ГЭРЭЭСЛЭЛ (Өгүүллэг)

🕔 2018/03/01 15:22

 

Нар голлохоос арай өмнөхөн Туул энгэртэй халуун савтай цайгаа тэвэрч нэг гартаа хуушуураа савчуулан шаргалтан үелзэх талын дундах босоо шар тоос руу чиглэн алхдагсан. Явах тусам үйсэн бөглөөний завсраар шуухитнан гарах цай хувцсыг нь норгож, бариул сэнж нь цээжийг нь холгосонч амрахгүй алхаж ирнэ. Охины бараанаар аав нь трактороо зогсоон бууж ирмэгцээ малгайгаараа өлөн шороо пургих хувцасаа гүвмэр аядаад хоол цайгаа авч газар тавин өргөстэй гэмээр хошуугаараа хацрыг нь шудраад авна. Хаврын элчилгүй наранд цэлгэр талын цас уурших нь тэртээх уулсын төрхийг нуух мэт жирвэлзэн, хүчит анжисны халбаганд хутгагдан гарсан газрын чийг сугсран тэрүүхэн хавийнхаа агаарыг зөөллөж амьсгалахад тааламжтай. Баадангаа задлан хээрийн хүний зангаар гараа ханцуйндаа арчмар болоод хөрч амжаагүй хуушууур шүүрэн авахад хурууных нь үзүүрийг тос долоож зөвхөн хурууны өндөг, шүд нь гялтганан харагдавч, Туул аавынхаа бөөрөнд наалдан хөлсний үнэр, жинхэнэ эр хүний үнэрийг мэдэрч суух дуртай байлаа. Дээд сургуульд орох болж аймгийн захын хамаг өнгөтэй өөдтэйгээр гоёж гоодоод төмөр замын вокзалын арын замыг хөндлөн гарахаар зогсож байхад автобусны араас ялгарах утааны үнэр их хотод ирлээ гэдгийг мэдрүүлэх шиг сонин сайхан санагджээ. Түүний суух байрны лифтинд насаараа тракторын жолоо мушгисан арилшгүй хар тосон судалтай мойног хуруу, хамраа даран маяглах хамт орж ирсэн шаавай бүсгүйн ганган манюкюртай хуруу 5-н тоон дээр зэрэг дарахад бүсгүйгээс гэрэвшсэндээ аав рүүгаа улам наалдаж билээ. Буцахдаа аав нь
-За, охин минь бид төдийгөөс өдий хүртэл сангийн аж ахуйн төлөө, сүүлийн хэдэн жил өөрсдийн амьжиргаагаа болгох гэж зүтгээд байна. Амиа аргацаах маягаар цаашид ингэж ажиллаж болохгүй нь. Чи л орчин үеийн шинэ арга барилыг хурдан сурч эзэмшээд нутагтаа ирж аж ахуйгаа цааш нь авч яваарай гэж захижээ. 
Туулд бие даан ганцаараа хэний ч хараат бус амьдрах нь таалагдаж эхлэв. Анх лифтинд таарсан хөршийн ганган бүсгүйтэй үй зайгүй болж амьдрал, аз жаргал, хайр дурлал бүгд зөвхөн хотод байдгыг ухаарлаа. Ухаарахдаа, намрын жиндүүхэн өдөр галлаагүй гэрийн хананаас сийгэх хүйтэн агаар, өвлийн хацар зүсэх мэт хайруу өглөө, банз нь дэнжигнэх модон жорлонгийн үнэрийг зовлонд тооцон мартаж орхижээ. Нуруу туруу тэгш тэрээр, царай зүсээ додомдон хэнийг ч дурлуулам сайхан бүсгүйн төрхтэй болж, нугасны муухай дэгдээхэй хун болон хувирсантай адил төрөл арилжин зөвхөн хунгийн чуулсан нууранд ганганах дуртай болов. Амьдралын хуурмаг, өнгөн талын төрхөд хэтэрхий автаж, өөрөө ч өнгөн дээрээ бусдаас хамаагүй дээр харагдахыг хичээх болжээ. 
Туул сургуулиа төгсөх жилээ тэр доод ангийнхаа хамгийн сэтгэл татам залуутай хайр сэтгэлийн холбоотой болж хөдөө гэртээ дагуулан очжээ. Гахайндаа өгөх хивэг зуурч байсан ээж нь шавхайнд чирдэг гутлаа майжиг гишгэсээр, урдуураа унжуулсан томоо гээчийн хормогчоо тайлан шидсэн ч энгэр хот, хормой нь тосонд идэгдэж халтартсан дээлтэйгээ гараа алдлан ирэхэд хичнээн их ичсэн гээч. Хашаандаа задласан трактороо угсрах ааваас нь тос, солярка үнэртэхэд ийм муухай үнэртэй билүү гэж анх удаа бодлоо. Багын түүнд сайн байдаг Борхүү аавынх машины дороос гарч ирсэн чигтээ тос, товуд болсон хар гараа сарвайхад хойш ухран Сайн уу? гэж үл мэдэг амандаа бувтнан нөгөөдөх чинь энэ гэж найз залуудаа хэлэхээс ичлээ. Долоо хонох төлөвлөгөөтэй байсан найз залуу нь хоёр ч хонолгүй хот руугаа яаран алга болсон нь Туулд маш эвгүй сэтгэгдэл төрж хөдөөг үзэн ядах болов. 
