсөн дайнаар Хятад улс цэргийн хүчээр түрэн орж Ветнамын нийслэлийг нь эзлэн авах шахсан байдаг.Хойд хил дээр нь Орос Монголын хамтарсан хүч бөөгнөрөөд хариугүй дайрах гээд байсан тул Хятадууд хулчийн Вьетнамаас цэргээ татсан.Шившигтэйгээр ухарсан ч Хятадууд ялагдлаа хүлээн зөвшөөрсөнгүй.

Өс хонзонгоо энхийн аргаар авахаар шийдлээ.Өчигдрийн муудалцсан Вьетнамаа тас тэврэн аваад худалдаа наймаа хийж,сайн хөршийн ёсоор амьдрахаа амлав.Дараа жилээс нь Хятад улс Вьетнамаас одос үхрийн шийрийг худалдан авдаг боллоо.Дөрвөн шийрэнд нь бүтэн одос үхрийн үнэ өгнө.Ийм ашигтай наймаа хаа ч байхгүй тул Вьетнамчуудын хорхойг хүргэв.

Шийрүүдийг нь нэг үхрийн үнээр өгөхөд үхрийн мах бүтнээрээ арьс ширтэйгээ эзнийхээ гар дээр үлдэнэ.Вьетнам даяар одос үхрийн нядалгаа явагдав.Таван сая одос үхэртэй байсан Вьетнамчууд далан хувийг нь төхөөрсөн байна.Хоёр жилийн дараа тутарга тариалах тэргэнд хөллөх одос үхэргүй болжээ.

Тутарга тариалж чадаагүй учир Вьетнам улс өлсгөлөнд автав.Нэгэнт хөллөх одос үхэргүй болсон тул Вьетнам эрчүүд өөрсдөө зүтгэх хүч болж анжисаа чирэн будаагаа тариалдаг боллоо.Өлсөж үхэхгүйн тулд эмэгтэйчүүд хүүхдүүдээ ч тэргэнд хөллөж байв.

Вьетнамчуудын энэ зүдэргээт амьдрал бүтэн арван жил үргэлжилсэн.Хожим Вьенамчууд шуналаасаа болж,дайсныхаа арганд автан одос үхрээ хүйс тэмтэрсэндээ гэмшин энд тэндгүй хөшөөг нь босгосон байдаг.Шүтээнээ сэтгэлээсээ хайрладаг болсон.

Хятадад дахин одос үхрээ зарахаа ч больсон.Ахархан шуналаас болж үндэстнээрээ сүйрэх шахсан жишээ үүгээр дуусахгүй.Хятадын хорон санаа бусдын шунаг сэтгэл дээр тоглолтоо хийдэг юм.Дэлхийн хоёр бөхтэй тэмээний ерэн хувь нь Монголд байдаг байлаа.

Хятадууд тэмээний тавхайг өндөр үнээр авч эхлэсэн үеэс малчид тэмээгээ нядлан тавхайг нь Хятадуудад өгдөг болсноос Монгол тэмээ улаан номд орохоо шахсан.Тэмээ гэлтгүй чоно,тарвага,цоохор ирвэс,баавгай,хэрэм,үнэг,хярс гээд бүх амьтад улаан номд орох гэж байна.Бүх ан амьтныг хориотой болгосон.

Хориотой болгосон ч хядсаар,Хятад руу зөөсөөр л байна.Бүгд Хятадын бууны нохой,захиалгат алуурчин болцгоожээ.Амьтан хядаад зогсохгүй шарил чандрыг ч амар тайван байлгахаа болсон.Монголчуудын шуналыг хөдөлгөж Монголчуудын гараар бүхнийг хүйс тэмтрүүлсээр.

Мөнгөнд улангассан Монголчууд төрөл нэгтнээ ч нядалж Хятадад тушаахад бэлэн болжээ.Адуугаа тамлуулах юу ч биш.Аймшигтай юм гэвэл Хятад биш бид өөрсдөө аймшигтай юм.Сүлдэндээ залсан адуугаа дайсандаа өгч тамлуулан мөнгө тоолон суугаа бидэнд шүтээн бий гэж үү.

Х.Батжаргал

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!