Мах мал зарах, ногоо борлуулах ажлаар аав ээж нь байсхийгээд л хот ирэх нь түүнд төвөгтэй санагдана. Ногоо тарьдаг гэсэн хятад гаралтай байх гэсэн цуу яриа сургуулиар тарснаас хойш ээжийнхээ ногоо борлуулах ажилд бүр туслалцахаа больж, тар тур хийх нь ихэслээ. 
-Хүнийг нөхдөөр нь шинж гэдэг урьдын үгтэй юм. Чиний энэ нөхөрлөөд байгаа улсууд ч дээ гэж ээжийгээ үглэхэд нь төвөгшөөн 
-Би одоо насанд хүрсэн. Өөрийнхөө амьдралыг өөрөө мэднэ гэж хэлээд гоёж гоодож аваад гараад явна. Ийм хүүхэд байгаагүй юмсан. Эвдэрч гүйцжээ хэмээн толгой сэгсрээд үлдэнэ. 
Сургуулиа төгсөнгүүт нь аав ирж,
- Нутагтаа очиж эзэмшсэн мэргэжлийнхээ хэргийг гаргаж аав, ээжтэйгээ хамт амьдар гэхэд малын шинхэг шавхайтай хутгалдахгүй гэж зөрөөд яваагүй билээ. 
Гэнэтийн тохиолдол болж аав нь өнгөрөхөд Туул ээждээ туслан хөдөө үлдсэнгүй, мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа нэрийдлээр хот руугаа явжээ. Ээж, охин хоёрын харьцаа улам л холдож байлаа. Байрны эзэд бололтой хүмүүс ирж үлдэгдэл 10 сая төгрөгийг хурдан олж өгөхгүй бол байраа буцааж авна гэж шамдуулж байсан үед нас тогтож яваа байрын дөлгөөн хүнтэй танилцлаа. Тэдний баранд орой болгон шахам ирэхдээ ганцхан Туулыг л хажуудаа суулган архи хундаглуулж хүндэтгэлтэй харьцдаг ч их л бийлэгжүү шинжтэй. Түүнийг Нямбаяр гэх ажээ. Хуульч мэргэжилтэй гэж танилцуулав. 
Нилээн хэдэн жилийн өмнө аав нь өнгөрсөн. Ээж нь мөн өнгөрөөд удаагүй байгаа. Хөдөө байдаг хэдэн мал, эвдэрхий техникт санаа зовохгүй харин байраа алдахгүй байхад туслаач гэж Нямбаяраас гуйлаа. Нөгөө хүн хэсэг бодлогширч байснаа
-Би чамд туслая. Чи надад туслах юм бол 10 сая төгрөг өгнө. Урьдчилгаа 7 сая. Тийм ч хэцүү ажил биш. Нэг компанийг чиний нэр дээр болгоно. Дараа нь миний нэр дээр шилжүүлж өгөөд гүйцээ. Харин асуудал үүсч компани миний нэр дээр шилжээгүй ч амласан мөнгөө өгнө. Холбогдон гарах зардлыг бүгдийг бүгдийг бид хариуцана. Чамд ямар санагдаж байна гэхэд
-Би чадна. Үзээд алдая гэлээ. 
Туулын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн компанийг шилжүүлсэн болох нь илэрч шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноожээ. Өмгөөлөгч болон бусад бүх асуудлыг Нямбаяр зохицуулсны хүчинд хорихоос өөр ял шийтгэл ноогдов. 
Үлдэгдэл 3 сая төгрөгөө Туулд авчирч өгөөд шүүхийн тогтоолыг аваад үүнээс хойш чи бид хоёр уулзах шаардлагагүй биздээ хэмээн салан одлоо. 
Сэлэнгэ аймгийн шүүхэд "Гэрээслэлийн шаардлага хангуулах тухай” гэж толгойлоод Гэрээслэл үлдээгч Аюуш, Байгальмаа нарын өв залгамжлагч охин А. Туул нь гэрээслэлд дурдсанаар "Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож” шийтгүүлсэн тул өв залгамжлах эрхгүй болж байна. Иймд гэрээслэл хүлээн авах эрхтэй дараагийн хүн болох Баярням миний биед ... банкны тоот дансан дахь 500 сая төгрөг, Сэлэнгэ аймаг дахь газар тариалангийн зориулалттай 500 га газар болон бусад эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг миний нэр дээр болгон шилжүүлэх шийдвэр гаргаж өгнө үү! хэмээн бичээд уртаар амьсгаа авлаа. 
Наймаахүү Нарантуул 2018 он

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!